Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын халдвараас ард иргэдээ урьдчилан сэргийлэх, дотоодод тархсан голомтыг хяналтад авахын тулд дээр, дооргүй хүчин зүтгэсээр өдий хүрлээ. Энэ бүхнийг удирдлага зохион байгуулалтаар хангах ажлыг Шадар сайд ахалсан Улсын онцгой комисс (УОК) голлон хариуцаж их ажлыг нь нугалж буй билээ. Тэдний ажил сайнтай, саартай явсаар байгааг иргэд харж, мэдэрч буй. Тэгвэл УОК-ын шуурхай штаб Эрүүл мэндийн яаманд байрлаж байсныг татан буулгаж, өдгөө ОБЕГ-т шилжүүлжээ.
Улмаар дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед удирдлага зохион байгуулалтаар хангаж байсан, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярыг чөлөөлөхөөр болсон гэнэ. Алдыг нь аваад дэлэм дээр нь гэгчээр цар тахлын эсрэг вакцин оруулж ирэн хүн амаа урьдчилан сэргийлэх тарилгад хамруулахаар бэлтгэж байгаа энэ үед гол ажлыг нь нугалсан нэгнийг чөлөөлж, оронд нь ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд Штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнг томилох сурагтай. Түүнийг эл албан тушаалд бүү хэл, ОБЕГ-ын тэргүүн дэд даргад тохирохгүй, ёс зүйгүй хүн гэж онцгой байдлын байгууллагын олон ажилтан ярих юм билээ. Тодруулбал, нударганы хүчээр алба хаагчдаа удирддаг хүн онцгой байдлын байгууллагыг, шуурхай штабыг хариуцан ажиллаж чадах болов уу хэмээн эргэлзэж буй юм. ОБЕГ-ын дарга нь УОК-ын орлогч учраас цар тахлын халдвартай тэмцэх чиглэлд анхаарлаа хандуулсан энэ үед тус газрыг тэргүүн дэд бөгөөд Штабын дарга нь удирдлага зохион байгуулалтаар хангаж, өдөр тутмын ажлаа хариуцах ёстой. Түүний наад захын хийх үүрэгтэй ажил бол алба хаагчидтайгаа үр дүнгийн гэрээ байгуулан, гарын үсэг зурж, баталгаажуулах. Гэтэл ОБЕГ-ын ажилтнууд 2021 он гараад бүтэн гурван сар болоход үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэнэ. Эндээс л Штабын даргын ажил ямар вэ гэдэг нь харагдах биз.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнд хууль, дүрэм, журам үйлчлэлгүй, албан тушаал дэвшүүлснийг ч гайхах хүн цөөнгүй. Төрийн албаны тухай хуулийн 37.1.3-т “Эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах”-ыг хориглодог. Гэтэл хурандаа Ж.Чүлтэмсүрэн нэг бус алба хаагчид гар хүрсэн гэдэг. Тодруулбал, одоогоос нэг жилийн өмнө нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байхдаа нэг алба хаагчийг өшиглөн, улмаар шүдийг нь цөм цохижээ. Тухайн алба хаагчийн ар гэрийнхэн нь хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулах гэтэл “Албаныхаа нэр хүндийг бод, эмчилгээний зардал өгье” гэх мэтээр арга саам хийсээр уучлалт гуйгаад өнгөрсөн аж. Ийнхүү гар хүрэх болсон шалтгаан нь бэр дүүгээ өмөөрснөөс үүдэлтэй хэмээн тухайн алба хаагчийн ар гэрийнхэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайхан нарт хаягласан өргөдөлдөө тодорхой бичжээ. Сайд нар тухайн алба хаагчийн ар гэрийнхний өргөдлийг хэрхэн шийдвэрлэх бол.
Юутай ч Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, нэг бус удаа алба хаагчдад гар хүрсэн түүнийг ОБЕГ-ын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын газрынхан нь шалгасан нэр зүүж өнгөрөөсөн бололтой. Сахилгын арга хэмжээ авсан гэх мэдээлэл бий. Сахилгын шийтгэл хүлээсэн хүнийг нэг жилийн дотор албан тушаал дэвшүүлэхгүй байх хууль, журам уг нь байгаа. Үүнийг үл ойшоон ОБЕГ-ын тэргүүн дэд даргаар томилсон байгаа нь хачирхалтай.
Тиймээс Төрийн албаны зөвлөлийнхөн хянаж шалгаасай. Төрийн албаны зөвлөл бол төрийн албаны төв байгууллага бөгөөд хамтын удирдлагын зарчмаар ажиллаж, төрийн албан хаагчийн стандартын удирдлагыг улсын хэмжээнд нэгдсэн аргачлалаар хангах, хэрэгжүүлэх ажил эрхэлдэг, үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнадаг хараат бус, бие даасан байгууллага. Энэ утгаараа төрийн албанд өмнө нь ял эдэлж байгаагүй, ёс зүйтэй, чадварлаг бөгөөд туршлагатай хүмүүсийг ажиллуулахад анхаарч, хянадаг гэж хэлж болно. Гэтэл тус зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам”-ыг зөрчин дээрх хурандаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга болчихоод байна. Уг журмын 2.5.3-т “Сүүлийн 12 сарын хугацаанд ёс зүйн хариуцлага, сахилгын шийтгэл хүлээгээгүй байх” гэж заажээ. Тэгэхээр хурандаа Ж.Чүлтэмсүрэн энэ шаардлагад нийцэж байна уу.
Өөрөөр хэлбэл, алба хаагчийн шүдийг цөм цохисныхоо төлөө сануулах сахилгын шийтгэл хүлээсэн хүн шатлан дэвшчихсэн нь хууль, журам төрийн албанд, тэр дундаа онцгой байдлын байгууллагад нэг мөр үйлчлэхгүй байгаа нь харагдана. Тиймдээ ч НОБГ-ын даргаар ажиллаж байсан хурандаа Ж.Чүлтэмсүрэнг тушаал ахиулан 2020 оны наймдугаар сард ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга болгосон аж. Төрийн албаны зөвлөлийнхөн хууль, журмын шаардлага хангахгүй ажилтан, дарга нарыг ажлаас нь чөлөөлж шударга ёс, ёс зүй, хууль, журмаа хэрэгжүүлэн ажиллах ёстой бус уу.
Бид цаашид Төрийн албаны зөвлөл, ОБЕГ-ынхнаас хууль, журам зөрчин, дэвшин томилогдсон дээрх албан тушаалтандаа ямар арга хэмжээ авсныг эргэж мэдээлэх болно.
Бэлтгэсэн: Г.Равжаа