Ирэх оны төсвийн хуульд Ерөнхийлөгч ээлжит хоригоо тавив. Ээлжит гэхийн учир нь Төрийн тэргүүнээр ажилласан гурван жил гаруйн хугацаанд Х.Баттулга УИХ-аас гаргасан 13 хууль, тогтоомжид, тэр дундаа энэ жилүүдэд батлагдсан Төсвийн тухай хуулиудад бүгдэд нь хориг тавьсан юм. 2017 оны төсвийн тодотголыг оролцуулбал нийт таван удаа Төсвийн тухай хуульд хориг тавиад буй Төрийн тэргүүн энэ удаа ирэх оны төсөвт хориг тавихдаа “Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах, өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөөг даруй гаргах, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой иргэдийг онцгой анхаарч, тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх” зэрэг арга хэмжээ авах саналыг эрх баригчдад хүргэсэн.
УИХ дахь АН-ын бүлэг 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж, ирэх оны төсөвт вакцин худалдаж авах мөнгийг зайлшгүй тусгах ёстой, мөн ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтаас эмнэлэг, сургууль, цэцэрлэг, онцгой байдал, хил, гаалийн байгууллагад хийх хөрөнгө оруулалтыг хэвээр үлдээн, бусдыг нь ач холбогдлоор нь эрэмбэлж 1.1 их наяд төгрөгийн өртөгтэй 149 төслийг царцаах, 405.4 тэрбум төгрөг хэмнэх боломжтой хэмээсэн.
Харин эрх баригч намынхан Төрийн тэргүүний хоригийг алдаатай хэмээн өөнтөглөн, хүлээж авах шаардлагагүй хэмээн үзсэнээр Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй. Түүний энэ удаагийн хоригийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Уламжлал ёсоороо алдаатай, зөрчилтэй хориг болжээ. Төсөвт бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн хориг тавьдаг. Бүхэлд нь хориг тавьж байна гэчхээд Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын санд хориг тавихгүйгээр, зөвхөн улсын төсөвт хориг тавьжээ. Алдаагүй юм хийж болдоггүй л юм байх даа” хэмээн жиргэсэн. Асуудлыг парламентаар хэлэлцэж эхлэхээс дуусах хүртэл энэ мессеж явсаар хоригийн хувь заяа шийдэгдэв.
Хийсэн ажил, боловсруулсан төсөв бүхэн нь Төрийн тэргүүний хоригтой тулгардаг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар анх удаа Ерөнхийлөгчийн хоригийг “доош хийж” байгаа юм биш, Х.Баттулгын баг ч анх удаа алдаа гаргаж буй бус билээ. Тэдний тавьсан хориг бүрт шахам алдаа гарч, үүнийг нь олон нийт шүүн хэлэлцсээр эл дол болов.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АМЖИЛТГҮЙ ХОРИГУУД
Х.Баттулгад Төрийн тэргүүнээр ажиллах бүрэн эрхийн хугацааных нь сүүлийн хагас жил үлдээд байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрвөн жилд хэрхэн ажилласныг нь нэгтгэн дүгнэх, том зургаар нь харахыг оролдох өдрүүд эхэлсэн гэсэн үг. Энэ удаа тэрбээр Ерөнхийлөгчөөр ажиллахдаа ямар хууль, тогтоомж, шийдвэрт ямар үндэслэлээр хориг тавьсан, үүнийг нь УИХ хэрхсэн талаар нэгтгэн хүргэе.
2017.10.26 Х.Баттулга анхны хоригоороо Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг эсэргүүцэж байв. Тодруулбал, У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдах үед Засгийн газрын гишүүдийг томилох тухай УИХ-ын 58 дугаар тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Тэнд “Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон 30 гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг нь хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байна. Иймд эдгээр 30 гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилсон УИХ-ын 2017 оны аравдугаар сарын 20-ны 58 дугаар тогтоолын нэгдүгээр заалтын зургаа дахь дэд заалтад хориг тавьж байна” гэсэн байв. Ерөнхийлөгчийн уг хоригийг УИХ хүлээж аваагүй.
2017.11.02 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавив. Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдоод хийсэн эхний томоохон ажил нь уг төсвийн тодотгол байсан юм. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн хориг тухайн төсвийн тодотголд гэхээсээ Ч.Хүрэлбаатарт хандсан гэж ажиглагчид үздэг. 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ мөн л хүлээж аваагүй.
2017.12.05 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж, Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт хориг тавив. Үүнийг мөн Сангийн сайдад хандсан хориг гэдэг. Хууль тогтоох байгууллага Төрийн тэргүүний хоригийг хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн.
