Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) AstraZeneca вакциныг үргэлжлүүлэн хэрэглэхийг зөвлөж байгаагаа мэдэгджээ. "Одоогийн байдлаар ДЭМБ AstraZeneca вакцины ашиг тус эрсдлээс давсан гэж үзэж байгаа бөгөөд вакцинжуулалтыг үргэлжлүүлэхийг зөвлөж байна" гэж мэдэгдэлд бичжээ. ДЭМБ-ын Вакцины аюулгүй байдлын хороо "AstraZeneca вакцины аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг нягт нямбай шалгаж байгаа" бөгөөд энэхүү үнэлгээг хийж дуусаад " үр дүнгийн талаар ДЭМБ олон нийтэд нэн даруй мэдээлэх болно" гэж онцлон тэмдэглэсэн байна.
"Европын холбооны зарим улс вакцин хийлгэсэн хүмүүст цусны бүлэн үүссэн ховор тохиолдлыг үндэслэн урьдчилан сэргийлэх зорилгоор AstraZeneca вакцины хэрэглээг зогсоосон” мэдээллийг ДЭМБ анхааралдаа авчээ. Тус байгууллага вакцины аюулгүй байдлын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийн талаар Европын эмийн агентлаг (EMA) болон дэлхийн бусад зохицуулагч байгууллагуудтай тогтмол холбоотой ажиллаж байгаагаа мэдэгдэлд дурдсан байна.
AstraZeneca вакцины аюулгүй байдлын талаар Европын эмийн агентлаг өнөөдөр шийдвэрээ гаргана.