-Хүмүүсийн хөдөлгөөн багассан ийм үед хувийн машинаараа халтууранд явж мөнгө олох гэж хичээснээс хүргэлт хийвэл ашигтай гэнэ.
-Хувьдаа автомашинтай л байвал болох хэрэг үү?
-Тэгэлгүй яах вэ, нэг ширхэг, эсвэл боодол ачааг хотын төвд хүргэвэл 3500-5000 төгрөг, хотын зах руу бол үнэ нь өснө. Бүх дэлгүүр онлайн болж буй энэ үед хүргэгч нь ачааллаа дийлдэггүй, ашиг ихтэй байдаг гэсэн.
-Жолооч нарт ямар нэг шалгуур тавьж, “энд, тэнд”-ээс зөвшөөрөл авах юм болов уу?
-Үгүй, гол нь хүргэлт хийлгэх байгууллага, хувь хүнтэйгээ тохироод, хоорондоо гэрээ байгуулчих юм байна лээ.
Ийм яриа автобусаар зорчиж явсан хоёр залуугийн дунд өрнөв. Олон улс оронд түгэн дэлгэрч, үйлдвэрлэгч, үйлчлүүлэгчдийг шууд холбон, илүү боловсронгуй, шуурхай, найдвартай болж буй бизнес бол бараа, бүтээгдэхүүн хүргэх үйлчилгээ. Улаанбаатарт сүүлийн нэг жилд хоол, хүнс, бараа, бүтээгдэхүүнээ гэртээ, албан тасалгаандаа хүргүүлж аваагүй айл өрх, хувь хүн цөөн байгаа болов уу. Тиймээс эл үйлчилгээний чанар, үнэ хөлс, иргэдийн сэтгэгдэл ямар байгааг тодрууллаа.
Чингэлтэй дүүргийн XIX хорооны иргэн Г.Цэцэгдэлгэр “Өнгөрсөн арваннэгдүгээр сард Улсын их дэлгүүрийн чанх ар талд байрлалтай, солонгос бүтээгдэхүүний цахим дэлгүүрт ахуйн хэрэглээний болон гоо сайхны бараа захиалсан. Хотын төв дотор 3000 төгрөгөөр бараагаа хүргэнэ гэсэн учраас “Тэнгис” кинотеатрын хажуугийн байранд авахаар болсон. Бараагаа авч амжаагүй байтал хөл хорьж, хорио түр цуцлагдах үед захиалсан зүйлсээ авах гэтэл 8000 төгрөг төл гэсэн. Ингээд сарын хугацаанд бараг гурав дахин өссөн хүргэлтийн хөлс төлсөн” гэв. Баянгол дүүргийн XVIII хорооны иргэн С.Чулуунчимэг “Он солигдохын өмнө “Аз хур” дэлгүүрээс хүргэлтээр ном захиалсан юм. Баярын үе тул ачаалал ихтэй байна. Нэгдүгээр сарын 2-нд аваачиж өгье гэсэн ч гурав хоногийн дараа хуучин ном авчирч өгсөн. Гомдол мэдүүлэхэд “Хүргэлтийн үйлчилгээний компанийнх нь ачаалал хэт ихэссэнээс ийм явдал боллоо” гээд номоо сольж өгсөн. Уг нь захиалга авснаас хойш 24 цагийн дотор хүргэнэ гэж байсан” хэмээн ярив. Тэгвэл спорт бараа, бэлэн хувцас борлуулагч Ж.Энхтуяа “Өөрөө явж амжихгүй учраас автомашинтай, танил залуугаа гуйн нэг захиалгыг хол, ойр гэхгүй 5000 төгрөгөөр хүргүүлж эхэлсэн. Гэхдээ өдөр бүр юм хүргүүлэхгүй, эсвэл зарим үед хэд хэдэн захиалга гүйцэтгэх шаардлагатайгаас хүргэгч маань ажлаа төлөвлөх боломжгүй болж, больсон. Нэгдсэн цахим платформоор борлуулъя гэтэл үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгө төлөх ёстой гэсэн тул ашиггүй санагдсан” хэмээн ярив.
