Н.Багабанди
Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол. Энэ үг бусдын эерэг сайнаас үлгэр авч биеэ засах, хөндлөнгийн сөрөг муугаас биеэ хамгаалах үг төдийгүй өөрийн сайн бүхнээ зуршил болгон хэвшүүлэх, буруу муугаа хаяж гээх давхар агуулга, гүн утгатай өвөг дээдсийн сургаал юм. Сайн, муу нийлж сав дүүрдэг гэдэг шиг аливаа хүн сайн, муу зуршлын аль алиныг нь тээж явдаг. Сайн зуршил эзнээ өөдлөхөд нь ачтан мэт тусална, муу зуршил өсөж өөдлөхөд нь өстөн мэт саад болно. Өөрт хэвшиж тогтсон сайн, муу зуршлаа ялгаж салган, таньж мэдэн, зөв сайныг нь бататган, буруу муугаас нь салж ангижрахыг хичээ.
Гэрэл гэгээт, сайн сайхан ирээдүйг бодож мөрөөдөж яваа хүн бүр өөртөө хэвшүүлэх хамгийн чухал зуршил бол цагийг үр бүтээлтэй ашиглаж сурах явдал юм. Цаг чамайг хүлээхгүй, нар намайг хүлээхгүй. Цагийн юмыг цагт нь хийж сурсан, цагийг үр бүтээлтэй ашиглаж дадсан хүмүүс хэзээд амжилтын эзэн байдаг. Хэн цагийг үр бүтээлтэй өнгөрөөж чадаж байна, тэр хүссэн зорьсондоо хүрч чадах азтан, цагийг дэмий нөгчөөгч өөртөө хор хүргэж суугаа аз муутан. Цагийг үр бүтээлтэй ашиглаж сурсан хүн зорьсон зорилгодоо алхам алхмаар ойртож байдаг бол сураагүй хүнээс зорилго нь алхам алхмаар алсран холдож байдаг.
Харамч байх муухай. Харин цаг хугацаанд харам хандаж байгаа хүн хэзээ ч муухай харагддаггүй. Цаг хугацаанд харамч байгаа хүн хамгийн ухаалаг харамч. Цаг хугацаанд туйлын харамч нэгэн эрдэмтэн гарынх нь шавь мөрийтэй тоглож байхтай таарч зэмлэн загнажээ. Шавь нь, багшаа би бага мөнгөөр тоглосон юм гэж биеэ өмөөртөл би алдсан мөнгөний чинь төлөө биш, алдсан хайран цагийн чинь төлөө чамайг загнаж байгаа юм гэжээ. Өөрийн ашиглаж байгаа цагт харам байхын зэрэгцээ бусдын алтан цагийг хайрлах хэрэгтэй. Шал хэрэггүй зүйлээр бусдын цагийг нөгчөөхгүй байх нь өөртөө болон бусдад хүргэж байгаа том тус. Нэгэн хэл шинжээч “Амжилтад хүрсэн нь миний гоц авьяасын хүч бус.
Өдөр бүр өчүүхэн бага цагийг ч болов үр ашигтай өнгөрөөснийх” гэж хэлжээ. Тэрбээр талхны мөнгөө олохын тулд үйлдвэрт ажиллан, бусад цагт нь гадаад хэл сонирхон сурч, тухайн үеийнхээ арван найман хэл, Европын хорин хоёр аман аялгууг төгс эзэмшсэн байжээ. Цагийг үр бүтээлтэй өнгөрөөж буй хүний оюун ухаанд бүтээлч бодол санаа ундран оргилж байдаг бол цаг дэмий нөгчөөж суугаа хүний тархи толгойд бүтэлгүй зүйлс дүүрэн эргэлдэж байдаг. Цагийн юмыг цагт нь хийж сурах нь өөртөө хийж байгаа маш их үр ашигтай хөрөнгө оруулалт. Нэгэн ухаантнаас таны амжилтын нууц юунд байна вэ гэж асуухад “Өнөөдөр хийх ажлаа маргааш гэж, одоо хийх ажлаа дараа гэж бүү хойш тавь гэх аав, ээжийнхээ сургаалыг хатуу чанга баримталж ирсэн төдий юм” хэмээн хариулжээ. Энэ сургаалыг хатуу чанга баримталж, амжилтын эзэн болох үүд хаалга үргэлж нээлттэй байгаа шүү.
