Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица оролцож, мэдээлэл өглөө.
Тэрбээр "COVID-19 цар тахал олон улсын анхаарлын төвд байгаа нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал үүсээд байна. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний маш чухал бүрэлдэхүүн хэсэг болох дархлаажуулалтын үйл ажиллагааны тогтвортой байдлыг ханган ажиллах шаардлагатай болж байгаа юм.
Ихэнх улс орнууд томуугийн эсрэг вакцины хомсдолтой тулгарч байгаа. Цар тахлын үеийн энэ хүнд нөхцөлд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Монгол Улсын Засгийн газарт улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт хийхэд дэмжлэг үзүүлж байна. ДЭМБ-аас Бразил улсад үйлдвэрлэсэн томуугийн гурван хэв шинжийг агуулсан 300,000 хүн тун вакцины дэмжлэгийг Монгол Улсад үзүүлж байгаа. Үүнээс гадна томуугийн эсрэг дархлаажуулалтын аянг улс орон даяар зүй зохистойгоор, цаг хугацаанд нь зохион байгуулах ажилд Засгийн газар дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна.
Вакцин улирлын томуугийн өвчлөл болон нас баралтаас сэргийлж хамгаалах нөлөөтэй нь шинжлэх ухаан судалгааны үр дүнгээр баталгаажсан. ДЭМБ халдварт өвчнүүд болон томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд түнш байгууллагууд болон Засгийн газартай үргэлжлүүлэн хамтран ажиллана" гэлээ.