Хэт холын зайн гүйлтийн тамирчин Бямбаагийн Буджаргал АНУ-ын Флорида мужид болж байгаа "Fort Lauderdale Florida USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд түрүүллээ.Тэмцээн энэ сарын 16-нд эхэлсэн бөгөөд Б.Буджаргал эхний өдрийн уралдаанаас бусдыгаа илт өнгөлсөн юм.
Холын зайн гүйлтийн холбооноос зохион байгуулагддаг уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож буй Б.Буджаргалтай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга утсаар холбогдож амжилт хүссэн байна.
Б.Буджаргал 2014 онд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон зургаан өдрийн гүйлтйн тэмцээнд 485 км-ийг туулж V байр, 2015 онд Нью-Йорк хотноо болсон 10 өдрийн гүйлтэд 780 км замыг давж X байр, 2016 онд дахин тус тэмцээний 10 өдрийн гүйлтэд 970 км туулж IV байр, 2017 оны 10 өдрийн гүйлтэд 1189 км гүйж тэргүүн байр байр, 2018 оны дөрөвдүгээр сард 10 өдрийн гүйлтэд 1304 км, өнгөрсөн нэгдүгээр сард Аризонад болсон зургаан өдрийн гүйлтэд 787 км, өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Нью-Йорк хотноо 10 өдрийн гүйлтэд 1222 км гүйж тус тус тэргүүн байр эзэлж байсан амжилттай нэгэн. Гэвч холын зайн гүйлтийн спортод төр засгаас ямар ч дэмжлэг туслалцаа байдаггүй аж. Хэрэв багахан ч болов анхаарал хандуулахын бол цаашид дэлхийн рекордыг шинэчлэн тогтоох бүрэн боломжтой гэдгийг манай сайтад өмнө нь өгч байсан ярилцлагадаа онцолж байсан юм.