Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны гурван ажилтан өнгөрсөн Цагаан сарын шинийн 1-нд (2021.02.12) албаны 05-36 улсын дугаартай, "Ланд круйзер" загварын машинаар улсын хил гарч, ОХУ руу нэвтэрсэн байдаг. Хамгийн гол нь ҮАБЗ-ийн Ажлын албаны ажилтнууд ОХУ руу зорчсон зорилгоо олон нийтэд мэдээлэхээс татгалзаж буй. Улмаар буцахдаа 20 сая ам.доллар машиндаа нууж, улсын хилээр нэвтрүүлсэн гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх үүнд тайлбар өглөө.
-ҮАБЗ-ийн Ажлын албаны гишүүд 20 сая ам.доллар улсын хилээр оруулж ирсэн үү?
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний өгсөн үүрэг даалгаврын дагуу тайлбар хийж байна. Зарим сонин болон нийгмийн сүлжээнд ҮАБЗ-ийн албан хаагчид 20 сая ам.доллар оруулж ирсэн мэтээр хуурамч гүтгэлгийн чанартай мэдээлэл тараалаа. Маш хариуцлагатайгээр хэлье. Энэ бол хуурамч бөгөөд худал мэдээлэл. Улс төрийн зорилготой байх гэж таамаглаж байна. ҮАБЗ-ийн ажлын алба төрийн тусгай чиг үүргийн байгууллага. Манай албан хаагчид төрийн албаны тангаргаас гадна цэргийн тангараг өргөсөн тусгай албан хаагчид. Энэ албан хаагчид хуулийн дагуу үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, улсынхаа язгуур эрх ашгийг хамгаалах үүргээ чин шударгаар, нэр төртэйгээр биелүүлдэг. Манай албан хаагчид томилолтоор ажилласан уу гэвэл ажилласан. Цар тахлын улмаас онгоц нисэхгүй тус машинаар явсан. ҮАБЗ-ийн ажлын албаны үйл ажиллагаа далд хэлбэрээр явагддаг, ямар нэгэн пи-ар, сурталчилгаа хийдэггүй. Манай албаны албан хаагчид албаны тусгай үүрэг биелүүлэхээр ОХУ-ын Улаан-Үд хүртэл машинаар яваад буцаж ирсэн. Унаж явсан машиныг гааль, хяналтаар шалгасан. Машинд ямар нэгэн хууль бус мөнгө байгаагүй, байх ч боломжгүй. Энэ албан хаагчид хуулийн дагуу УОК-оос бүх төрлийн зөвшөөрлийг бичгээр авсан, хүрч ирээд тусгаарлалтад орсон.
-Ямар зорилгоор ОХУ руу явсан юм бэ
-ОХУ-д ажлаар явсан. Гэхдээ ямар ажлаар явсан нь албаны хийгээд төрийн нууц. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хуучин Ерөнхий сайдын хооронд үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын үед ҮАБЗ ийм хууль бус үйл ажиллагаа хийхгүй, хийдэг ч үгүй гэдгийг дахин хэлье. Хил хамгаалах, гааль, тагнуул, цагдаа бүгд Засгийн газрын харъяа байгууллагууд. Энэ байгууллагуудыг даваад их хэмжээний бэлэн мөнгө оруулж ирэх боломж байхгүй. Ийм тэнэг үйл ажиллагааг хийх ч үгүй. Үүнийг эрх мэдэлтнүүд хийдэг. Дээрх байгууллагуудыг удирдаж байгаа эрх мэдэл бүхий хүмүүс эсвэл улс төрийн хүчин ийм зүйл хийдэг. Та бүхэн эрүүл ухаанаар харьцуулаад бодоорой. Улстөржөөгүй үлдсэн ганцхан байгууллага бол ҮАБЗ-ийн ажлын алба. Энэ байгууллагын үйл ажиллагааг битгий улстөржүүлээч, улс төрийн зорилгоор бүү ашиглаач гэж улстөрчдөд хандмаар байна. Бид хууль зөрчсөн нэг ч үйл ажиллагаа явуулаагүй.