Ираны цөмийн байгууламжид гарсан дэлбэрэлтийг Израиль зохион байгуулсан гэж New York Times сонин АНУ-ын засаг захиргааны эх сурвалжийг иш татан мэдээлэв.
Өмнө нь Израилийн радио,телевизийн “Кан” суваг “тагнуулын эх сурвалжуудыг” дурдан мэдээлэхдээ Натанз дахь цөмийн байгууламжид болсон дэлбэрэлтийн цаана Израиль улс байгаа гэжээ. Цөмийн байгууламжид хийсэн кибер халдлагад Моссад” (Израилийн үндэсний тагнуулын алба) оролцсон байна.
New York Times сонины эх сурвалж тэмдэглэснээр, үйл явдлын талаарх мэдээлэл бүрэн бус байгаа аж. Цөмийн байгууламжийн цахилгаан хангамж тасарсан явдал нь "нарийн төлөвлөсөн дэлбэрэлтийн" улмаас болсон гэж сонинд бичжээ. Америк, Израилийн тагнуулын албаны хүмүүсийн тус сонинд ярьснаар "Үүнд Израиль чухал үүрэг гүйцэтгэжээ”. Асар хүчтэй дэлбэрэлт дэлбэрэлт уран баяжуулдаг газар доорх центрифугийн үйл ажиллагааг дэмждэг "өндөр хамгаалалттай дотоод цахилгаан сүлжээг” устгасан байна. Нэрээ нууцлахыг хүссэн тус сонины ярилцагчид хэлэхдээ, дэлбэрэлт нь "Ираны уран баяжуулах үйл ажиллагаанд ноцтой хохирол учрууллаа" гэжээ. Натанз дахь байгууламжийн хэвийн үйл ажиллагаа дор хаяж есөн сарын дараа л сэргээх боломжтой гэж New York Times сонин бичжээ.
Wall Street Journal сонин Израилийн албаны хүмүүсээс Иранд болсон үйл явдлын талаар тодруулах гээд хариулт авч чадаагүй байна. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн алба ч энэ талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.
Дөрөвдүгээр сарын 11-ны Ням гарагт Ираны Цөмийн энергийн байгууллага Натанз дахь уран баяжуулах үйлдвэрт осол гарсан тухай мэдээлсэн юм. Ираны дэд ерөнхийлөгч, Ираны цөмийн энергийн байгууллагын тэргүүн Али Акбар Салехи уг явдлыг халдлага бөгөөд "цөмийн терроризм" -ын илрэл гэж мэдэгдсэн байна.