Франц улсад Чечен үндэстний бүлэглэл улам бүр аюултай үйл ажиллагаа явуулах болсон тухай тус улсын Эрүүгийн Мөрдөн шалгах газрын Тагнуулын алба Цагдаагийн Ерөнхий газарт тайлагнажээ. Энэ тухай Le Parisien сонин мэдээлэв. Баримт бичиг нь Дижон хотод амьдардаг Хойд Африк болон Чечен гаралтай иргэдийн хооронд гурван өдөр үргэлжилсэн мөргөлдөөний дараа нийтлэгдсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр мөргөлдөөн Хойд Африкаас гаралтай иргэд голлон амьдардаг Гресиллд дүүрэгт 16 настай Чечен залуу халдлагад өртсөнөөс эхэлжээ. Залуугийн өшөөг авахаар Францын өнцөг булан бүрээс төдийгүй, хөрш Бельги, Германаас Чечен иргэд Дижонд ирцгээсэн байна. Зургадугаар сарын 15-нд 150 гаруй Чечен үндэстэн хүүгийн өшөөг авахаар Гресиллд дүүрэгт цугларсан бөгөөд ихэнх нь зэвсэглэсэн байжээ. Тэд агаарт хий буудаж, хяналтын камеруудыг эвдэн, хогийн сав, автомашинуудыг шатааж эхэлсэн байна. Цагдаа нар шуурхай арга хэмжээ авсны үр дүнд хүчирхийллийг зогсоож, дөрвөн этгээдийг баривчилсан байна. Тайланд "Сүүлийн жилүүдэд Францад ихэвчлэн Чеченүүд болон бусад бүлгүүдийн хооронд, ялангуяа Хойд Африкаас гаралтай иргэдийн хоорондох мөргөлдөөн улам бүр нэмэгдэх боллоо" гэж дурджээ. Ингэх шалтгаан нь хууль бус эдийн засгийн тухайлбал төрөл бүрийн худалдааны цэгүүдийг ивээлдээ багтаах, хар тамхины худалдааг хянах зэрэг салбарт янз бүрийн үндэстний эрүүгийн бүлэглэлүүдийн хоорондох зөрчилдөөнтэй холбоотой аж. “Эдгээр эрүүгийн бүлэглэлүүдийн өөрсдийн хүчийг үзүүлэх үйл ажиллагаа Францын нутаг дэвсгэр дээр улам бүр нэмэгдэж байна" гэж тус тайланд онцолсон байна. Өнгөрсөн 4-р сард Ницце хотод хоёр Чечен үндэстэн оролцсон буудалцаан болсон аж. Түүний дараа Труа хотын ойролцоо төмөр утас, саваа модоор зэвсэглэсэн 50 орчим Чечен үндэстэн Африк цагаачид руу дайран олныг хамарсан зодоон үүсгэжээ. Францын дотоод хэргийн дэд сайд Лорен Нюнез өчигдөр тус хотод очиж, танхай этгээдүүдийн үйлдлийг таслан зогсооход бүх хүчээ дайчлахаа амлаж, зэвсэглэсэн цагдаагийн хүчийг нэмэлтээр илгээж, нөхцөл байдал сайжрах хүртэл байрлуулахаа мэдэгдсэн байна.