Шүүхээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хориглосон этгээд дахин хар тамхи хэрэглэжээ. Шүүхээс тогтоосон хязгаарлалтын хүрээнд прокурорын байгууллагаас зарим иргэнд хяналт тавьж, хар тамхи хэрэглэсэн, эсэхийг гэнэтийн байдлаар шалгадаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон 14, хязгаарлалт тогтоогоогүй найм, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж хорих ялаас хугацааны өмнө суллагдсан нэг, ял шийтгүүлсэн ч тогтоол биелүүлэхийг хойшлуулсан нэг, нийт 23 хүн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтад бий. Хан-Уул дүүргийн Прокурорын газар, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран хоёр удаа хэсэгчлэн зохион байгуулжээ. Ингэхдээ хяналтад байгаа иргэдийг тест авч шалгасан аж. Шалгалтаар нэг иргэнээс мансууруулах төрлийн бодис илэрсэн тул гаргасан зөрчлийг шалгуулахаар тус дүүргийн Цагдаагийн газарт шилжүүлсэн байна.