“Салхитын мөнгөний ордын” гэх тодотголтой, шүүгч, өмгөөлөгч, цагдаагийн ажилтан холбогдсон авлигын хэргийг шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 14-нөөс эхэлж, 22-ны 20.00 цагийн үед тогтоолоо танилцууллаа. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь дээрх ордын тусгай зөвшөөрлийн маргааныг шийдвэрлэхдээ анхан болон хяналтын шатны шүүхийн шүүгч нар Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, Ц.Өнөрцэцэг зэрэг зуучлагчаар дамжуулан 50 саяас дээш төгрөгийн хахууль авсан хэрэгт Улсын дээд шүүхийн болон анхан шатны шүүхийн нэр бүхий шүүгчдийг буруутган АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн билээ.
15 холбогдогчтой, шүүгдэгч тус бүр 1-2 өмгөөлөгчтэй уг хэргийн шүүх хурал олон хоног үргэлжилсний эцэст Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нарыг хахууль өгсөн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн тасгийн дарга асан, хошууч Г.Алтан-Очир нарыг хахууль авсан гэм буруутайд тооцож, тус бүрт нь гурван жил хорих ял шийтгэв. Харин Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт таван жил хорих ял оноожээ. Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон нарыг цагаатгасан байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг болон хахууль өгсөн хэрэгт холбогдсон Ц.Өнөрцэцэг, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, МӨХ-ны ерөнхийлөгч асан Б.Пүрэвням, шүүгдэгч С.Оюунбат нарт холбогдох үйлдлийг тусгаарлахаар болов. Учир нь хэрэгт холбогдсон Ц.Амарсайхан эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаад улсад эмчлүүлэхээр яваад өнөөг болтол ирээгүй гэнэ.
Хахууль авсан хэрэгт холбогдсон Ж.Цэцгээд торгох ял шийтгэсэн бол өгсөн хэрэгт хамтран оролцсон М.Цэндсүрэн, Ч.Амгаланбаяр нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 269.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн ч 2015 оны мөн хуулийн тэгшилтгэлд хамруулж, хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Авлига өгсөн хэрэгт хамтран оролцсон гэх Ш.Энхтөрийн үйлдлийг дахин шалгуулахаар буцаасан байна. Хэргийг шалгах явцад 2018 оны есдүгээр сард битүүмжилсэн 1.3 сая ам.долларыг улсын орлого болгож, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг төрд буцаан авах шийдвэр гаргалаа.
Бэлтгэсэн: Г.Равжаа