Шинэ төрлийн коронавирус томуугийн улирлын үеэр дэгдэх магадлал өндөр бөгөөд хэрэв эл хоёр өвчин хавсарвал аль ч улсын эрүүл мэндийн салбарыг туйлдуулна гэж ДЭМБ-аас анхааруулсан билээ. Үүнтэй холбоотойгоор өдгөө олон улсад томуугаас урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч байна. Манай улс ч томуугийн дархлаажуулалтад анхаарч, өмнөх жилийнхээс гурав дахин их вакцин импортолсон. Улмаар энэ сарын 1-нээс орон даяар томуугийн дархлаажуулалтыг эхлүүлсэн юм.
Нийслэлийн хэмжээнд одоогоор амбулаторийн нийт үзлэгийн 4.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа “Сүүлийн гурван жилийн нөхцөл байдлаас дүгнэхэд томуугийн өвчлөл аравдугаар сард идэвхжиж, ирэх оных нь нэгдүгээр сар хүртэл дэгджээ. Одоогоор томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 70 орчим хувь нь 0-4 насны хүүхэд. Нийслэлийн хэмжээний эмнэлгүүдэд хүүхдийн 1120 ор бий бөгөөд одоохондоо ачаалал хэтрээгүй. Томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн таван хувиас хэтэрвэл орны тоог 600-гаар нэмэх боломжтой” хэмээлээ.
Мөн томуу, томуу төст өвчний тархалт даамжирвал дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинетыг уртасгасан цагаар ажиллуулах юм байна. Үүнээс гадна хүүхдийн өвчлөл хүндрэхээс сэргийлж өрхийн эрүүл мэндийн төвийнхөн гэрийн эмчилгээг үнэ төлбөргүй хийх гэнэ. ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам “Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу томуугийн эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр эрсдэлт бүлгийнхэнд хийдэг. Манай улс энэ онд өмнөх жилүүдийнхээс гурав дахин их буюу 509 500 хүн/тун вакцин авсан. Үүнийг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, эрсдэлт нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй байгууллагад хуваарилсан” гэв.
Бэлтгэсэн: М.Оч