Хүн худалдаалах гэмт хэргийн талаар иргэд зөв ойлголт, мэдээлэлгүйн улмаас хохирогч болох эрсдэл өндөр байгааг цагдаа болон энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд анхааруулах боллоо. Хүн худалдаалах гэмт хэрэг гэхээр харь хол санагдаж байсан бол өдгөө Монгол Улсад хүрээгээ тэлсээр. Манай улс 2002 оны Эрүүгийн хуульдаа анх удаа “хүн худалдаалах” гэсэн зүйл заалт оруулсан юм. Ингэснээр энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнд тохирох ял шийтгэлийг ногдуулж иржээ.
Одоогийн байдлаар хүн худалдсан 50 орчим гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Энэ нь Монгол Улсад хүн худалдах гэмт хэрэг хэр их гарч байгааг нотолсон баримт юм. Нөгөө талаас дэлхийн улс орны Засгийн газар хүн худалдаалах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа талаар АНУ-ын Төрийн департаментаас жил бүр тайлан гаргадаг. Үүнд манай улс 2006 оноос тайлангаа өгч эхэлжээ. Өөрөөр хэлбэл, жил бүр манай Засгийн газар хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хохирогчоо хамгаалж, хэргийг шийдвэрлэж, бусад улстай хамтран ажиллаж буй, эсэхээ шалгуулдаг гэсэн үг. Хүн худалдаалах асуудлын төлөв байдлын 2020 оны тайланд дурдсанаар “Монгол Улсын Засгийн газар хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсооход ихээхэн хүчин чармайлт гаргаж буй учир хоёрдугаар шатлалд хэвээр үлдсэн. Тухайлбал, өмнөх тайлант үеийнхээс олон гэмт этгээдийг яллаж, илүү олон хохирогчийг илрүүлсэн” гэжээ. Түүнчлэн хүн худалдаалах гэмт хэрэгтнүүд Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоод, гадаадын хохирогчдыг мөлжиж, мөн хилийн чанад руу худалдаж байна. Гэмт этгээдүүд хохирогч болсон гадаад иргэдийг Монголоор дамжуулан Орос, Хятад зэрэг улс руу худалддаг байж болзошгүй. Монголын хүүхэд, иргэдийг албадан хөдөлмөрлүүлэхээр БНХАУ, Казахстан, Норвег, Швед, БНТУ руу, бэлгийн мөлжлөгт ашиглахаар Бельги, Камбож, БНХАУ, ХБНГУ, Хонконг, Япон, Макао, Малайз, Филиппин, Өмнөд Солонгос, Швед, БНТУ, АНУ руу болон улс дотроо худалдаж байна хэмээн дурджээ. Энэ нь хүн худалдаалах гэмт хэрэг дотоодод төдийгүй гадаадад ч “гаарч”, бусдын эрхшээлд орсон олон охин, эмэгтэйд тусламж хэрэгтэйг харуулсан өөр нэг баримт юм.
Нэг хэсэг бид “Охид оо хаана нуух вэ” хэмээн сандарцгааж байлаа. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн олонх нь насанд хүрээгүй охид байсан учраас тэр. Харин одоо хаана ч нуугаад нэмэргүй, гэмт этгээдүүд дэлгэцийн цаанаас ч охид, хүүхдүүдийг минь “олзлох” боломжтойг мэддэг болсон. Харин тэдэнд бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн талаар зөв ойлголт өгч, өөрийгөө болон найз нөхдөө хамгаалах чадвартай, мэдлэгтэй болгох нь хамгийн сайн “нуувч” байж мэдэх нь.
Охид, эмэгтэйчүүдийг эрхшээлдээ оруулан, бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж ашиг олдог найман бүлгийн 18, гадаад улсад ажил зуучлах нэрээр хуурч мэхлэн, хил нэвтрүүлэн худалдсан нэг бүлгийн дөрвөн этгээдийг тус бүр илрүүлж, нийт есөн хэрэгт холбогдсон 22 хүнд шүүхээс 3-26 хүртэлх жил хорих ял шийтгэсэн байна. Урьд жилүүдтэй харьцуулахад манай улсад хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх, хохирогчийг олж тогтоох, гэмт этгээдэд ял ногдуулах байдал сайжирсныг мэргэжилтнүүд хэлж буй. Тодруулбал, Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэргийн илрүүлэлт 40 хувиар сайжирсан мэдээллийг албаныхан онцолсон. Гэвч энэ нь хэсэг бүлэг хүн эл төрлийн гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үйлдэж, охид, эмэгтэйчүүдийг эд хэрэгсэл мэт “ашиглаж”, хялбар замаар мөнгө олох арга болгосоор буйг харуулж байна. Өнгөрсөн онд шүүхээс шийдвэрлэсэн бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн нэгэн жишээг энд сэрэмжлүүлэг болгох үүднээс товч хүргэе. 1977 онд төрсөн 44 настай эрэгтэй Б нь 15 болон 16 настай хоёр охиныг хүч хэрэглэн биеийг нь үнэлүүлжээ. “Би өдөрт дунджаар 200-300 мянган төгрөг олдог байсан ч надад өгдөггүй, зодож дарамтлан зочид буудалд хүчээр хорьж, хүмүүстэй бэлгийн харилцаанд оруулдаг байсан” гэж хохирогч охин цагдаад мэдүүлсэн байна. Нөгөө охиныг мөн адил хүчээр биеийг нь үнэлүүлсэн ч ямар ч мөнгө өгөөгүй гэнэ. Энэ хэргийг үйлдсэн Б-г бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан, тээвэрлэж, орогнуулж, хүүхэд гэдгийг нь мэдсээр байж хоёр түүнээс дээш олон хүнийг худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхээс долоон жил хорих ялаар шийтгэжээ.
