Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймгийн Сум дундын шүүхийн шүүгч Д.Отгонбаатарт холбогдуулан “Нэхүүл” болон “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-аас Шүүхийн ёс зүйн хороонд хандаж, гомдол гаргасан. Өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд гаргасан уг гомдлыг өнөөдрийг болтол хэлэлцээгүй байна. Учир нь, тус хороонд дээрх шүүгчидтэй холбоотой нэмэлт гомдол иржээ. Тодруулбал, дээр нэрийг нь дурдсан “Нэхүүл” болон “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-аас Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Монголын хуульчдын холбоонд хандаж, ёс зүйгүй шүүгч нараа ажлаа нь чөлөөл хэмээн шаардлага хүргүүлжээ. Үүний дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Монголын хуульчдын холбооноос Шүүхийн ёс зүйн хороонд хандаж, дээрх шүүгч нартай холбоотой гомдлыг энэ сарын 3 болон 5-нд гаргасан гэнэ. Тиймээс шүүхийн Ёс зүйн хорооноос Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймгийн Сум дундын шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нараас нэмэлт тайлбар мэдээлэл авсан байна. Мөн цагдаагийн байгууллагад хандаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн талаар лавлагаа авах хүсэлт явуулжээ. Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд “Ажлын байр, олон нийтийн дунд биеэ зөв авч явах, үлгэрлэх ёстой”, “Ажлын бус цагаар ч бусдад буруу ойлголт төрүүлж болохгүй” хэмээн тусгасан байдаг. Харин дээрх шүүгч нар эл үүргээ умартан хатуу хөл хорионы үел олон хүний бөөгнөрөл үүсгэж, архидан согтуурч, тэр ч бүү хэл, биеэ үнэлэгч авсан гэх хэрэгт нэр холбогдсон. Шинээр ирүүлсэн гомдлын дагуу шүүгч нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцэх хугацааг хойшлуулж болзошгүй гэнэ. Шүүхийн ёс зүйн хороо шүүгчтэй холбоотой гомдлыг 30 хоногийн дотор шийдэх учиртай. Тодорхой шалтгаантай бол дахин 30 хоног сунгадаг журамтай.