ЭМЯ, ХӨСҮТ хамтран жил бүрийн намар, хавар дархлаажуулалтын 10 хоногийн аян өрнүүлж, зорилтот бүлгийн иргэдээ вакцинд хамруулдаг. Ялангуяа томуугийн улирлыг угтуулж хүүхэд, жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, ахмад настан, олон нийттэй харьцдаг ажил, мэргэжлийн хүмүүсийг дархлаажуулдаг уламжлалтай. Засгийн газраас үүнд зориулж 509 500 хүн/тун вакцин импортлох төсвийг шийдвэрлэсэн юм. Ингэснээр вакцины хэмжээ өмнөх жилүүдийнхээс 3-4 дахин нэмэгдэж, хүртээмж тэлснийг эмч нар онцолсон. Эхний ээлжийн 209 500 хүн/тун вакциныг ЭМЯ-ныхан уржигдар хүлээн авсан бол өчигдөр 300 000-ыг нь оруулж ирлээ. ДЭМБ-аас энэ онд томуугийн H1N1, H3N2, А, B хүрээний вирус дэгдэх магадлалтай гэж үзсэн. Тиймээс манай улс эдгээр үүсгэгчийн эсрэг найрлагатай гурван цэнт вакциныг БНСУ-ын “Грийн кросс” компаниас импортлов. Өдгөө вакциныг өрх, дүүргийн эмнэлгүүдийн Дархлаажуулалтын кабинетуудад хуваарилж байгаа аж. Зургаан сартайгаас ес хүртэлх насны хүүхдүүд болон дээр дурдсан зорилтот бүлгийнхэн үнэ төлбөргүй, сайн дурынхан 15 мянган төгрөгөөр вакцин хийлгэх боломжтой юм байна. Ташрамд дурдахад, одоогоор хүн амын дунд томуугийн вирус дэгдээгүй. Халдварын идэвхтэй үе нь ихэвчлэн арваннэгдүгээр сарын дундаас эхэлж, ирэх оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг аж.