Сургалт, байрны төлбөрөө өөрөө олох тэр ч бүү хэл, шинэ хувцас, гоёл худалдаж авах гэсэн насанд хүрээгүй охидын гэнэн бодол, эдийн засгийн боломжгүй байдалд нь дөрөөлөн эрхшээлдээ оруулж, хорьж, цагдан, хүчээр биеийг нь үнэлүүлэх бусармаг явдлын золиос та бидний үр хүүхэд болох ёсгүй. Тэднийг хамгаалах, гоё сайхан харагдсан болгонд итгэж болохгүйг багаас нь зааж сургах, хэлж ойлгуулах цаг иржээ. Нэг хэсэг бид “Охид оо хаана нуух вэ” хэмээн сандарцгааж байлаа. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн олонх нь насанд хүрээгүй охид байсан учраас тэр. Харин одоо хаана ч нуугаад нэмэргүй, гэмт этгээдүүд дэлгэцийн цаанаас ч охид, хүүхдүүдийг минь “олзлох” боломжтойг мэддэг болсон. Харин тэдэнд бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн талаар зөв ойлголт өгч, өөрийгөө болон найз нөхдөө хамгаалах чадвартай, мэдлэгтэй болгох нь хамгийн сайн “нуувч” байж мэдэх нь.
Аав, ээж, асран хамгаалагчид бид үр хүүхдээ насан туршид нь дагаж, хаа явсан газар нь хамт байж чадахгүйгээс хойш өөрийгөө хамгаалах “зэвсэг”-ийг гарт нь атгуулъя. Тэр “зэвсэг” нь хэн ч, хэзээ ч булааж авч чадахгүй мэдлэг, мэдээлэл юм. Ялангуяа цахим орчин, сургууль, найз нөхдийнх нь хүрээнд ч үйлдэгдэж болох бэлгийн болон бие махбодын хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэг, элдэв бусармаг явдлаас хол байлгах, түүнийг таньж мэдэх, эрсдэлийг ойлгох чадвар суулгая. Бэлгийн боловсролын талаар хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцах нь ядаж л өөрийн биеийн аль хэсэгт хэн хүрч болох, үгүйг мэддэг болоход нь нэмэртэй юм. “Нүдэнд харагдахгүй байж болох ч гэмт этгээдүүд идэш хайх цөөвөр мэт тэнүүчилж буйг мартаж болохгүйг цагдаагийн байгууллагынхан анхааруулсан. Тэд эцэг, эхийн хараа хяналт сул, амьдралын боломж тааруу, аав, ээж нь салсан, мөнгөний хэрэгцээ гарсан зэрэг ямар нэгэн шалтгаантай хүүхдүүдээс гадна энэ талын мэдлэг, мэдээлэлгүй охид, эмэгтэйчүүдийг амархан олзолдог байна. Насанд хүрээгүй хүүхдүүд бэлгийн мөлжлөгийн хохирогч болж буй шалтгааныг нь авч үзэхэд эцэг, эхийн таарамжгүй харилцаа, гэр бүлийн салалт, ядуурал, мэдээлэлгүй байдал хамгийн их нөлөөлдөг аж. Багаас нь зөв, бурууг ялган таних чадвар суулгаагүй, хэрсүү өсгөөгүй хүүхдүүд хэн нэгэнд уруу татагдахдаа амархан байдаг гэнэ. “Мөнгөтэй болно, өндөр цалин өгнө” гэсэн сайхан үгэнд нь итгэж хууртдаг ч гарах эрсдэлийг насанд хүрээгүй хүүхэд тооцоолж чаддаггүй. Тиймээс ч Эрүүгийн хуулийн 13.1-д нэг онцлог бий. Энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн бол ямар ч “аврал” байхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй хүүхэдтэй тохиролцон, тухайн хүүхэд өөрөө зөвшөөрсөн, эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйг хатуу зохицуулсан байдаг. Хууль ёсны дагуу 18 насанд хүрсэн хүнийг бие даан шийдвэр гаргах чадвартай гэж үздэг шүү дээ. Тиймээс хүүхдийг уруу татаж, буруу замд оруулсан хэнийг ч өөгшүүлж болохгүй.
