Их Британийн агаарын тээврийн “EasyJet” компани цахим халдлагад өртөн хэдэн сая үйлчлүүлэгчдийнхээ өгөгдөхүүнийг алджээ. Энэ тухай тус компани өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн байна. Хакерууд компанийн мэдээллийн санд нэвтрэн ойролцоогоор 9 сая үйлчлүүлэгчийн цахим хаяг , аяллын тухай мөн тэдгээрийн 2.2 мянга орчмынх нь зээлийн картын өгөгдөхүүнийг авчээ. “Аливаа хувийн мэдээллийг хууль бус зорилгоор ашигласан гэх нотолгоо байхгүй байна. Гэхдээ бид аяллынх нь талаарх мэдээлэл алдагдсан 9 сая орчим үйлчлүүлэгчтэй холбоо барьж, цахим залилангаас хамгаалах арга хэмжээ авахыг зөвлөж байна" мэдэгдэлд дурджээ. "Технологийн өндөр төвшний цахим халдлага" анзаарагдсан даруйд тус компанийн мэргэжилтнүүд шаардлагатай арга хэмжээг авч, зөвшөөрөлгүй нэвтрэх бүх боломжийг хаасан байна. “EasyJet” компанийн удирдлага болсон үйл явдлын талаар нь Их Британийн Үндэсний цахим аюулгүй байдлын төвд шууд мэдэгджээ.