ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн удирдагч Жо Байденыг яриа хэлцлээ шууд нээлттэй хэлэлцүүлэг хэлбэрээр үргэлжлүүлэхийг урижээ. ОХУ-ын Гадаад хэргийн яам хэлэлцүүлэгт хэдийнээ бэлтгэж эхэлсэн бол Цагаан ордон Байденыг "тун завгүй" бөгөөд Путинтай “өмнө нь ярьчихсан” гэж мэдэгджээ.
Энэ сарын 17-нд АНУ-ын Ерөнхийлөгч Байден ABC телевизэд ярилцлага өгсөн байна. Сэтгүүлч түүнээс 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхийн тулд Москвагийн эрх баригчид өөрийн тагнуулын сүлжээг ашигласан тухай АНУ-ын тагнуулын газрын дүгнэлтийн талаар асуухад Байден 1-р сарын сүүлчээр Путинтэй энэ талаар утсаар ярьсан гэж хариулжээ. Тэрбээр “Бид удаан ярилцсан ... Би түүнийг харьцангуй сайн мэднэ. Би яриагаа “Би таныг мэднэ, та ч намайг мэднэ. Хэрэв би ийм зүйл болсныг би тогтоовол та бэлтгэлтэй байгаарай гэж яриагаа эхэлсэн ” гэжээ. “Тэрээр шангаа хүртнээ” гэж Байден төгсгөлд нь хэлсэн байна. Сэтгүүлч үргэлжлүүлэн “Тэгэхээр та Владимир Путиныг мэдэх юм байна. Та түүнийг алуурчин гэж бодож байна уу? " гэхэд "Тийм ээ, би зөвшөөрч байна" гэж Байден хариулжээ.
Үүний хариуд ОХУ-ын удирдагч Владимир Путин телевизээр ярихдаа ойрын өдрүүдэд АНУ-ын ерөнхийлөгчтэй видео холбоогоор нээлттэй мэтгэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. “Би энэ асуудлыг хойш нь тавимааргүй байна. Энэ амралтын өдрүүдээр би тайга явж амрахыг хүссэн. Тиймээс маргааш эсвэл Даваа гаригт боломжтой байсан. Бид Америкийн талд тохиромжтой цаг үед бэлэн байна "гэж Путин хэлсэн байна. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Ингэж эчнээ тулахгүйн тулд ... Бид харилцаагаа үргэлжлүүлэх ёстой. Өнгөрсөн удаа утсаар ярих санаачлагыг Ерөнхийлөгч Байден гаргасан юм. Энэ удаа би Ерөнхийлөгч Байденыг ярилцлагаа үргэлжлүүлэхийг уриалмаар байна. Гэхдээ бид үүнийг бодитоор, онлайнаар шууд хийх болзолтойгоор. Цаг алдалгүй, нээлттэй, шууд хэлэлцүүлэг хэлбэрээр” гэж Оросын төрийн тэргүүн онцолжээ. Энэ нь Оросын ард түмэнд ч, АНУ-ын ард түмэнд ч, бусад олон улс оронд ч сонирхолтой байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа Путин илэрхийлсэн байна. Өөрийг нь “алуурчин” гэсэн Байдены мэдэгдлийн тухай ямар байр суурьтай байгаа талаар асуухад Путин “Түүнд эрүүл энхийг л хүсье дээ. Тоглоом ч үгүй ” гэж хариулжээ. Ихэвчлэн хүмүүс өөрсдийн чанарыг бусдад тохох дуртай бөгөөд дараа нь тэдний үйлдлийг үнэлэхдээ үүн дээр тулгуурлах хандлагатай байдаг гэж Путин нэмж хэлсэн байна . “Бид хүүхэд байхдаа тоглож байгаад хоорондоо маргалдахдаа "Хэн хүнийг муугаар дуудна түүгээрээ өөрөө нэрлэгдэнэ" гэдэг байсан. Энэ бол зүгээр нэг хүүхдийн хэлц үг биш юм. Үүний сэтгэлзүйн утга нь маш гүн гүнзгий юм. Бид өөр хүнээс өөрийнхөө чанарыг үргэлж олж хардаг, тэгээд тэр хүнийг өөртэйгөө адилтгаж бодоод түүн дээрээ үндэслэн тухайн хүний үйлдэлд үнэлэлт өгдөг "гэж ерөнхийлөгч хэлжээ. Ингэхдээ тэрбээр АНУ-ын эрх баригчид Америк тивийн уугуул иргэдийг хэрхэн хоморголон хөнөөсөн, дэлхийн хоёрдугаар дайны үед Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөгөөр энгийн номхон иргэдийг бөөнөөр нь устгасан зэрэг түүхэн баримтуудыг дурдсан байна.Түүнчлэн Путин Орос улс өөрийн давуу эрхээ хамгаалж чаддаг бөгөөд өөрсдийн сонирхсон салбарт мөн өөртөө ашигтай гэж үзсэн нөхцөлөөр АНУ-тай хамтран ажиллах болно гэж мэдэгдэв. “Тэд үүнийг хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй болно. Бидний хөгжлийг зогсоох гэсэн бүх оролдлогыг үл харгалзан, хориг арга хэмжээ, доромжлолыг үл харгалзан тэд үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Бид үндэснийхээ ашиг сонирхлыг тооцон, дэлхийн бүх улс орон, тэр дундаа АНУ-тай харилцаагаа хөгжүүлэх болно "гэж ОХУ-ыг Ерөнхийлөгч дүгнэжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яам нээлттэй хэлэлцүүлэгт хэдийнээ бэлтгэж эхэлсэн бол Цагаан ордон Байденыг "тун завгүй" бөгөөд Путинтай “өмнө нь ярьчихсан” гэж мэдэгджээ.