Европын Эмийн агентлаг АНУ-ын “Johnson & Johnson” компанийн коронавиусийн эсрэг “Janssen” вакциныг ЕХ орнуудад ашиглахыг зөвшөөрчээ. "Нарийвчилсан үнэлгээ хийсний дараа вакцины талаарх мэдээлэл нь найдвартай, үр дүн, аюулгүй байдал, чанарын шалгууруудад нийцэж байна гэсэн дүгнэлтийг гаргалаа" гэж тус агентлагын мэдэгдэлд дурджээ. Агентлагийн мэдээлснээр, уг вакцины үр дүн 67 хувь байгаа бөгөөд энэ нь АНУ, Өмнөд Африк, Латин Америкт 44 мянга гаруй хүн оролцсон эмнэлзүйн туршилтаар батлагдсан байна. Вакциныг 18-аас дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвлөжээ. Судалгааны явцад энэ вакцинаас үүдэлтэй гаж нөлөөнүүд нь хөнгөн болон дунд зэрэг байсны дээр тариулснаас хэд хоногийн дараа гаж нөлөөнүүд арилж байсныг Европын эм бэлдмэлийн агентлаг онцолсон байна. Гаж нөлөөнүүд дундаас хамгийн олон тохиолдож байгаа нь тарилга хийсэн хэсэгт өвдөх, толгой өвдөх, ядарч сульдах, булчин өвдөх, дотор муухайрах гэсэн шинж тэмдгүүд байгаа гэнэ. “Janssen” вакцин ЕХ-д зөвшөөрөгдсөн дөрөв дэх вакцин юм.