Улсын гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төвийн зөвлөх эмч, доктор, профессор З.Лхагвасүрэн тэргүүтэй багийнхан хэвлийн гол судасны хүнд хэлбэрийн цүлхэнг Монголд анх удаа эмчиллээ. Тодруулбал, 63 настай иргэнд уг эмчилгээг хийсэн байна. Өвчтөний хоёр ташааны тараагуур судсыг хамарсан гол судасны цүлхэнг хагарч, цус алдахаас сэргийлж, гуяны артер дотуур тусгай гуурс шургуулан, гол судсанд стент графт буюу судас тэлэгч суурилуулан, амийг нь аварчээ. Судсан дотуурх эмчилгээний энэхүү нарийн төвөгтэй арга нь гол судасны цүлхэн задрах, хуурах, хүндэрч, нас барахаас сэргийлдэг сүүлийн үеийн дэвшилтэт технологи аж.
Монгол эмч нарын бие даан хийсэн энэ удаагийн хагалгааны үеэр Бээжин хотын “Нанжин” их сургуулийн эмнэлгийн судасны мэс заслын зөвлөх эмч, профессор Ли Ёонгжун цахимаар зөвлөгөө өгчээ. Дээрх эмчилгээний аргыг нутагшуулснаар Монголд эмчилдэггүй өвчний тоо нэгээр цөөрч, иргэд эх орондоо хөнгөлөлттэй үнээр эмчлүүлэх боломж бүрдэв.