Английн Глостер хотын Кромвел гудамжны XXV байшингийн арын цэцэрлэгт энгийн хувцастай цагдаагийн ажилтнууд эрлийн ажил явуулж байлаа.Үүнээс өмнөхөн гэрийн эзэн Фред Вест цэцэрлэгээ тохижуулан засвар хийсэн тул хөршүүд нь “Усны хоолой эвдрээд сантехникийнхэн ирж дээ” хэмээ боджээ. Усан бороо цутгасан хоёр өдрийн турш цагдаа нар ажилласаар . . . Дээрээс нь нэмэгдэл хүч ирж байшингийн гадаа зогсоход тэр хавийнхан аймшигтай хэрэг болсныг гадарлажээ.
Гурван давхар, тохилог байшингийн эзэд болох Фред, Розмари нар олон хүүхэдтэй эхнэр нөхөр хоёр. Хөршүүд нь тэднийг жаахан сонин ч тусч хүмүүс гэж тодорхойлов. Гэвч эл байшингийн тухай элдэв яриа гараад уджээ. Ингээд 1994 онд л тэр элдэв яриа цагдаагийн ажилтны анхаарлыг татав. Тэрбээр мэдээллийг цуглуулсны эцэст арав гаруй хуудас илтгэл бэлджээ. Уг илтгэлд нотлох баримт нэг ч байгаагүй авч прокурорын газар Вестынхны гэрт нэгжлэг хийхийг зөвшөөрсөн байна. Цагдаагийн ажилтнууд анхаарлаа байшингийн арын цэцэрлэгт хандуулжээ. Фред Вестийг насанд хүрээгүй охиноо садар самуунд уруу татан амь насыг нь бүрэлгэсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаагаа цагдаагийнхан тайлбарласан байна. Фред, Розмари нарын том охин Хитер нь долоон жилийн өмнө хачирхалтайгаар ор сураггүй болсон байжээ. Багагүй хөрөнгө гаргаж цэцэрлэгээ тохижуулаад удаагүй байсан гэрийн эзэн цагдаагийнхныг шүүхэд өгч, хохирлоо барагдуулна гэж дарамтлав. Хоёр өдрийн турш усан бороог үл ажран хийсэн эрлийн үр дүнд шинжээч Бернард Найт зам болгон зассан том чулуун хавтангууд доороос эхлээд эмэгтэй хүний дунд чөмөгний яс, дараа нь араг яс олжээ. Хэрэв хэрэв алга болсон Хитер гурван хөлтэй л биш бол энэ цэцэрлэгт хоёр хүн булшлагдсан нь тодорхой болов.
Ингээд 1994 оны хоёрдугаар сарын 24-нд өдөр 50 настай, барилгачин Фредерик Вестийг баривчилжээ. Тэрбээр байцаалтын эхний өдөр л гурван хүн алснаа мэдүүлэн, мөрдөн байцаагчдыг алмайруулах нь тэр. Түүний мэдүүлснээр цэцэрлэгт том охин Хитер Вест, Фредийн нууц амраг Ширли Робинсон болон түүний найзын цогцос байв. Фредигийн нууц амраг гэх Ширли Робинсон алуулах үедээ долоон сартай жирэмсэн байжээ. Цагдаагийнхан гэмт этгээдээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг шаардсан ч Фред гэнэт мэдүүлгээ өөрчилж эхэлсэн байна. Тэрбээр эмэгтэйчүүдийг өөр хүн алсан гэж “будлижээ”. Алуурчин мэдүүлгээ хэд хэд өөрчилж байсан ч нэг л зүйлийг давтаж байлаа. Энэ бүх хэрэгт Рози ямар ч холбогдолгүй, тэр юу ч мэдэхгүй гэдгийг мэдүүлэг болгон дээрээ онцолж байв. Дээрх гурван аллага гэрийн эзэгтэйн хамар дор нь болж байхад мэдээ ч үгүй гэдэг хэр үнэмшилтэй вэ. Фреди “Аллагууд санамсаргүй болсон” гэж зүтгэсээр байлаа. Гэтэл гурав дахь цогцсоос олдсон эд баримтын нотолгоо огт өөрийг өгүүлж байлаа. Хохирогчийн толгой, эрүүнд суран оосор уяж, хүзүүнд нь төмөр хүзүүвч зүүсэн байжээ. Эдгээр зүйл бэлгийн гаж донтнуудын хэрэглэдэг зүйл гэдэг нь тогтоогджээ. Тиймээс мөрдөн байцаалтад сэтгэл зүйчийг оролцуулжээ. Тэрбээр бүх материалыг судалж үзээд Фред Вестээс цуврал алуурчны бүх шинж тэмдгийг илрүүлэв. Хэрэв Фред цуврал алуурчин бол түүний үйлдэл дээрх гурван хэргээр хязгаарлагдана гэдэгт сэтгэл зүйч эргэлзэж байгаагаа мөрдөн байцаагчдад хэлсэн байна.
