Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийхэд гар бие оролцож, оюун бодлоо уралдуулсан, уул уурхай, эдийн засаг, хууль, эрх зүйн салбарын арваад залуу мэргэжилтэн 2010 онд “Монголчууд 10 жилийн дараа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны үр ашгийг ойлгож, биднээр бахархах болно. Төрөөс бараг шагнал хүртээх байх” гэж ярилцдаг байсан гэдэг. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголын талд үр ашиг багатай болсон гэсэн шүүмжлэл газар авч байсан тухайн үед тэд ийн ярилцдаг байжээ. Гэтэл тэдний дэврүүн бодол өнгөрсөн 10 жилд талаар боллоо. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийхэд бодлогоор дэмжсэн Ерөнхий сайд асан С.Баяр, ажлын хэсгийг ахалсан тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт нарыг хорьж, шалгалаа. Тэднийг албан тушаалаа ашиглан, бусдад давуу байдал олгосон гэж буруутгасан. Мөн хөрөнгө оруулалтын гэрээний тодотгол гэж хэлж болох “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлах үүрэг өгсөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ажлын хэсгийг нь ахлан ажилласан Б.Бямбасайхан нарыг хорьж шалгав.
...Монголчууд аливаа хэлэлцээрийг хийхдээ нэгдсэн бодлоготой байдаггүй. Хэлэлцээр хийсэн хүн бүр гадаадынханд найр тавигч, эх оронч бус, урвагч болж хувирдаг. Тэднийг буруутган, эцэст нь шоронд суулгаж байна...
Биднээр бахархах байх гэж итгэсэн мөнөөх залуусын дэврүүн бодол одоо энэ хэрэгт орооцолдоод шоронд орчихгүй юм сан гэсэн айдсаар солигдсон. Засгийн газраас Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хэлэлцээрийг хийх үүргийг М.Энхсайханд өгсөн байдаг. Ингэхдээ ажлын туршлагатай түүнийг Монгол Улсын сайдаар томилон энэ хэлэлцээг удирдуулсан юм. Хэлэлцээг хийж, гэрээний төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн боловч Монголын талд үр ашиггүй гэж үзэн, батлаагүй билээ. Үндсэндээ УИХ-аас түүнийг муу ажилласан гэсэн дүн тавьсан. Гэрээг хэлэлцээ ч үгүй, батлаагүй ч үгүй. Гэтэл саяхан түүнд шүүхээс ял оноолоо. М.Энхсайханыг анх Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний хэлэлцээрийг хийхдээ террорист үйл ажиллагаа явуулах зорилго агуулсан гэсэн зүйл ангиар ял тулган шалгаж эхэлсэн. Гэвч эцэстээ өөр зүйл ангиар ял оноожээ.
Тэднийг буруутгахдаа эдийн засгийн үр ашгийн тооцоолол гэхээс илүү улстөржсөн хандлага гаргаж буй нь илэрхий харагддаг. Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд оролцсон хүмүүсийг хэрэгт холбогдуулан хоёр жилийн өмнөөс шалгасан. Ингэхдээ УИХ-ын сонгуулийн өмнө яллагдагчаар татан, шүүх рүү шилжүүлж буйг улс төрийн өнцгөөс харахаас өөр аргагүй. Үүний цаана зарим нөлөө бүхий улстөрчийг эрх мэдлээс хөндийрүүлэх зорилго байна гэж хардах үндэстэй. Цагдан хорихынхоо өмнө нийгэмд тэднийг буруутан мэтээр харагдуулах нийтлэл, нэвтрүүлэг цацна. Зарим шинжээч “Улс төрийн хар пиараар зэвсэглэсэн хэлмэгдүүлэн яллах ажиллагаа явж байна” гэж дүгнэдэг.
