3-р сарын 29-ний Даваа гарагийн оройноос Суэцийн сувгаар хөлөг онгоцнуудын хөдөлгөөн хэсэгчлэн сэргэжээ. Энэ талаар Египетийн Ерөнхийлөгчийн Далайн боомт ба Суэцийн сувгийг хөгжүүлэх зөвлөх Адмирал Мохаб Мамиш мэдэгдэв. 400 метрийн урттай, 224 мянга орчим тонн даацтай ачааны хөлөг онгоц Хятадаас Роттердам руу явж байгаад өнгөрсөн Мягмар гарагт /2021.03.23/ сувгийн 151-р км-т эрэг рүү хазайн гацжээ. Хөлөг онгоц сувгийг бөглөн гацсаны улмаас түгжрэл үүсэж, хэдэн зуун хөлөг онгоцны хөдөлгөөн саатсан байна. Сувгийг бүрэн чөлөөлөхөд дахин гурав хоног шаардлагатай гэж эх сурвалж мэдээлж байна. Суэцийн суваг бол дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй далайн худалдааны замуудын нэг бөгөөд урт нь 160 км, өргөн нь 250 метр, гүн нь 20 хүртэл байдаг. Сувгаар Европ, Азийн хооронд Африкийг тойролгүйгээр өдөрт 50 орчим хөлөг онгоц зорчдог аж. Bloomberg-ийн мэдээлж байгаагаар суваг бөглөрснөөс дэлхийн эдийн засагт өдөрт ойролцоогоор 10 тэрбум долларын хохирол учирсан байна.