Энэ үеэр Их Британийн хэвлэл мэдээлэл Кромвел гудамжны XXV байшинд болсон хэргийн талаар шуугьж байлаа. Зурагтын мэдээгээр хэргийн тухай сонссон нэг эмэгтэй мэдүүлэг өгөх хүсэлтэй байгаагаа цагдаагийн газарт хэлжээ. Тэр эмэгтэйн охин Линда Гоффман нь 1973 онд алга болоод олдоогүй бөгөөд хамгийн сүүлд Кромвэл гудамжны XXV байшин байсан тухай ярьжээ. Тухайн үед Вестийхэн зарим өрөөгөө хөлслүүлдэг байсан аж. Охин сураг тасрахад эх нь амьдарч байсан хаягийн дагуу очтол гэрийн эзэгтэй охиныг явсан гэжээ. Охины ээж гярхай хүн байсан тул Розмари охиных нь ноосон цамц, гэрийн шаахайг угласан байхыг анзаарчээ. Тэр бүү хэл хицэн дээр унтлагын хувцас нь хүртэл байхыг олж харсан байна. Гэвч Розмари охиныг зарим юмаа орхиод явсан хэмээн эмэгтэйг итгүүлж чадсан аж. Уг мэдээллийг хүлээж аваад мөрдөн байцаагчид Фредээс Линда Гоффманы талаар мөн эхнэр Розмари нь яагаад түүний хувцсыг өмсөж байсан талаар асуухад тэрбээр юу ч хариулаагүй байна. Удалгүй өөр нэгэн эмэгтэй цагдаагийнхантай утсаар холбогдон, мөн л Вестийн талаар мэдүүлэг өгч чадна гэв. Тэр бол Вестийн хүүхдүүдийн асрагч байсан Кэролин Робертс гэгч байлаа. Сэтгэл судлаач дээрх хоёр эмэгтэйн мэдүүлгийг анхааралтай сонсоод нотлох баримтууд Вестийн гэрт байна гэж тааварлан, хэргийн газар очив. Юуны түрүүнд гэрийн хойморт байрлах Розмаригийн залуугийн зураг түүний анхаарлыг татжээ. Розамаригийн царайн төрх хэнийг ч татах увдистай мэт харагдах аж. Энэ мөчид сэтгэл зүйч Фредийн эхнэр энэ хэрэгт холбоотой гэдэгт эргэлзэхээ больжээ. Мөн байшингийн хонгил сэтгэлийг нь сэрдхийлгэв. Олон давхар тоосго өрж, дуу нэвтрэхгүй тусгай материалаар доторлосон, нэг ч цонхгүй тэрхүү хонгилд юу ч хийж болохоор харагджээ. Мөрдөн байцаагчид Вестийн гэрт нарийн нэгжлэг хийхээр шийдэв.
Энэ үед Вестийн өмгөөлөгч мөрдөн байцаагч руу залган хэрэгтэн мэдүүлэг өгөхийг хүсэж буйг уламжилжээ. Өмгөөлөгч нэлээд сандарсан байдалтай байсан агаад мөрдөн байцаагчийг тайван байхыг хүссэн байна. Мөрдөн байцаагчдыг үнэхээр л цочроосон мэдээ хүлээж байлаа. Фредерик Вест өөрийнхөө үйлдсэн өөр есөн аллагын талаар мэдүүлэг өгчээ. Чингэхдээ тэрбээр эхнэрийгээ аанай л ямар ч холбогдолгүй гэсэн байв. Нэгжлэг анхны үр дүнгээ өгч эхэллээ. Эхнэр, нөхөр хоёрын унтлагын өрөөнөөс дүрс бичлэгийн нууц дуран, сонсох төхөөрөмжүүд гарчээ. Өрөөний нэг талын хана хэнд ч анзаарагдахааргүй давхар бөгөөд дунд нь өрөө шиг зай гаргасан байв. Тэр өрөөнөөс өөр эрчүүдтэй бэлгийн ажил хийж байгаа Розмаригийн бичлэгүүд олджээ. Хожим мөрдөн байцаалтын явцад Розамари тэдгээр эрчүүдтэй мөнгөөр унтдаг байсан нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, гэрийн эзэгтэй биеэ үнэлэгч байжээ. Тэдгээр хүмүүсийн дотор Розмаригийн төрсөн эцэг хүртэл байсан нь хачирхалтай.