Сүржин мэдээлэл цацаж, сүйд болсон ч ачир дээрээ ажил хэрэг болгоогүй нэгэн жишээг эш татъя. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захирамжийг хууль бус гэж үзсэн. Мөн Монгол Улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн Ерөнхий сайдын захирамжийг хууль бус гэж үзсэн юм. Дээрх гурван захирамжийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны 1-5 дугаар сард баталснаар “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт үргэлжилсэн. Шүүхээс дээрх захирамжуудыг хууль бус гэж үзсэн ч Засгийн газраас нэгийг нь ч цуцлаагүй байна. Захирамжуудыг цуцалбал Оюутолгойн далд уурхайн санхүүжилт зогсоно. Захирамжийг цуцлаагүй хэрнээ гэрээ байгуулж, төлөвлөгөөг баталсан хүмүүсийг буруутгасаар байгаа нь ямар учиртай вэ. Тэднийг “харлуулах” нь л эрх мэдэлтнүүдийн гол зорилго бололтой.
Монгол Улс ирээдүйд гадаадын хөрөнгө оруулагчидтай олон мега төсөл хамтран хэрэгжүүлэх нь дамжиггүй. Манай талаас хэн нэгэн улсынхаа эрх ашгийг хангуулахаар хэлэлцээрийн ширээний ард сууж таарна. Хэлэлцээр хийсэн мэргэжилтэн бүрээ дараа нь хардаад, шалгаад, амар заяа үзүүлэхгүй, улыг нь шагайгаад байвал Монголын төлөө хэн зүтгэх вэ. Учир утгагүй шалтгаанаар ч хамаагүй гэмт хэрэгтэн болгохоор зүтгэдэг төртэй байхад хэн “Би энэ гэрээг хийе” гэж зориглох вэ. Тухайн гэрээг удирдаж байгуулсан улс төрийн нам, эвсэл, улстөрчийг өрсөлдөгч, үзэл бодол нийлдэггүй улстөрчид нь ялих шалихгүй шалтгаанаар байнга буруутгадаг. Эсрэг тал нь, эсвэл үзэл бодол нийлдэггүй улстөрч нь эрх мэдэлд хүрэнгүүтээ нөгөөхөө гэмт хэрэгтэн болгох гэж хичээнэ. Мега төслүүдийн гэрээ байгуулахад оролцсон хүмүүсийг шалгаж буй өнөөгийн дүр зургаас ийм дүгнэлт хийж болохоор байна.
Алдаа дутагдалтай, буруу хийсэн гэрээ хэлэлцээрийг засах нь Монгол Улсын гол эрх ашиг. Гэвч гэрээг нь засаж сайжруулах гэхээс илүү байгуулсан мэргэжилтэн, бодлогоор дэмжсэн улстөрчдийг нь намнах ажилд гол анхаарлаа хандуулдаг нь хачирхалтай. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсад үр ашиггүй болсон гэсэн ойлголтыг олон түмэнд төрүүлсэн. Тэгвэл яаж ашигтай болгох вэ, хэрхэн засаж, үр ашгийг нь дээшлүүлэх вэ гэдэг гаргалгаа хэнд байна вэ. “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу “Дубайн гэрээ” алдаатай болсон гэж олон улстөрч шүүмжилдэг. Гэхдээ тэдний нэг нь ч засаж залруулах санаачилга гаргаагүй. Гэрээний алдаа дутагдлыг хамгийн сайн олж хардаг тэднийг хэлэлцээрийн ширээний ард суулгах хэрэгтэй байж магадгүй.
Мега төсөл хэрэгжүүлэх хэлэлцээр хийхэд Монгол Улс ширээний нэг, хөрөнгө оруулагч нөгөө талд суудаг. Харилцан ашигтай хамтран ажиллахын тулд монголчууд бүгд нэг тал болж ажиллах ёстой. Гэтэл монголчууд ширээний нэг талд хоёр хуваагдчихна. Хүчээ нэгтгээд нөгөө талтайгаа ашигтай хэлэлцээр хийхийн оронд үүрэг өгч ширээний нэг талд суулгасан өөрсдийн хүмүүсийг хардаж, буруутгадаг. Энэ гажуудал нь манай талд алдаа болохоос оноо авчрахгүй. Монголчууд аливаа хэлэлцээрийг хийхдээ нэгдсэн бодлоготой байдаггүй. Хэлэлцээр хийсэн хүн бүр гадаадынханд найр тавигч, эх оронч бус, урвагч болж хувирдаг. Тэднийг буруутган, эцэст нь шоронд суулгаж байна. Ийм гажуудал, өс хонзонгийн тавцан дээр хэн Монголын төлөө зүтгэх вэ.