Хар тамхи борлуулдаг гадаад, дотоодын иргэдийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид илрүүлэн шалгаж эхэлсний дотор Эрүүл мэндийн дэд сайд асан Т.Болдбаатарын охин Б.Буянжаргал багтсан нь олны анхаарал татаж байв. 2020 оны нэгдүгээр сард илрүүлсэн уг хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн баасан гарагт хэлэлцэн ял шийтгэлээ. НПГ-аас Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Нарангова, Лай Фужун нарт Эрүүгийн хуулийн 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан”, өмнөд хөршийн иргэн Лай Фужунд мөн хуулийн 24.3-1 дэх хэсгийн “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, хадгалсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. БНХАУ-аас хар тамхи оруулж ирж зарсан гэх өвөрлөгч эмэгтэй Нарангова, хятад иргэн Лай Фужун нараас У.Анхбаяр бараагаа авсан байдаг. У.Анхбаярыг саатуулах үед дэд сайдын охин Б.Буянжаргал хамт байсан бөгөөд шинжилгээ хийхэд мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон юм билээ. Уг хэргийг шүүх хэлэлцээд У.Анхбаярт хоёр жил таван сар, Лай Фужунд химийн хорт бодис хууль бусаар нэвтрүүлж, хадгалсан үйлдэлд нь нэг, хар тамхи хилээр оруулж борлуулсан хэрэгт нь хоёр жил таван сар хорих, Б.Буянжаргал, Нарангова нарт хорих ял оноохгүйгээр гурван жил тэнсэн харгалзах ял шийтгэв. Шүүгдэгч У.Анхбаяр, Б.Буянжаргал нар өмнө нь 2015 онд хар тамхи хэрэглэсэн, хууль бусаар олж авсан хэрэгт холбогдон дэд сайдын охин нь тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн бол У.Анхбаяр нь хорих ял эдэлсэн байдаг.
Бэлтгэсэн: Г.Равжаа