Тун удалгүй хонгилоос зургаан хүний цогцос олдов. Нэг нь 1973 онд алга болсон Линда Гоффманых болох нь тогтоогджээ. Гэмт хэрэгтэн Глостер хотоос холгүй оршдог Марч Марпл тосгоны орчим гурван хохирогчийн цогцсыг нуусан гэдгээ хэлжээ. Түүний мэдүүлснээр тэнд Фредийн анхны эхнэр Рино Кастелли, түүний охин Шармель, мөн Риногийн найз Анна Макфоли нарынх аж. Дөрвөн өдөр эрж хайсны эцэст дээр дурдагдсан хохирогчдын хоёрынх нь цогцос л олдсон байна. Бяцхан Шармелийн цогцос олдсонгүй. Энэ аймшигт аллагуудыг гэмт хэрэгтний эхнэр болох Розамари мэдэж байсан нь илэрчээ. Тиймээс түүнийг хэргийн учир тайлагдтал саатуулахаар болсон байна. Мэдээж Розамари хэргээ хүлээгээгүй байна. Энэ эмэгтэй нөхрөө бодвол сэтгэл зүйн хаттай, ухаантай гэдгийг сэгэл зүйч мэдэрчээ. Тиймээс түүний буруутайг нотлох амаргүй гэдгийг хэн хүнгүй гадарлаж байв. Гэхдээ цагдаагийнханд Каролин Робертсийн мэдүүлэг байлаа.
Каролин Робертсын мэдүүлгээс:
-Би Вестийхэнтай 1974 онд танилцсан. Хувцсаа цэвэрлэгээнд өгөхөөр автобусны буудал дээр зогсож байтал машинтай хоёр хүн ирээд хүргэж өгөхийг санал болгосон. Би тэднийг гэр бүлийнхэн гэж бодоогүй. Учир нь эмэгтэй нь насаар нэлээд залуу, бас их царайлаг байсан. Харин нөхөр нь нүдэнд хүйтэн харагдсан. Бид замдаа ярилцаж, тэдэнд хүүхэд асрагч, харин надад амьдрах газар хэрэгтэйг аль аль нь ойлгосон. Маргааш нь гэхэд л би тэдний гэрт нүүж орсон. Тэднийх тэр үед гурван охинтой байсан. Эхлээд харахад жирийн л нэг айл. Тэднийд их олон эрэгтэйчүүд ирдэг байсан. Розмари тэдэнтэй байх хугацаанд би хүүхдүүдийг асардаг байлаа. Гэрийн эзэгтэй надад өөрийгөө иллэг хийдэг мэргэжилтэн гэж тайлбарласан юм. Хэцүү зүйл гэвэл нөхөр нь үргэлж шалиг зүйл ярьж миний дургүйг хүргэдэг байв. Шалиг байдал нь сүүлдээ хэрээс хэтэрсэн тул би тэднийхээс явах болсон. Сарын дараа би Фред, Розмари хоёртой дахин тааралдсан. Хүүхдүүд нь намайг санаж байгаа гээд, нөхөр нь хатуухан тоглосондоо уучлал хүсэж, намайг эргэж ирэхийг гуйсан . Би тэдэнд итгэн машинд нь суулаа. Фред гэнэт надаас “Чи онгон уу” гэж асуусан. Гэтэл Розмари миний хэвлий руу гараа явуулаад “Чамайг онгон уу, үгүй юу гэж байна шүү” гэж чангаар дуугарлаа. Түүний гарыг холдуулах гэтэл Фред толгой дундуур цохиход би ухаан алдсан. Тэгээд ухаан ороод хартал миний гар, хөл хүлээстэй, аманд алчуур чихсэн байв. Тэд намайг томоотой байвал хүлээг тайлж, цай уулгаж гэрт минь буцаана гэж хэлсэн. Үнэхээр хүлээг тайлан, цайгаа өгч, тамхиар дайлсан. Намайг тэдний бодож байсан хүн биш гэдгийг ойлгоод явуулах байх гэж найдаж байлаа. Гэтэл Розмари миний уруул дээр үнэсэх гэж оролдсон. Тэгээд тэр намайг хүчирхийлж эхэлсэн. Фред хэсэг харж байснаа хамтран хүчирхийллээ. Тэд намайг бүтэн хоёр өдөр тарчлаасан. Харин яагаад тавьж явуулсныг би одоо хэр нь гайхдаг. Магадгүй хэнд ч хэлэхгүй гэсэн амлалтад минь итгэсэн байж болох юм. Би тэнд үхэж болох байсан. Намайг алах хүсэл Розмаригаас илүү ихээр гарч байсан гэж хөөрхий бүсгүй ярьжээ. Каролин Робертс аймшигт хосын гараас амьд мултарсан цорын ганц эмэгтэй. Тэрбээр энэ хэргийн талаар цагдаагийн газарт мэдүүлсэн боловч, сэтгэцийн цочролд орсон байсан тул шүүх хуралд очиж чадаагүй ажээ. Шүүхээс Вестийхэнд бусдыг айлган бэлгийн дарамтад оруулж, хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж 100 фунтээр торгоод өнгөрчээ. Хэрэв тэр үед дээрх хэргийг нягтлан авч үзсэн бол аймшигт алуурчдын гарт 10 эмэгтэй амиа алдахгүй байхсан.