Түүнчлэн хүргэлтээр багагүй үнийн дүнтэй, цөөнгүй бүтээгдэхүүн худалдан авсан ч и-баримт аваагүй, хүргэгчид нь ачааллаа дийлэхгүй олон хоног хүлээсэн, хүргэлтийн үйлчилгээний хөлсийг очсон хүнд нь бэлнээр өг гэсэн зэрэг гомдол хэлэх хүн цөөнгүй байна. Ийм гомдол, саналыг бүртгэн авч, ямар нэгэн арга хэмжээ авдаг байгууллага байхгүй гэхэд болно. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө болон Мэргэлжлийн хяналтын ерөнхий газарт хүргэлтийн үйлчилгээтэй холбоотой гомдол ирүүлээгүй, ирүүлсэн ч хувь хүн хооронд тохиролцон явуулж буй үйлчилгээг зохицуулах боломж бага гэлээ. Мөн нэр бүхий дэлгүүрүүд, томоохон худалдааны төвд лангуу түрээслэгчдээс хүргэлтээр авсан бараа тутамдаа и-баримт авч, баримт өгөөгүй тохиолдолд Татварын ерөнхий газарт хандах ёстой гэнэ. Түүнчлэн онлайн худалдаа эрхэлдэг иргэдийг татвар төлөгчийн бүртгэлд хамруулахаар төлөвлөснийг ч дээрх газрынхан онцоллоо. Харин Харилцаа холбооны зохицуулах хороонд улс, хот хооронд шуудан, илгээмж хүргэх үйлчилгээний тусгай зөвшөөрөл авсан 10 гаруй компани бий бөгөөд жижиг аж ахуйн нэгж, хувь хүмүүс хот дотор хүргэлтийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах шаардлагагүй, зохицуулалт байхгүй гэсэн.
Нөгөөтээгүүр, хүргэлтийн үйлчилгээ нь ямар нэгэн байгууллагын зөвшөөрөл, зохицуулалтгүйгээр хөгжсөөр байна. Тухайлбал, сүүлийн гурван жилд үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгж, дэлгүүр, хэрэглэгчдийг холбосон 20 гаруй аппликэйшн ашиглалтад оруулж, амжилттай хөгжүүлжээ. Мөн онлайн худалдаа эрхлэх зөвшөөрлийг 600 орчим иргэн, аж ахуйн нэгж авснаас 200 гаруй нь тогтмол, идэвхтэй үйл ажиллагаа явуулж, хүргэлтээр бараагаа түгээж буй албан бус тооцоо байна. Хүргэлтийн аппликэйшн хөгжүүлэгч нэгэн “Нийслэл дэх хүнсний томоохон бүх дэлгүүрийг холбон, хүргэлтийг нь зохион байгуулах программ бичсэн. Ийм платформм хөгжүүлэгчид олон бий учраас өрсөлдөөн ихтэй байна. Тэднээс ялгарч, илүү өргөн хүрээг хамруулахаар хичээж буй бөгөөд өдгөө хүнсний 50 дэлгүүрийг холбон, хэрэглэгчийн захиалсан барааг хамгийн ойр байгаа салбараас нь үнэгүй хүргэх боломж бүрдүүлсэн. Бид барааны үнийн дүнг бус, хүргэсэн тоогоор орлогоо тооцдог бөгөөд сүүлийн хоёр сард ачаалал энгийн үеийнхээс гурав дахин өссөн” гэж ярилаа.
Америк, БНСУ, БНХАУ зэрэг улсад хүргэлтийн үйлчилгээ хурдацтай хөгжсөөр байна. Дээрх орнуудад энгийн үед иргэд, айл өрхүүд худалдан авалтынхаа 60, цар тахлын энэ үед 90 гаруй хувийг хүргэлтээр авчээ. Хувь хүмүүс ч хүргэх үйлчилгээ эрхлэх бүрэн боломжтой бөгөөд юуны түрүүнд тусгай аппликэйшн татаж авсан байх учиртай аж. Уг аппликэйшний тусламжтайгаар хэрэглэгчийн захиалгыг дэлгүүрүүдээс цуглуулж, үйлчилгээний хөлснөөс нь татвар суутгасны дараах мөнгө автоматаар дансанд нь ордог юм байна. Ийм аппликэйшнгүй, нэгдсэн системд бүртгүүлээгүй хувь хүн, байгууллагуудад хүргэлт хийдэггүй аж. Харин манайд томоохон компани, дэлгүүрүүдийг эс тооцвол хүргэлтийн үйлчилгээнд тавих стандарт, нэгдсэн зохицуулалт байхгүй, татвар хураамжгүй, борлуулагч, хувь хүмүүс хоорондын зөвшилцлөөр үргэлжилсээр байна.