Гэтэл олон нийтийн хандлага хохирогчийг буруутгадаг хэвээр. “Насанд хүрээгүй байж хүүхэн шиг хувцаслаж, нүүрээ будаж, орой үдшийн цагаар гадуур тэнэсэн юм” гэх мэтээр ямар нэг шалтгаан хайж, хохирогчийг л нэмж хохироодог. Тэгвэл томчууд яагаад насанд хүрээгүй охидыг садар самуунд уруу татсан, хэдэн төгрөг олохын тулд бусдыг эд бараа мэт зарсан бэ гэдэг хамгийн гол асуудлыг “мартаж” орхидог. Энэ бол байж болшгүй зүйл юм. Хэзээ, хэн ч хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж болзошгүйг дор бүрнээ ойлгож, урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд хаана хандах талаар мэдлэгтэй болох нь хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэх дархлаажуулалт билээ.
БАЙР СУУРЬ
Насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлүүлэх тохиолдол буурахгүй байна
Г.ГАНБАЯСГАХ:
(Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн)
-Бид 2001 онд төвөө байгуулж, 2003 оноос хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон хохирогчдод тусламж үзүүлж эхэлсэн. Энэ хугацаанд зөвхөн манай байгууллага 2000 гаруй хүнд туслалцаа үзүүлж, эх оронд нь авчирлаа. Тэдний 60 орчим хувь нь хуулийн байгууллагад хандаж, асуудлаа шийдвэрлүүлсэн. Үүнээс харахад энэ төрлийн гэмт хэрэг манай улсад цөөнгүй гарч байна. Ялангуяа бие дааж шийдвэр гаргаж чадахгүй, 18 нас хүрээгүй хүүхдийн биеийг үнэлүүлэх явдал буурахгүй байна. Хуульд зааснаар энэ нь хүн худалдаалах гэмт хэрэг юм. Дэлхийн 26 оронд Монгол Улсын иргэд худалдагдсан байна. ГХЯ, ЭСЯ, цагдаа, тагнуулын байгууллага зэрэг холбогдох бүх л талтай хамтран 16 улсаас 400 гаруй хохирогчийн аюулгүй байдлыг хангаж эргүүлэн авчирлаа. Өнгөрсөн онд буюу коронавирусийн үеэр Малайзаас 16 иргэнийг авчирсан. Манайхаар үйлчлүүлж буй 800 орчим хохирогчийн гурван хүн тутмын нэг нь дотооддоо хохирогч болжээ. 75 орчим хувь нь дотооддоо бэлгийн мөлжлөгийн золиос болсон байна. Түүн дотор зохион байгуулалттайгаар 13-18 насны охидын биеийг нь үнэлүүлсэн тохиолдол дийлэнх хувийг эзэлдэг. Иймээс эцэг, эхчүүд өсвөр насны охид, хөвгүүддээ анхаарал сайтар хандуулж, энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх шаардлагатай.
Мэдээлэлгүй хүн хохирогч болох эрсдэлтэй
Р.ОЮУНБИЛЭГ: (НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн ажилтан):
-Хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэхэд нэн тэргүүнд урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах нь чухал. Эл төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэлтэй бол өөрийгөө хамгаалах боломжтой. Багадаа эцэг, эхийн анхаарал, халамж, хайраас хөндий өссөн хүүхэд өсвөр насандаа алдаж эндэх тохиолдол цөөнгүй. Нэгэнт бэлгийн мөлжлөгт өртсөн үед нь анхаарахад оройтсон байдаг. Олон хүн “ийм зүйл надад тохиолдохгүй, эргэн тойрон минь аюулгүй” гэж сохроор итгэдэг. Харамсалтай нь, хэн нэгний анхаарал болгоомж сулрах үеийг гэмт этгээдүүд отож байдаг. Ялангуяа 18-27 насны охид, эмэгтэйчүүдийн амжилтад хүрэх, өндөр цалинтай ажил хийх гэсэн хүсэл мөрөөдөлд нь дөрөөлж, буруу зам руу оруулдаг. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ мөрөөдлөө биелүүлэх эрсдэлгүй замыг сонгоход нь туслах, дэмжих шаардлагатай байна. Өнөөдөр коронавирус туссан хүнийг нийгмээрээ буруутгаж байгаа шиг бэлгийн мөлжлөгт өртсөн хохирогчийн буруу мэтээр шүүмжилж ирлээ. Санамсаргүй байдлаар, мэдээлэлгүйгээсээ болж хэн ч хүний наймааны хохирогч болох эрсдэл бий. Манай байгууллага өнгөрсөн онд гадаад улсад хүнд байдалд орсон 600 гаруй монгол иргэнээ эх орондоо авчрахад нь тусалсан. Тэдний дунд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид цөөнгүй бий. Он гарснаас хойш 100 орчим иргэнээ авчирсан.