БНХАУ-ын төрийн өмчит, томоохон таван цахилгаан станц Австралийн эрчим хүчний нүүрсийг энэ сарын 15-наас худалдан авахаа зогсоосон тухай “Wood Mackenzie” мэдээллээ. Энэ нь урд хөрш импортоо багасган, дотоодын зах зээл дэх үнийг нэмэгдүүлэхийг зорьж буйтай холбоотой гэжээ. “Wood Mackenzie” компанийн шинжээч Рори Симингтон “Австралиас авах нүүрсэнд хориг тавьсны эргэн тойронд тодорхойгүй зүйл олон байна. Хятадын олон боомтод 2019 оны гуравдугаар сараас хойш Австралиас эрчим хүчний нүүрс авахдаа өөрчлөлт оруулж байгаа” хэмээжээ. Энэ талаарх мэдээллийг авсныхаа дараа Австралийн Шадар сайд Майкл Маккормак санаа зовж буйгаа дурдсаныг “Australian financial review” сонин мэдээлэв. Тэрбээр “Худалдааны сайд, дипломатчид үүнд анхаарч байгаа. Манай улс Хятад улстай хоёр талт харилцаатай. Хятадад Австрали хэрэгтэй. Австралид ч Хятад хэрэгтэй. Хятадын төмөрлөгийн үйлдвэрүүд, цахилгаан станцуудад Австралийн өндөр чанартай нүүрс хэрэгтэй. Тус улс манай бүтээгдэхүүнийг урт хугацаанд худалдан авч буй. Тэд манай нүүрсний чанар ямар вэ гэдгийг мэдэж байгаа” хэмээн өгүүлжээ.
Ташрамд дурдахад, Австралиас Хятадад нийлүүлдэг бүтээгдэхүүний хоёрдугаарт эрчим хүчний нүүрс төмрийн хүдрийн дараа эрэмбэлэгддэг аж. Өмнөд хөрш Австралийн төмрийн хүдрийн нийлүүлэлтэд тавих журамдаа ч ирэх сарын эхнээс өөрчлөлт оруулах гэнэ. Уг нь Хятадын төмрийн хүдрийн эрэлт өсөж буй юм байна. Австралийн төмрийн хүдрийн экспортын 60 гаруй хувь нь Хятадад ногддог дүн бий.
Сүүлийн үед тус хоёр орны худалдаанд зөрчил гарч байгаа хэмээн дээрх сонин тэмдэглээд, өнгөрсөн жил Хятадын боомтуудад нийлүүлэхээр хүргэсэн бүтээгдэхүүнийг буулгахад өмнөхөөс олон хоног хүлээж байсныг дурдлаа. Мөн Бээжин Австралийн арвай, үхрийн махны нийлүүлэлтийг багасгах арга хэмжээ авсныг бичсэн байв. Цар тахал тархсанд Хятадыг шалгах уриалгыг Австралийн зүгээс гаргасан нь хоёр орны худалдаанд нөлөөлсөн байх талтай хэмээн зарим шинжээч тэмдэглэжээ.