Их Британи, Шведийн “AstraZeneca” вакцин болон цусны бүлэгнэлт үүссэн явдал хоорондоо холбоотой гэдгийг Европын эм бэлдмэл, вакцинжуулалтын стратегийн агентлагын (EMA ) тэргүүн Марко Кавалери батлан хэлжээ. “Цусны бүлэгнэлт үүссэн явдал эл вакцинтай холбоотой нь тодорхой Чухам юу ийм урвалыг үүсгэж байгааг бид одоогоор хэлж чадахгүй байна. Холбоо байгаа гэдгийг бид ойрын хугацаанд албан ёсоор мэдэгдэх болно. Харин яагаад ийм урвал үүсэж байгааг бид ойлгох хэрэгтэй байна” гэж тэрбээр Италийн Il Messaggero сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Өмнө нь тус агентлаг “AstraZeneca” вакцин хийлгэсэн хүмүүст цусны бүлэгнэл үүссэн талаарх мэдээллийн мөрөөр шалгалт хийсний дараа вакцин нь аюулгүй, үр дүнтэй бөгөөд ашиг тус нь эрсдэлийг давсан гэж мэдээлсэн юм. AstraZeneca вакцин хийлгэсэн хүмүүст гол төлөв тархины гол судаснуудад цусны бүлэгнэлт үүссэн тухай мэдээлэл гарсантай холбогдуулан Европын зарим улс урьдчилан сэргийлэх зорилгоор тус вакциныг ашиглахаа түр зогсоосон боловч EMA-ийн зөвлөмжийн дараа дархлаажуулалтыг үргэлжлүүлсэн билээ.