УИХ-ын нэр бүхий гишүүн яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Тэд ҮАБЗ-д ажилладаггүй ч тус байгууллагын үнэмлэхтэй Б.Баасанцогт болон түүнээс мөнгө авсан гэх шүүгчдийн талаар байр сууриа илэрхийллээ. Шүүгч нар өмгөөлөгчөөс мөнгөн авсан гэх хэрэг нэгэнт ил болсон. Тухайн хэргийг илрүүлдэг, шалгадаг, ял төлөвлөдөг тусгай газар бий. Угаас шалгаж ч буй. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ч.Ундрам, Г.Дамдинням, Б.Баярсайхан, Ц.Сандаг-Очир нар зарим шүүгч рүү дайрч давшилж илт улстөржив. Мөн 2021 оны нэгдүгээр сарын 15-нд баталж, гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн Шүүхийн тухай хуулийн хэрэгжилт удаашралтай байна гэх зэргээр өөлөв. Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт нэн даруй шүүгч нарыг шалгахыг шаардаж албан бичиг илгээнэ гэв. Улмаар уг асуудлыг шүүхээр эцэслэн шийдээгүй байхад "Шүүгч, өмгөөлөгч нар ял төлөвлөдөг, ярилцдаг, хэргийг хойшлуулдаг болж, хонгил нураагүй юм байна. Шүүх байгууллага мөнгөний сүлжээнд оржээ. Хуулийн байгууллага хувийн өмчийг дээрэмдэж байна. Прокурорын байгууллагад хандана. ҮАБЗ-өөс тайлбар нэхнэ. Шударга ёс тогтооно" гэх зэргээрцөөн хүний асуудлыг нийтэд халдааж улстөржлөө. Тэдний үйлдэл нь шүүхийн байгууллага, нийт шүүгч нарын нэр хүнд, хараат бус байдалд бүдүүлгээр зөрчиж буй хэрэг гэдгийг зарим хуульч шүүмжилсэн. Тэд дээрх асуудлыг шуурхай шалгуулах, шалгалтын явцыг анхаарах ажлын хэсэг байгуулсан гэнэ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ахалж байна.