2018.06.16 УИХ-ын нэр бүхий хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, хэргийг нь шалгах саналаа Улсын ерөнхий прокурор парламентад ирүүлсэн. Харин УИХ гэмт хэрэгт нэр холбогдсон гишүүдээ хамгаалж үлдэх шийдвэр гаргахад Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг хэлэлцсэн тухай УИХ-ын 45 дугаар тогтоол, Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцсэн тухай 47 дугаар тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэгчийн ард гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нуугдаж, ял шийтгэлээс сугарч үлддэг байдал олон нийтийн дургүйцлийг төрүүлдэг. Энэ утгаараа УИХ-ын 45, 47 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хориг олны талархлыг хүлээсэн ч УИХ хүлээж аваагүй билээ.
2018.11.15 2019 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хууль, тогтоолуудад бүхэлд нь хориг тавьсан. Тухайн үед УИХ дахь олонхын бүлэг 32, 33-аар хуваагдаж, төсөв батлахад 33-ынхан оролцоогүй. Энэ нь “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтыг зөрчсөн гэж Төрийн тэргүүн дүгнэн хориг тавьсан юм. Уг хоригийг УИХ хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн.
2019.05.14 УИХ-аас 2019 оны гуравдугаар сарын 22-нд баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг дагалдах хуулиудад бүхэлд нь хориг тавив. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн хоригуудыг үндэслэл муутай, алдаатай хэмээн шүүмжилдэг уламжлалаараа шүүмжилж, “Татварын багц хуульд хориг тавихдаа хүчингүй болсон хууль ашигласан” хэмээн мэдэгдэж байв.
Олон нийтийн сүлжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ажлаа дутуу дулимаг, тооцоо судалгаагүй хийлээ гэх шүүмжлэл ч нэлээд хүчээ авсан. Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж аваагүй.
2019.05.30 Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсныг УИХ хүлээж авсан нь Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан хоригийг хууль тогтоох байгууллага хүлээж авсан анхны тохиолдол болов. Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлт нь нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулсан бөгөөд Төрийн тэргүүн “Хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах Үндсэн хуулиар хүлээсэн төрийн үүрэгтэй уг хууль нийцэхгүй” гэж үзэн хориг тавьсан байдаг.
2019.06.04 Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан хоригийг нь хүлээж авахаас татгалзсан УИХ-ын 51 дүгээр тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан. Тэр хоригоо буцаан татсан нь бас нэг сонирхолтой тохиолдол болж үлдсэн юм.
2019.09.20 Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавьсныг нь парламент хүлээж авлаа. Хориг тавих тухай албан бичигт “Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг илэрхий зөрчсөн байдлаар Үндсэн хуулийн асуудалд хандсаныг хүлээн зөвшөөрөх аргагүй байна” гэсэн бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагыг хангаагүй хэмээн үзсэн юм.
2019.12.03 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавив. “2020 оны төсвийг сонгуулийн явцуу ашиг сонирхолд илт баригдсан, хэтэрхий өндөр зарлагатай, үүнд тохируулж үндэслэл муутай, бүрдэхээргүй хийсвэр орлогыг ихээр төлөвлөж тооцсон, төсвийн алдагдлыг 2.07 их наяд төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн зэрэг улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд хүндрэл учруулах олон дутагдалтай, алдаа ихтэй, эрсдэл бүхий төсөв болсон” хэмээн дүгнэсэн уг хоригийг УИХ хүлээж аваагүй билээ.
2019.12.03 Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавив. 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар чиг үүрэг нь Монголын хуульчдын холбоонд бүрэн шилжсэн Өмгөөлөгчдийн холбоо хэмээх байгууллагыг давхардмал чиг үүрэгтэйгээр дахин байгуулахыг дэмжих боломжгүй гэж үзсэн уг хоригийг хүлээж авсангүй.
2020.05.26 УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” хэмээсэн нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Ерөнхийлөгчийг сонгох зарчим, журмыг өөрчлөөгүй тохиолдолд хэрэгжих ямар ч бололцоогүй, Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан зохицуулалт болсон гэж үзэн, УИХ-ын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан. УИХ-ын гишүүдийн 77.9 хувийн саналаар уг хоригийг хүлээн авахыг дэмжсэн юм.
2020.11.25 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсныг УИХ хүлээж авсангүй.
Х.Баттулга 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш өнөөг хүртэл УИХ-аас гарсан нийт 13 шийдвэрт хориг тавьжээ. Үүний ердөө гурвыг нь буюу 20 орчим хувийг нь хууль тогтоох байгууллага “үндэслэлтэй” гэж үзэн, хүлээж авсан байна. Энэ тоог харвал Төрийн тэргүүний тавьсан хоригийн 80 хувь нь байндаа тусдаггүй, зүгээр л сүр үзүүлэн таамгаар шүршиж орхисон тэнэсэн сум болж таарах нь. Мөн дээрх жагсаалтыг харвал Ерөнхийлөгчийн хоригийн 60 орчим хувь нь ганц хүнтэй, тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай “ноцолдсон” дүр зураг тодорч байгаа юм.
Бэлтгэсэн: А.Амина