Сассексийн гүн, ханхүү Харри өөрийн өвөө, хунтайж Филиппийг оршуулах ёслолд оролцохоор АНУ-аас өнөөдөр ганцаараа иржээ. Энэ тухай “Sun” сэтгүүл мэдээлэв. Хунтайжийн эхнэр Меган Маркл бие давхар тул эмчийн зөвлөсний дагуу Их Британи руу нисэхээс татгалзжээ. Сэтгүүлд бичсэнээр ханхүү Харри Лондонд ирснийхээ дараа Кенсингтоны ордны нутаг дэвсгэрт байрлах Ноттингемийн хоёр давхар жижиг байшинд амьдрах аж. Тэрбээр арав хоног өөрийгөө тусгаарлах дэглэмийг сахих ёстой ч түүнийг хунтайж Филиппийг оршуулах ёслолд оролцохыг хориглодоогүй байна. Их Британийн Засгийн газрын тогтоолын дагуу цартахлын үеэр гадаадаас ирж буй иргэд гэр бүлийн гишүүдийнхээ оршуулгад оролцохыг зөвшөөрдөг аж. Ханхүүгийн ойр дотнынхны мэдээлж байгаагаар Хатан хааны ач хүү Америкийн телевизийн хөтлөгч Опра Уинфритэй хийсэн гайтай ярилцлагын дараа гэр бүрийнхтэйгээ уулзах нь битгий хэл хайрт ээж Дианагийнхаа хөшөөний нээлтэд хүртэл ирэх төлөвлөөгүй байжээ. Үнэхээр ч түүнд эхнэр Меганы хамтаар тэрхүү ярилцлагаар олон нийтийн өмнө гэр бүлийнхээ нэр хүндийг гутаасны дараа хатан хааны нүүрийг харах хэцүүхэн л байх. Гэсэн ч өвөөгийнх нь нас барсан явдал түүнийг эх орондоо эргэж ирэхэд хүргэжээ.