Өчигдөр буюу Ням гарагт /2021.04.11/ Киргизэд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай бүх нийтийн санал асуулга болж өнгөрлөө. Саналын хуудасны 98 хувийг боловсруулсны дараа киргизчуудын 79 гаруй хувь нь шинэ үндсэн хуулийг батлахаар саналаа өглөө гэж тус улсын СЕХ-ны мэдээлэв. Ингэснээр Киргиз улс ерөнхийлөгчийн засаглалтай болов. Тус улс Ерөнхийлөгч, засгийн газрын гаргасан шийдвэрт нөлөөлөх чадвартай, харьцангуй хүчтэй парламентын засаглалтай Төв Азийн цорын ганц улс байсан юм. Түүгээр ч зогсохгүй парламентын гишүүд нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг бие даан санал болгож батлах эрхтэй байв. Бүх нийтийн санал асуулгын үр дүнд тус улсын ерөнхийлөгч нь урьд өмнө нь эзэмшиж байгаагүй бүрэн эрхтэй болж, засгийн газраа бүрэн хянах, үүнд сайдуудыг томилох, өөрчлөх боломж олгогдож байгаа юм. Шинэ үндсэн хуулиар Киргизийн төрийн тэргүүн зургаан жилийн хугацаатай нэг удаа биш таван жилийн хугацаатай хоёр удаа нэр дэвших боломжтой болов. Харин хууль тогтоох байгууллагын эрх үүрэг эрс хумигдахын зэрэгцээ парламентын гишүүд хууль тогтоох эрхтэй бүтэц бүхий Ардын куралдайн (ардын их хурал) гишүүд гэсэн өрсөлдөгчтэй болох аж. Курултайн чиг үүргийг одоогоор эцэслэн шийдээгүй бөгөөд үндсэн хулхиар зохицуулж түүнийг нь парламент батлах ёстой аж.
Ням гарагт болсон бүх нийтийн санал асуулга нь орчин үеийн Киргизийн түүхэн дэх 9 дэх санал асуулга юм. Өмнөх санал асуулгаар мөн л шинэ Үндсэн хууль эсвэл түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай явуулж байсан. Ингэхдээ тэдгээр санал асуулга тухайн үеийн ерөнхийлөгчдийн ашиг сонирхолтой давхцаж байв. Киргизийн одоогийн Ерөнхийлөгч Садыр Жапаров ч үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачлагчдын нэг гэдгээ нуугаагүй байна.