Цагийг үр бүтээлтэй ашиглаж сурах шалгарсан аргуудын нэг нь ажил үйлсдээ дэглэм журам тогтоон, цагаа зөв хуваарилах зуршил юм. Дэглэм журам тогтоож ажил хийдэггүй хүн хэдийчинээ төрөлх ухаантай, тэнгэрлэг авьяастай байсан ч гайхалтай ухаан, тэнгэрлэг авьяасынхаа ихэнхийг ашиглаж чадалгүй өнгөрөөдөг нь харамсмаар. Гүн ухаантан И.Кант өдрийн цагийг маш нарийн хуваарийн дагуу ашиглах дэг журам тогтоон ажилладаг байжээ. Тэрбээр өглөө бүр салхинд алхдаг байсан бөгөөд хөршүүд нь өдөр бүр алхахаар гарч байгаа тогтсон цаг, минутыг нь мэддэг, түүгээр нь цагаа тааруулдаг байсан гэдэг. Өөр нэг алдартай эрхэм “Миний амжилтад хүрсэн нь ямар ч хэрэг болж байсан тогтсон 15 минутын өмнө ажлаа эхэлж байсны ач юм” гэж нууцаа хуваалцжээ. Нэртэй төртэй уран бүтээлчид цагийн үнэлэмж өндөртэй, амьдралдаа хэвшүүлж тогтоосон дэг журмын дагуу бүтээлээ туурвидаг, зарим нь өглөө эртийн цагийг, зарим нь шөнө хугаслан сууж бүтээлээ туурвихаа илүү үр бүтээлтэй байсан гэж дурссан байдаг ч хамгийн гол нь амьдралдаа дэглэм журам тогтоон түүнийгээ зуршил болгож насан турш мөрдсөнөө хэлсэн байх нь түгээмэл. Хийх зүйлээ төлөвлөдөг, үүнийгээ ягштал хэрэгжүүлж хэвшсэн хүн бусдаас хоцорно гэж хэзээ ч байхгүй. Амьдралдаа дэглэм журам тогтоон хэвшүүлж эхэлбэл хувийн зохион байгуулалт эрс сайжирч, бүтээмж үлэмж дээшилнэ.
Бүх зүйлийг эерэг талаас нь харж, баясгалантай байхыг хичээ. Эргэн тойронд болж байгаа зүйлсийн эерэг талуудыг олж хараад заншчихвал сэтгэл санаа үргэлж өөдрөг, бие эрүүл, бухимдал цухалдалгүй аз жаргалтай байх болно. Баяр баясгалантай байх оролдлого бүр хүний дотоод сэтгэлийг сайжруулж, тайван амгалан ажиллаж амьдрах эрч хүчийг сэлбэнэ. Баяр баясгалантай хүмүүс жижиг амжилтад ч урамшиж, сэтгэлийн дэмийг өөрөөсөө хүртэж, эерэг бодлоо улам лавшруулна. Энгийн зүйлээс таашаал авч, жижиг зүйлээс аз жаргал мэдрэн, өөрийн хийсэн сайн зүйлийг үнэлэн талархах нь баяр баясгаланг өдөөн дэврээнэ. Эерэг бодол чинь саарч эхэлбэл ямар нэг сайн зүйл бодож олон, дотор сэтгэлдээ инээмсэглэ. Инээд бол хамгийн сайн эм гэдэг. Аль болох олон удаа чин сэтгэлээсээ инээ. Инээд эерэг бодолд хүч нэмж, тархийг амраан, сэтгэлийг сэргээнэ. Баяр хөөр дүүрэн хүмүүсээр орчноо бүрдүүлэх нь онцгой чухал. Уйтгар гунигтай, дүнсийж хүрлийсэн хүмүүсийн дунд эерэг бодол, баяр баясгалантай удаан байж чадахгүй. Гунигтай уйтгартай, юмс үзэгдлийн сөрөг талыг сонирхон шохоордог найз нөхдөөс зайгаа барихаас аргагүй.
Хүмүүст хэрэгтэй, утга учиртай зүйл ярьж, бусдын ашигтай, хэрэгтэй яриаг анхааралтай сонсож сур. Хэрэгтэй, хэрэггүй олон долоон юм ярьж байснаас хүмүүсийн сэтгэлд хүрсэн зүйл ярих нь тэднийг аз жаргалтай болгоно, хүмүүсийн ухаалаг яриаг шимтэн сонсвол чи өөрөө аз жаргал амсана. Бусдыг сонсох үедээ өөрийн ухаан бодлоо шинэ мэдлэг, шилдэг туршлага авахад нээж өгнө. Харин өөрөө ярих үед чинь тэр үүд хаалга хаагддаг учир бага ярьж, ахиухан сонсох зуршлыг эзэмш. Хүмүүсийн ярихыг анхааран сонсох нь тэднийг хүндэлж байгаагийн илэрхийлэл, сонсох чадвартай байгаа нь бусадтай харилцах замаа засаж буй хэрэг. Утга учиргүй зүйл, хов жив тааралдсан болгондоо ярьж явдаг залуу нэгэн ухаантанд найзынхаа тухай ярихаар зорьж иржээ.
