Мьянмарт 3-р сарын 27-ны Бямба гарагт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 100 гаруй хүн амь үрэгджээ. Энэ тухай Rueters агентлаг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон гэрчүүдийг иш татан мэдээлэв. "Мьянмарын аюулгүй байдлын хүчнийхэн эсэргүүцлийн хөдөлгөөнийг харгис хэрцгийгээр дарах үеэр 114 хүн, тэдний дотор 5-15 насны дөрвөн хүүхэд амь үрэгдлээ" гэж агентлаг мэдээлэв. Энэ өдөр Мьянмарт тус улсын Зэвсэгт хүчин байгуулагдсаны ойг тэмдэглэсэн бөгөөд цэргийн засаглалыг эсэргүүцэгчид үүнийг "Цэргийн дарангуйллын эсрэг өдөр" болгож, улс орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. “Төрийн эргэлт гарснаас хойш энэ өдөр "хамгийн цуст" өдөр боллоо” гэж Мьянмар дахь НҮБ-ын төлөөлөгчийн мэдэгдсэн байна.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд Мьянмарын цэргийнхэн төрийн эргэлт хийн эрх мэдлийг гартаа авч, нэг жилийн хугацаатай онц байдал зарласан юм. Тус улсад 11 дүгээр сард болсон парламентын сонгуулийн үеэр луйвар хийсэн тул ийм шийдвэр гаргасан гэж цэргийнхэн мэдэгдсэн билээ. Удалгүй улсын ард иргэд цэргийн эргэлтийг эсэргүүцэн жагсаж эхэлсэн бөгөөд аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэсээр байгаа юм. Эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш амиа алдсан хүний тоо 429-т хүрсэн байна.