Хэнтий аймгийн Баянмөнх сумын малчин У-гийн нохой өнгөрсөн даваа гарагт хүний хөл зууж ирснийг гэрийн эзэд тэр даруй цагдаагийнханд мэдэгджээ. Тус аймгийн Бор-Өндөр сум дахь Цагдаагийн хэлтсээс томилогдсон алба хаагчид тус сумд очиж шалгаад 2020 оны аравдугаар сард сураггүй болж, эрэн сурвалжлагдаж байсан 53 настай эмэгтэйн цогцос гэдгийг тогтоосон байна. Зарим хэвлэлд нь гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй хэмээн мэдээлж буй ч мөрдөн шалгах ажиллагааны явцад бусдад хорлогдоогүй гэдгийг баталсан гэж орон нутгийн эх сурвалжууд хэлэв. “Толгой болон биеийн бусад хэсэгт нь үзлэг хийхэд бусдад хорлогдсон шинж тэмдэг илрээгүй. Гэхдээ нарийвчилсан үзлэг, шинжилгээ хийлгэж байгаа. Талийгаач гэрээсээ гараад осгож нас барсан бололтой. Улмаар цасанд дарагдсан байсан нь хавар болж, хайлснаар ил гарсан юм билээ. Тэрбээр нэлээд хэдэн жилийн өмнө бас хоёр сар гаруйн хугацаанд сураггүй болж, айлд амьдарч байсан, мартамхай өвчтэй нэгэн гэдгийг ар гэрийнхэн нь хэлсэн” хэмээн орон нутгийнхан мэдээлсэн юм.