Баривчлагдсанаасаа хойш эхнэр, нөхөр хоёр анх удаа шүүх хурлын танхимд уулзжээ. Гэтэл Розмаригийн биеэ авч яваа байдал мөрдөн байцаагчдын гайхшралыг баржээ. Тэрбээр нөхрөөсөө нүүр бууруулан, нэг ч үг дуугарахгүй, биендээ ч хүргэхгүй байлаа. Энэ байдал Фредийг алмайруулсан гэдэг. Хоёр хоногийн дараа тэрбээр эхнэртээ захиа бичжээ. “Өнөөдөр чиний төрсөн өдөр. Хэдий чи минь дөч гарч байгаа ч анх учирсан шигээ л үзэсгэлэнтэй хэвээр харагдана. Төрсөн өдрөөр чинь өгөх бэлэг надад алга. Үлдсэн юм гэвэл ганцхан миний амь л байна” гэж захиандаа бичсэн байлаа. Маргааш өглөө нь шоронгийн хуягууд Фредийг гудасны даавуугаар боомилж үхсэн байхыг олжээ. Розмари зөв тооцсон байлаа. Хамгийн нандин итгэж байсан хүн нь өөрөөс нь нүүр бууруулахад сэтгэлийн тэвчээргүй Фред амиа хорлоно гэдгийг Розмари гадарлаж байж. Бүх үнэнийг Фред өөртэйгөө цуг там руу авч одов. Розмари дээрх аллагуудад буруутай гэдгийг шууд нотлох баримт байгаагүй учир тэрбээр шийтгэлээс мултарч болзошгүй байв.
Фредийн анхны эхнэрээс гарсан бяцхан Шармель охины цогцос олдоогүй л байв. Мөрдөгчид Вестийнхний өмнө нь амьдарч байсан Мидл-Роуд байшинд нэгжлэг хийжээ. Хохирогчийн цогцос энд л байх магадлалтай байсан тул бүх өрөөний ханыг нурааж, шалыг нь хуулж үзэв. Найман настай Шармелийн цогцос галын өрөөний шалан доороос олдсон байна. Хүний шүдэнд тухайн хүний асар их мэдээлэл хадгалагддаг аж. Шармелийн цогцсын шүдийг шинжилсний дүнд түүний үхсэн цаг хугацааг тогтоож чаджээ. Бяцхан охин Фредийг жижиг хулгайн хэргээр нэг жил шоронд сууж байх хооронд алуулсан нь тодорхой болов. Ийнхүү мөрдөн байцаагч тангарагтны шүүхийн өмнө Розмарийг дээрх аллагуудад буруутай гэдгийг нотлох хөдөлшгүй баримттай болжээ. Тэд мөн шүүх хурал дээр Каролин Робертсийг гэрчийн хувьд оролцуулсан байна. Глостер хотын шүүх Розмари Вестийг буруутайд тооцон, бүх насаар нь хорих ял оноожээ.
Фред болон Розмари Вест нар хэн байв?
