Монголын соёлын аялал жуулчлалын холбоо ТББ-аас “Монгол өв соёлын цогцолбор”-ыг Хүй долоо худагт байгуулахаар болжээ. 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн түүх, соёл, байгалийн онцлог шинжийг тодотгосон хүүхэд, залуус, гадаад, дотоодын жуулчдад үзүүлэх, өвлүүлэн үлдээх зорилготой эл цогцолборыг таван жилийн хугацаанд барьж, ашиглалтад оруулах гэнэ. Улсын тусгай хэрэгцээний 10 га талбайд барих бөгөөд одоогоор нийслэлийн ЗДТГ-т хүсэлт хүргүүлээд буй. Тус цогцолборын голд монгол ахуйг илтгэсэн 12 ханатай нэг, соёлын өвийг хадгалсан зургаа, бүтээлч үйлдвэрлэлийг танилцуулсан, ЮНЕСКО-д бүртгэгдсэн монгол соёлыг толилуулах тус бүр нэг гэр байх аж. Эдгээрээс гадна кинотеатр, зочид буудал, спорт талбай, амралтын газар бүхий 12 давхар барилга барих гэнэ.