Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 2-ноос эхлэн хэлэлцсэн юм. Энэ дөрвөн албан тушаалтныг эрх мэдлээ урвуулсан гэсэн үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд өнгөрсөн оны зургадугаар сард шилжүүлсэн ч элдэв аргаар хойшлуулсаар байгаад энэ сар гаргасан юм. Дээрх албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан АН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О.Магнайд давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон билээ. Тодруулбал, хурандаа Б.Цогжаргал, шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн нар Баянгол дүүргийн нутагт Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итаны хөрөнгөө оруулж барьсан 11 давхар шилэн фасадтай, дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг 723 саяар үнэлэн О.Магнайгийн ээж С.Отгонжаргалын “Дархан цамхаг” компанид шилжүүлсэн. Дээрх гадаадын иргэнд О.Магнай 2014 онд 300 мянган ам.доллароор зарсан газар дээрээ барилга бариулчихаад ийнхүү үнэлүүлж шилжүүлэн авахад дээрх хүмүүс албан тушаалаа ашиглан оролцсон хэрэгт буруутгагдсан юм. Шийдвэр гүйцэтгэгч нар 2018 оны тавдугаар сарын 16-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дээрх Ливаны иргэний эзэмшлийн “Синдарс партнерс” ХХК-ийн мэдэлд байсан Баянгол дүүргийн нутаг дахь 11 давхар объектыг хураан авч 723 сая төгрөгөөр үнэлж, хоёр хоногийн дараа О.Магнайгийн эзэмшлийн “Дархан цамхаг” ХХК-д шилжүүлсэн нь бусдын эд хөрөнгийг хууль зөрчин авсан гэж үзэх үндэслэлтэй байсан учраас ийнхүү хурандаа Б.Цогжаргал нарын дөрвөн хүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэмээн яллагдагчаар тооцож, улмаар шүүгдэгчийн ширээнд суухад хүргэв.
НШШГГ-ын дээрх албан тушаалтнуудад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалан гурав хоног хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр НПГ-ын хяналтад буцаахаар шийдвэрлэлээ.