Фред Вест бага насаа хөдөө фермд өнгөрүүлжээ. Хөдөөгийн хөвгүүдийн адил дунд ангиа төгсөлгүй сургуулиасаа гарсан байна. Багаасаа гарын дүйтэй байсан тул мужааны мэргэжил эзэмшжээ. Түүнийг авьяастай сайн мужаан, барилгачин байсан гэж ажиллаж байсан газрууд нь тодорхойлсон байдаг. Фредийг өсвөр насандаа сэтгэцийн цочролд орж байсныг сэтгэл судлаач илрүүлжээ. Түүний ээж үзэсгэлэнтэй, дураараа, эрч хүчтэй эмэгтэй байсан агаад нөхөр хүүхдүүдээ хатуу гараар атгадаг байсан гэнэ. Тэрбээр Фредийг 12 настай байхад өөртэйгөө хүчээр бэлгийн харилцаанд оруулсан байна. Энэ нь өсвөр насны хүүгийн бэлгийн цаашдын амьдрал болоод сэтгэцэд хар мөр үлдээсэн нь гарцаагүй. Тэрбээр өсөж, томрох тусам бэлгийн гаж хүсэлд автсаар байжээ. Фред 20 настайдаа өрөөсөө эгчмэд Рино Кастелли гэх биеэ үнэлэгч бүсгүйтэй гэрлэсэн аж. Найман жил хамт амьдрахдаа тэд хоёр охинтой болсон бөгөөд бага нь болох Шармель 20 жилийн дараа Мидл-Роуд гудамжин дахь байрны шалан доороос олдсон билээ. 1969 оны зун Фред автобусны буудал дээр нэг бүсгүйтэй таарч, анхны харцаар дурлажээ. Тэрбээр бүсгүйг дагасаар танилцаж амжсан аж. Бүсгүйг Розмари Летс гэдэг бөгөөд сургуулиа хаяад удаагүй нэгэн байв. Розмарийгийн цорын ганц хүсэл нь гэрээсээ явах байв. Ингэх шалтгаан түүнд байлаа. Царайлаг хөөрхөн охиныг төрсөн эцэг нь хүчинддэг болоод удсан байлаа. Хүүхнүүдийн арга эвийг олохдоо сайн Фред төд удалгүй охиныг өөрийнх болгож чаджээ. Тэгэхэд Фред 28 настай, харин Розмари 16 ч хүрээгүй байв. Тэднийг танилцаад удаагүй байтал Фредийн эхнэр Рино Кастелли гэнэт сураггүй алга болжээ. Эхнэрийг нь хаачив гэсэн хөршүүдийн асуултад Фред эхэндээ хариулдаггүй байв. Сүүлдээ нууц амрагаа дагаад Шотланд явсан гэж өчих болсон байна. Удалгүй Фред тэндээс явах хэрэгтэйг ойлгон, Глостер хотыг зорьсон байна. Ингэхдээ Розмарийг авч явжээ. Тэд Глостерт ирээд Розамарийг арван зургаан нас хүрмэгц гэрлэсэн байна. Тэд 22 жил хамт амьдарч, 9 хүүхдийн аав ээж болжээ. Мөрдөн байцаалтын явцад тэд охидоо хүчээр бэлгийн харилцаанд оруулж байсан нь тогтоогдсон юм. Том охин Хитерийг бэлгийн харьцаанд орохгүй гэснээс үү, эсвэл найз залуудаа эцэг эх нь өөрийг нь хүчинддэг тухай хэлнэ гэж айсан уу яагаад алсан шалтгааныг тогтоож чадаагүй аж. Үүний адил дагавар охин Шармелийг алсан шалтгаан ч тодорхойгүй. Чухам хэзээ яагаад аймшигт аллагыг хамтдаа үйлдэх болсныг хэн ч хэлж чадахгүй биз ээ. Хатагтай Розмари өнөөг хүртэл буруугаа хүлээгээгүй аж. Фредийн хувьд Розмари юу ч бичиж, зурж болох цэвэр цаас байсан нь мэдээж. Тиймээс Фред түүнд зааж, сургасан гэдэгт мөрдөн байцаагчид болон сэтгэл судлаачид эргэлздэггүй аж. Аймшигт алуурчдын гарт амь үрэгдсэн 12 эмэгтэйн цогцсод задлан шинжилгээ хийхэд бүгдийнх нь хөл, гарын хуруу дутуу, тойг нь байхгүй, хүзүү толгойд нь олс хүзүүвч уяатай байж. “Эхнэр нөхөр хоёр энэ аймшигт үйлдлээсээ юутай ч зүйрлэшгүй таашаал авч байжээ. Аллага,тамлалтыг хамтдаа хийж байгаадаа бүр ч илүү таашаалыг авдаг байсан аж. Тэд дараа нь энэ тухайгаа ярьж дурсдаг байсан нь гарцаагүй бөгөөд энэ утгаараа Розмари Фредэд аминаас нь илүү үнэ цэнэтэй байв” гэсэн сэтгэл судлаачийн дүгнэлт хавтаст хэрэгт хавсраатай байдаг аж. Гагцхүү тэр үнэ цэнэтэй нандин зүйл өрөөс нь урвана гэж Фред зүүдлээ ч үгүй биз.
гэрэл зургуудыг truecrimedaily.com-оос
1996 онд Кромвел гудамжны XXV байшинг цагдаагийн ажилтны хяналт доор тав хоногийн дотор газартай тэгшилжээ.