Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон 62 дугаар тогтоолыг Засгийн газар өнгөрсөн өвөл гаргаж, нийслэлчүүд “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн. Үйлдвэрлэл, түгээлттэй холбоотой багагүй шүүмжлэлд өртсөн “Тавантолгой түлш” компанийнхан нийслэлийн зүүн бүсэд сайжруулсан түлшний шинэ үйлдвэр барьж буй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард шав тавьсан тус үйлдвэрийн барилгын ажлын гүйцэтгэл хэр байгааг сурвалжиллаа.
600 000 ТОНН ШАХМАЛ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭНЭ
Налайх дүүргийн нутагт орших 70 га газарт шахмал түлшний шинэ үйлдвэр барьж байгаа. Засмал замаас салж, 10 орчим километр шороон замаар яваад шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалт өрнөж буй талбайд очлоо. Эл үйлдвэрийг ашиглалтад оруулснаар тортог, бохирдол багатай, стандартад нийцсэн 600 мянган тонн түлш үйлдвэрлэж, 1000 гаруй ажлын байр бий болгон, нийслэлийн агаарын бохирдлыг 70-80 хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоо бий. Төмөр болон авто зам, цахилгаан сүлжээ, эдийн засгийн тооцоог үндэслэн үйлдвэр барих газрыг Налайх дүүрэгт сонгосон бөгөөд хаа сайгүй бүтээн байгуулалтын ажил ид өрнөх талбай биднийг угтав. Үйлдвэр барих ажлын явцыг бидэнд танилцуулах хүнийг М.Жавхлан гэдэг. Тэрбээр “Тавантолгой түлш” компанид ерөнхий инженерээр ажилладаг. Харин одоо шинэ үйлдвэрийг хариуцан ажиллаж байгаа гэнэ. “Туршилт, судалгааны үйлдвэрийг маргааш (уржигдар) ашиглалтад оруулна. Өдөрт 30 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Тоног төхөөрөмжид нь 72 цаг тохируулга хийж, эвдрэл, гэмтэл гарахгүй бол түлш үйлдвэрлэж эхлэх юм. Энэ талбайд шахмал түлшний гурав, нүүрс угаах, коксжуулах тус бүр нэг, нийт гурван төрлийн, таван үйлдвэр ашиглалтад оруулна” хэмээн шууд л ажил хэргийн яриагаар бидэнтэй мэндчиллээ. Эхний үйлдвэрийг ашиглалтад оруулсны дараа удаахыг нь ирэх есдүгээр сарын 1-нд, гурав дахийг нь 15-нд барьж дуусгах аж. Харин тоног төхөөрөмжийг нь долдугаар сарын 13-наас угсарч эхлэх гэнэ. “Гурван үйлдвэр 24 цагаар ажиллавал өдөрт 180, жилд 1.75 сая тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Есдүгээр сард бүрэн ашиглалтад оруулах учир дөрөвдүгээр сарын 1 хүртэл 750 000 тонн сайжруулсан нүүрс үйлдвэрлэнэ. Тоног төхөөрөмжийн эвдрэл, эрсдэлийг тооцвол хамгийн багадаа 600 000 тонныг үйлдвэрлэх боломжтой” гэж тэрбээр хэлэв.
