Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ шинжээчид энэ сарын 16-нд Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран гарган авсан Их Британи-Шведийн “AstraZeneca”компанийн коронавирусийн эсрэг вакцины аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр болсон тухай тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебресиесус мэдэгджээ. "ДЭМБ-ын вакцины аюулгүй байдал хариуцсан шинжээчдийн комисс мэдээллүүдийг судалж, Европын эмийн агентлагтай нягт холбоотой ажиллаж байгаа бөгөөд маргааш уулзалт зохион байгуулна" гэж тэрбээр хэлэв.
“AstraZeneca” вакциныг хийсний дараа цусны бүлэн үүссэн тохиолдол гарсан гэх мэдээлэлтэй холбогдуулан гуравдугаар сарын эхэн үеэс хойш Европын 15 орчим улс уг вакциныг хэрэглэхээ түр зогсоосон юм. Үүний дараа Европын эм бэлдмэлийн хяналтын газрын мэдээлснээр гуравдугаар сарын 12-ны байдлаар АстраЗенека вакцин тариулсан гурван сая хүнд цусны бүлэн үүссэн 22 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь вакцин хэрэглэсэнтэй холбоогүй гэж холбогдох албаныхан мэдэгдсэн ч нас баралтын шалтгаануудыг үргэлжлүүлэн судлаж байгаа аж.