Америкийн Колумбын их сургуулийн эрдэмтэд агаарын бохирдол болон хоол хүнсний уялдаа хүний тархинд хэрхэн нөлөөлдгийг судалсан байна. Уг судалгаанд 70 настай 1300 гаруй хүнийг хамруулсан аж. Оролцогчид долоо хоног тутамд хэрэглэдэг загасны мах, далайн амьтны махныхаа хэмжээг тооцоолохоос гадна шарсан, утсан лаазалсан зэргээр хэрхэн боловсруулсан, ямар төрлийнх вэ гэдэгт анхаарах ёстой байжээ. Учир нь тосонд шарахад загасны махны хамгийн ашигтай омега-3 тосны хүчлийн чанар буурч, зарим тохиолдолд үгүй болдог учраас хэрэв эл аргаар боловсруулсныг хэрэглэсэн бол идээгүйд тооцохыг зөвлөжээ. Судалгааны үр дүнгээс харахад, долоо хоногт 1-2 удаа тос ихтэй загас, далайн гаралтай махыг жигнэх, чанах зэргээр болгож хэрэглэдэг хүмүүсийн бие махбодод омега-3 тосны хүчил хангалттай байжээ. Судалгааны хамгийн гол зорилго болох тархины эрүүл мэнд сайн байгаа нь тогтоогдсон талаар тус багийн удирдагч Ка Хе онцлоод “Загас бол омега-3 тосны хүчлүүдийн маш сайн эх үүсвэр бөгөөд настайчуудын тархины бүтцийг дэмждэг болох нь батлагдсан. Загасанд агуулагдах өөхний хүчил нь хар тугалга, мөнгөн ус зэрэг хорт бодисын нөлөөгөөр үүсэх тархины эд, эсийн гэмтлийг бууруулж, бохирдсон агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцроос хамгаалах үйлчилгээтэйг эл судалгаагаар харуулсан нь чухал үр дүнтэй” гэж мэдээлжээ. Үүнээс гадна уг судалгаагаар тослог ихтэй загасыг тогтмол хэрэглэх нь тархины ой санамж хариуцдаг хэсгийн цагаан бодис, гиппокамп (тархины тунгалгийн системийн хэсэг бөгөөд сэтгэл хөдлөл, ой санамжийг нэгтгэхэд, тодруулбал, богино хугацааны ой санамжийг урт хугацааных руу шилжүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй)-ын үйл ажиллагааг илүү бат бэх болгодгийг тогтоожээ.
Бэлтгэсэн: Э.Хана