Хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн болон өөр хэрэгт холбогдон БНХАУ-д ял шийтгүүлсэн гурван хүнийг эх оронд нь шилжүүлэн авчирчээ. Хоёр улсын хооронд байгуулсан ялтан солилцох гэрээний дагуу ийм ажиллагаа хийсэн аж. Өдгөө тэднийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт цар тахлын халдвараас сэргийлэх хүрээнд тусгаарлан ажиглаж буй гэнэ.
Тэдний хоёр нь болох Б.Т, Н.Д нар мансууруулах бодих их хэмжээгээр тээвэрлэсэн хэрэгт холбогдон өмнөд хөршид удаан хугацаагаар хорих ял шийтгүүлсэн юм байна. Албаны эх сурвалжуудаас энэ талаар тодруулахад “ХЗДХЯ-ныхан л үүнд хариулт өгөх ёстой. Нэр бүхий гурван иргэнийг энэ сарын 6-нд эх оронд нь шилжүүлэн авчирсан нь үнэн” гэсэн хариулт өгсөн юм.
ХЗДХЯ-ныхнаас энэ талаар тодруулахаар хандсан боловч ямар нэг хариулт өгсөнгүй.
Зарим эх сурвалжийн хэлснээр БНХАУ-ын тал хар тамхины хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийг шилжүүлэн өгөхдөө нэлээд цааргалдаг болсон гэнэ. Учир нь “Дэлхий нийтээр мансууруулах бодистой тэмцэж, гэмт хэргийг илрүүлэн хатуу хариуцлага тооцож байгаа. Гэтэл танай улс шилжүүлэн авсан, энэ төрлийн хэрэгт шийтгүүлсэн хүмүүсийнхээ ялыг гүйцэд эдлүүлэлгүй, удалгүй суллачихдаг. Эрүүгийн хуулийн чинь оноож буй ял шийтгэл хэт хөнгөн” гэж өмнөд хөршийн талынхан өгүүлж, хар тамхины хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийг шилжүүлэн өгөх дургүй болсон гэнэ.