Арилжааны банкууд “Зээл өгье, авах хүн байна уу” хэмээн олон нийтээс асуун, иргэд ч тун их сонирхож байна. Тодруулбал, өнгөрсөн баасан гаргийн 12.00 цагт Баянгол дүүрэгт байрлах “Голомт” банкны салбараар ороход зээлийн эдийн засагчидтай нь уулзахаар дугаарласан хүн олон байв. Тэд Засгийн газраас хэрэгжүүлэх эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, иргэдэд олгох жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 50-500 сая төгрөгийн зээл авах сонирхолтой явааг ярианаас нь ойлгосон. Ямар бичиг баримт бүрдүүлж ирэхээ лавлан, тэмдэглэж дууссан Сонгинохайрхан дүүргийн VII хорооны иргэн Б.Тунгалаг ийн ярив. “Би Баянгол дүүрэгт ажлын байр түрээслэн, оёдлын цех ажиллуулаад 10 орчим жил болж байна. Хоёр ажилчин тогтмол цалинжуулж, ачаалал ихэсвэл 1-2 хүн хөлсөлдөг. Багадаа найм, болбол 10-12 сая төгрөгийн зээл авчихвал ажлын байраа өргөжүүлж, оёдлын сүүлийн үеийн машинууд, тоног төхөөрөмж авах санаатай. Тэгвэл 4-5 хүнийг байнга цалинжуулж, тогтвортой ажиллах боломж бүрдэнэ. Манайх уул уурхайн компаниудад ажлын хувцас, хантааз, бээлий нийлүүлдгийн зэрэгцээ дээл оёж хүмүүст танигдаж буй. Хамгийн гол нь бид НӨАТ төлөгч биш учраас аж ахуйн нэгжийн зээл олдохгүй юм байна. Хувь хүн гэж хандах гэхээр ипотекийн зээлийн орон сууцтай учраас барьцаа хөрөнгөгүй гэсэн үг. Тиймээс хүүгийнхээ хашаа, байшинг ч болов нэр дээрээ шилжүүлж, зээл авахаар хөөцөлдөнө” гэв.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн VI хороонд үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, зоогийн газрын эзэн М.Мөнхчимэг “Манай компани ажлын байраа барьцаалж бизнесийн зээл авсан. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийг сонирхож үзвэл орлого, ашгаас нь зээл төлөх чадварыг нь тооцон, шаардлага хангаж байвал нэмж авч болох юм билээ. Бид НӨАТ төлөгч, татварын тайлангаа бүрэн өгсөн. Гэхдээ барьцаа хөрөнгө хүрэхгүй байх магадлалтай. Тэгвэл Зээлийн батлан даалтын санд нь хандана даа” гэв.
Барьцаа хөрөнгөгүй, гэр бүлээрээ ажилладаг, хүн цалинжуулдаггүй жижиг, бичил бизнес эрхлэгчид зээл авах тухай бодолтгүй гэдэгтээ итгэжээ. Тухайлбал, лангуу түрээслэн наймаа хийгчид, гадаа зогсон бараа, бүтээгдэхүүн борлуулдагчид, ТҮЦ ажиллуулдаг хүмүүс, мөн түрээсийн байранд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон загас, амьтны дэлгүүрийн эзэд зэрэг хүн зээлийн шаардлагад нийцэхгүй гэдгээ хэлсэн. Тэд шаардлага гарвал багадаа сарын 3-4 хувийн хүүтэй зээлийг банк бус санхүүгийн байгууллага, ломбард, хувь хүнээс авч “хөдөлдөг” учраас 0.6 хувийн хүүтэй зээл авбал хэчнээн ашигтай байх вэ хэмээн ярьж байна. Гэсэн ч тэдний олонх нь ипотекийн зээлтэй, хашаа, байшинг нь банкныхан бага үнэлдгээс барьцаа хөрөнгийн шаардлага хангадаггүй байна. Зээлийн батлан даалтын сан иргэдэд дэмжлэг үзүүлэхгүй учраас бага хувийн зээл авч, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөл дээрээ босох итгэл алга гэлцэж байв. Гурван хувийн хүүтэй зээл авах хүсэлт гаргаж буй иргэд, аж ахуйн нэгжүүдээс хэдэн хувь нь шалгуур хангахаар байгаа талаар ХААН банкны зээлийн эдийн засагчаас тодруулахад салбарын байршил, нэрээ нууцлахыг хүссэн тэрбээр “Зээлийн хүсэлтийг л хүлээн авч буй, судалгааны ажлыг ч бараг эхлүүлээгүй тул хэлэх боломж алга. Ер нь зээл авах сонирхлоор өдөрт ханддаг иргэд, аж ахуйн нэгжийн тоо өдгөө хэвийн үеийнхээс бараг 60 хувиар өссөн. Өргөдлүүдийг нь анзаарвал зээлийн зарцуулалтаа зөв бичээгүй нь олон байна. Уг хөнгөлөлттэй зээлээр эргэлтийн хөрөнгөө өсгөх, ажлын байраа хадгалах, нэмэх болон түрээс төлөх зэрэгт зарцуулахаас тоног төхөөрөмжөө шинэчилж, үйлдвэрлэлийн зориулалттай хөрөнгө худалдан авахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв зээл аваад зохих ёсоор нь зарцуулаагүй бол гурван хувийг нь өсгөн, жирийн зээлийн хүүгийн хэмжээнд хүргэх заавар бий. Үүнийг л анхаарах учиртай болов уу. Тавьж буй шалгуурт нь нийцнэ гэж өөрсдийгөө тооцсон иргэн, аж ахуйн нэгж бүр зээл авах хүсэлтээ ирүүлэх боломжтой. Бүрдүүлэх материалын талаарх мэдээллүүд банкуудын цахим хуудас бусад сувагт хангалттай бий” гэлээ. Дээр хэдхэн жишээ дурдсан ч хөнгөлөлттэй зээл авах шалгуурт нийцэх иргэн, аж ахуйн нэгж олон биш байх магадлалтай байна. Учир нь Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэнчлэн Монгол Улсад 94 500 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буйгаас 97 гаруй хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгч ангилалад багтдаг аж. Тэдгээрийн 80 орчим хувь нь худалдаа, үйлчилгээний салбарт ажилладаг. Тэдний олонх нь түрээсийн байртай буюу барьцаа хөрөнгө гаргах боломжгүй гэхэд болох нь. Хэдийгээр Зээлийн батлан даалтын сангийн дэмжлэгтэйгээр барьцаа хөрөнгөний 40 хувийг л өөрсдөө гаргаж болох ч 10-аас доош хүн ажиллуулдаг цех, жижиг үйлдвэр, түрээслэгчдэд зээлийн барьцаанд тавиагүй үл хөдлөх хөрөнгө ховор нь анзаарагддаг. Иргэдийн хувьд ч эрхэлдэг бизнес нь лангуу, дэлгүүр, зоогийн газар түрээслэн бараа, үйлчилгээ борлуулах нь түгээмэл. Тэд мөн л ипотекийн, эсвэл хашаа, байшингаа тавьсан бизнесийн зээлтэй учраас барьцаа хөрөнгө гаргах шалгуурт бүдрэх магадлал өндөр байна.