ИРГЭД ХӨЛДҮҮ НҮҮРС ТҮЛЖ, УГААРТ ХОРДОХГҮЙ
Тун удахгүй ашиглалтад оруулах үйлдвэрийн талбайд ирлээ. Тоног, төхөөрөмжийн 80 хувийг угсарсан байв. Шахмал түлшний үйлдвэрийн шугам, тоног төхөөрөмж овор хэмжээ том учир эхэлж угсраад, дараа нь барилгын ажлыг эхлүүлэх аж. Эхний үйлдвэрийн барилгын ажил 50 хувьтай үргэлжилж буй. Харин нийт үйлдвэрийн ажлын гүйцэтгэл 40 хувьтай гэнэ. Өнгөрсөн жил шахмал түлшний эрэлт их байсан учир хатаах дамжлагаас иргэдийн гарт дутуу боловсруулсан, хөлдүү нүүрс очсон удаатай. Энэ жил дахин ийм асуудал гарах, эсэх талаар инженер М.Жавхлангаас тодруулахад “Ирэх өвөл хоёр үйлдвэр тус бүрт 600 000, нийт 1.2 сая тонн түлш үйлдвэрлэнэ. Өнгөрсөн жил иргэдийг шахмал түлшээр шуурхай хангахын тулд уураар удаан боловсруулалгүй хатаах төхөөрөмжид шууд хүргэснээс үүдэн цан цохиж, хөлдсөн. Энэ жил хоёр үйлдвэр хангалттай хэмжээний түлш үйлдвэрлэх учир давчуу цагт баригдан, дутуу боловсруулсан нүүрс иргэдэд хүргэхгүй. Мөн Налайх дүүрэг, Өлзийт хороолол, Төв аймгийн оршин суугчдыг шахмал түлшээр хангах зорилт тавин ажиллаж байна. Тоног төхөөрөмжийг БНСУ-аас авч байгаа учир чанарын шаардлага хангасан, найдвартай байх болов уу. Үүнээс гадна алслагдсан дүүргийн гэр хороололд амьдардаг өрхүүдэд хүргэхийн тулд зам, дэд бүтцийг нь засаж, сайжруулах ажлыг ч хийж байгаа. Шахмал түлшний хангамжийн 10 бааз, дундын 17 агуулах, борлуулалтын 390 цэгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна. Хатаах төхөөрөмжөөс гарсан түлшийг тасалгааны температурт 2-3 цаг байлгахад бүрэн хатна. Тиймээс иргэд ирэх өвөл хөлдүү нүүрс дахин хэрэглэхгүй. Хэрэв техникийн саатал гарахгүй бол нэг өрх долоо хоногт зургаан шуудайгаас илүү нүүрс хэрэглэх боломжтой” гэв.
Өнгөрсөн хугацаанд 976 өрхийн 25 559 иргэнээс угаарын хийн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Тиймээс 56 удаахэвлэлийн хурал хийж, давхардсан тоогоор хэвлэл мэдээллийн 250 гаруй хэрэгслээр дамжуулан угаарын хийн хордлого, сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээний талаарх мэдээллийг иргэдэд хүргэсэн байна. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-наас энэ жилийн гуравдугаар сарын 31 хүртэл 2358 алба хаагч хөдөлгөөнт эргүүлд гарсан. Сайжруулсан түлшинд зуух нь тохирохгүй, иргэд буруу галласнаас үүдэн угаарын хийн дуудлага ихэссэн гэж “Тавантолгой түлш” компанийнхан тухайн үед мэдээлж байсан юм. Харин инженер М.Жавхлан энэ талаар “Иргэд шахмал түлшээр гал түлэх туршлагатай болж, зарим аж ахуйн нэгж стандартад нийцэхгүй зуухаа сольж байгаа учир угаарын хийд хордох тохиолдол ирэх жил гарахгүй байх. Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай А/137 захирамжийг нийслэлийн Засаг дарга өнгөрсөн арванхоёрдугаар сард гаргасан. Эл захирамжид “Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт цахилгаан, дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагаас бусад бүх төрлийн нам даралтын халаалтын зуухтай газрыг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосугай” гэж тусгасан. Аж ахуйн нэгжүүд эл үүрэг, чиглэлийн дагуу нам даралтын зуухаа шаардлагад нийцүүлэн сольж буй. Хамгийн гол нь иргэд сайжруулсан түлшээр хэрхэн галлах тухай туршлага хуримтлуулсан учир хордох, эндэх нь багасна гэж найдаж байгаа” хэмээв.
ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАХ БОЛОВСОН ХҮЧНЭЭ БЭЛТГЭНЭ
Эндээс хөдлөөд хоёр, гурав дахь үйлдвэрийн талбайд очлоо. Үйлдвэрийн барилгаас гадна цахилгаан, тоног, төхөөрөмжийн хэсэг, зам, талбай гээд дэд бүтцийн ажлууд үргэлжилж байв. Үйлдвэрийн барилга, дэд бүтэц, машин механизм, тоног төхөөрөмж зэрэгт ашиглах шаардлагатай хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргаж буй. Одоогоор бүтээн байгуулалтын нийт өртгийг бүрэн тооцох боломжгүй гэж инженер залуу хэлэв. Дээрх үйлдвэрийн барилгыг зургаан компанийн 200, “Тавантолгой түлш”-ийн 24 инженер, барилгын 30 ажилтан “босгож” байгаа бол зураг төслийг нь найман компани хамтран боловсруулж буй. Харин шинэ үйлдвэрийг бүхэлд нь ашиглалтад оруулснаар 800-1000 хүн ажлын байртай болох гэнэ. Үүний 200 орчим нь инженер бол үлдсэн нь техникийн ажилтан байна. “Налайх дүүрэг, Төв аймгийн Зуунмод сум дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж, наймдугаар сарын 1-нээс ажилчдаа бэлтгэж эхлэхээр болсон” хэмээн инженер М.Жавхлан хэллээ. Нэг ажилчин 15 хоногийн турш дөрвөн ээлжийн аль нэгэнд нь ажиллах боломжтой. Эхний ээлжийн 300 ажилтны байрлах байрыг энэ сарын 15-нд ашиглалтад оруулахаар болжээ. Түрүүлж ашиглалтад оруулсан үйлдвэрт 35 хүн ажиллана.
БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ, НИЙСЛЭЛИЙН ХАМГИЙН ТОМ ҮЙЛДВЭР
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулснаар түүхий эд болох нунтаг нүүрсийг хялбар тээвэрлэх боломжтой. Мөн үйлдвэрээс гарсан шахмал түлшийг галт тэргээр нийслэл рүү тээвэрлэх гэнэ. Өдгөө Өмнөговь аймаг дахь Ухаахудагийн уурхайгаас авто замаар тээвэрлэж буй түүхий эдийг Төв аймагт байрлах дундын бүсэд буулгаж, шинэ болон хуучин үйлдвэр лүү зөөж авдаг. Харин дээрх төмөр зам ашиглалтад орсноор Төв аймгийн Баян сум дахь Мааньт өртөөнөөс шинэ үйлдвэр хүртэл 2.8 километр авто зам тавьж, түүхий эдийг саадгүйгээр тээвэрлэх боломж бүрдэх гэнэ. Эл замыг ирэх оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна. Мөн үйлдвэр дотор нэг урсгал бүхий гурван салаа зам тавихаар төлөвлөжээ. Ингэснээр хүнд даацын автомашинууд газар талхалж, тоос, шороо босгохоос сэргийлж буй аж.
70 га талбайг эзлэх, 1000 гаруй хүнийг ажлыг байраар хангах эл бүтээн багуулалтыг нийслэлийн хамгийн том үйлдвэр болох боломжтой гэж М.Жавхлан бахдан ярилаа. Барилгын ажил, тоног төхөөрөмжийн угсралт энд тэндгүй өрнөх эл талбайд газар ухах, тэгшлэх ажил ч их. Бидний очсон талбайд байрлах долоон метрийн гүн энэ нүхэнд түүхий эд бутлах төхөөрөмж байршуулах аж. Нунтаг нүүрс тортог ихтэйгээс гадна шороо, тоос их босгох учир газар доор бутлах үйлдвэр барихаар шийдсэн аж. Ингэснээр ойр орчмын бэлчээрийн газар, байгаль орчин сүйдэхээс урьдчилан сэргийлж буй хэрэг гэнэ. Мөн нүүрс овоолох хэсэгт салхины 10 метр өндөр хамгаалалт барьж, байгаль орчныг хамгаалах юм байна. Шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлсний ачаар өнгөрсөн онд нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурсан. Нам даралтын зуухтай аж ахуйн нэгжүүд түүхий нүүрс хэрэглэхээ больсноор ирэх өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 70-80 хувиар бууруулах судалгааг холбогдох байгууллагаас гаргасан. Байгальд орчинд ээлтэй, нийслэлийн хамгийн том үйлдвэрийг ашиглалтад оруулчихвал дээрх үзүүлэлт дахиад 10 хувиар нэмэгдэх боломжтой юм билээ.