Японы баруун хэсгийн Осака мужийн эрх баригчид Олимпын бамбарын буухиаг тус засаг захиргааны нутаг дэвсгэр дээр явуулахгүй байхыг шаарджээ. Энэ тухай тус мужийн захирагч Хирофуми Ёшимура Пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. “Бид онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг оршин суугчдаас хүсэж байна. Осакад Олимпын бамбарын буухиаг явуулахгүй байх хэрэгтэй” гэж тэрбээр хэлжээ. Өмнө нь Японы Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Ясутоши Нишимура тус улсын баруун хэсэг болох Осака, Мияги, Хиого мужуудад коронавирусний халдварын шинэ тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн хязгаарлалтын арга хэмжээг чангатгахаар болсныг мэдэгдсэн байна. Сүүлийн мэдээллээр, Японд халдвар авсан нийт хүний тоо 475 мянга хүрч, 9189 өвчтөн нас баржээ.
Токиогийн Олимпын бамбарын буухиа Японы хойд нутгийн Фүкүшима мужаас гуравдугаар сарын 25-нд эхэлсэн юм. Бамбарын буухиа 121 хоног үргэлжлэх бөгөөд энэхүү үйл ажиллагаанд 10 мянга орчим тамирчин оролцох аж. Олимпын галыг долдугаар сарын 23-нд буюу Олимпын наадмын нээлтийн ёслол болох өдөр Токиогийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хүргэх юм. Харин Осакад төлөвлөгөө есоор Олимпын бамбарыг дөрөвдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд буухиалах ёстой аж.