УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат тэргүүтэй хэд хэдэн айлын үнэт эдлэлийг хулгайлж, олон сая төгрөгийн хохирол учруулсан Т.Хүрэлжанжин, БНСУ-ын иргэн Бак Жон Ёог (Bak Jong Yeoug) нарт холбогдох хэргийг МБА-ны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст дахин шалгаж дуусаад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Шүүх өнгөрсөн долоо хоногт урьдчилсан хэлэлцүүлгийг нь хийгээд Улсын дээд шүүхээс даалгасан ажиллагаануудыг нэмж шалгаж дууссан гэж үзэн гэм буруутай, эсэхийг нь баасан гарагт хэлэлцэхээр товлов. БНСУ-даа 12 дуаа гэмт хэрэг, зөрчилд холбогдон шийтгүүлж байсан Бак Жон Ёог, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй Т.Хүрэлжанжин нарт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5-7 жил хорих ял 2019 оны нэгдүгээр сард шийтгэж байсан юм. Гэвч Улсын дээд шүүхэд хохирогч Л.Гүндалай, эхнэр Л.Аззаяа, шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон аж. Учир нь дээрх нэр бүхий хохирогчдын алдсан зарим эд зүйл олдоогүй, тэд гомдолтой гэсэнд үндэслэн нэмж шалгасан гэнэ. Түүгээр ч зогсохгүй МБА-ны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн уг хэргийг шалгасан мөрдөгчдийг ч хэрэгт сэжиглэн АТГ-т шалгуулсан юм билээ.
Бэлтгэсэн: Д.Дайчин