Чи надад ярих гэж байгаа зүйлээ шүүлтүүрээр шүүсэн үү гэж ухаантан асуув. Ямар шүүлтүүр гэж залуу асуухад, найзынхаа тухай ярих гэж байгаа бол дор хаяж гурван шүүлтүүрээр шүүсэн байх ёстой гэв. Эхнийх нь үнэний шүүлтүүр. Найзын чинь тухай яриа хэр үнэн юм бэ? Үнэн худлыг мэдэхгүй, зам зуур сонссоноо танд ярих гэсэн юм. Хоёр дахь шүүлтүүр нь сайн сайхны шүүлтүүр. Найзын чинь тухай яриа түүний сайн сайхан үйлтэй холбоотой эерэг мэдээлэл үү гэж асуув. Үгүй, түүнийг муулсан сөрөг мэдээлэл. Гурав дахь шүүлтүүр нь ашиг тустай, эсэх шүүлтүүр. Найзынх нь тухай мэдээлэл өөрт нь болон бусад хүнд ашиг тустай юу гэв. Залуу, энэ мэдээлэл хэнд ч хэрэггүй, ашиг тусгүй, бусдын сэтгэлд хүрэх зүйл биш гэдгийг хэлэв. Найзынх нь тухай яриа үнэн худал болох нь тодорхойгүй, сайн сайхан биш, сөрөг агуулгатай, ашиг тусгүй, хэнд ч хэрэггүй мэдээлэл юм бол чи түүнийг бусдад ярьж, хэл билүүдэх хэрэг юу байна гэжээ. Учрыг ойлгосон мөнөөх залуу ул шагайж, хов жив зөөж явах буруу хэвшлээс салжээ. Үнэн, сайн сайхан, ашиг тустай, хүмүүсийн сэтгэлд хүрсэн мэдээллийг ярьж хэвшвэл өөрт чинь, өрөөл бусдад бүгдэд хэрэгтэй.
Миний найз нэгэн нэр хүндтэй эрхэмтэй уулзаж ярилцсан тухайгаа хуучлав. Энэ эрхэм амьдралын зөв хэвшилтэй, олны хайр хүндлэлийг хүлээсэн, ухаалаг өтөлж яваа, цэвэр цэмцгэр, залууст үлгэр дуурайл болсон, мөнхийн залуу сэтгэлгээт уран бүтээлч, эцгийн дээлтэй төрсөн нэгэн. Таны энэ сайн сайхан, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн яваагийн нууц юунд байна вэ гэж асуужээ. Би амьдралын турш яарахгүй, даарахгүй, уурлахгүй байх гурван зүйлийг зуршил болгон хэвшүүлсэн. Яарвал даарна. Яарснаас осол, гэнэтийн таагүй учрал тохиолддог. Яаруу сандруу хийсэн бүх ажлын үр дүн тааруу, түүхий шүүрхий, дутуу хагас. Яарч сандарснаас хожих зүйл юу ч байхгүй, харин алдаа нь нөхөж баршгүй.
Ихэнх өвчин эмгэгийн эх үүсвэр даарснаас үүдэлтэй гэж боддог юм. Эрүүл мэнддээ анхаарал тавих, эсэн мэнд явахад хийх эхний алхам бол даарахгүй байх. Уур биеийг зовооно. Уур нь уруул дээрээ хүн үргэлж бусдын дургүй хүргэж, өөр дээрээ гай дуудна. Уурлахгүй байх, уур хүрвэл уураа барих ухаантай байх л хэрэгтэй. Уурын мунхаг өөдлөхийн дайсан байдаг юм. Уур хилэн нь бадарсан хүн хагас галзуу мэт, түүний амнаас үгийн муу хэлэгдэнэ, үйлийн муу ч үйлдэгдэж мэднэ. Амьдралдаа мөрддөг миний гурван зарчим ердөө л энэ гэжээ. Хүн болгон хэрэгжүүлж, хэвшүүлчихэж болох зуршлууд байгаа биз дээ. Бага зэрэг хичээл зүтгэл гаргаж, сайн үйлдлүүдээ аль болох олон удаа давтаж зуршил болгон хэвшүүлчихвэл сайн хүн, зөв хүн байж хэн ч чадна. “Мэргэн хүмүүн мууг жигшмүй, мунхаг хүмүүн мууд дурламуй” хэмээн Эзэн богд Чингис хаан сургажээ. Сайн зуршлаа бататгаж, мууг жигшин, сэтгэл амар, сайхан амьдралд хүрэх зам мөр нь зоригийг хөвчлөн, зорин хөдлөгсдийн хувьд төдийлөн хол бус билээ.