Гашуунсухайт-Ганц мод боомт нээгдэнгүүт хүнд даацын тээврийн тэрэгнүүд гурван замаар хил давахаар довтолгов. Хилийн боомтын хаалганаас нутгийн зүг, хойш харвал нүүрс, зэсийн баяжмал тээсэн машинууд хурдан морьд барианы зурхай руу уралдан ирж яваа мэт тоос манарган ойртож харагдана. Тавантолгойн ордоос хилийн боомт хүртэл тавьсан хатуу хучилттай авто замаар 95 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгсэл зорчихыг хориглосон. Нүүрс тээврийн 22 дугуйтай нүсэр машин дангаараа 20 орчим тонн жинтэй. Тиймээс хатуу хучилттай авто замаар зорчихын тулд 70 орчим тонн нүүрс ачих боломжтой юм. Хатуу хучилттай замаар голдуу чингэлгээр нүүрс тээвэрлэж буй машинуудын цуваа ирж явлаа. Учир нь чингэлэгт 70 хүрэхгүй тонн нүүрс багтдаг аж. Гурван замын баруун талынхаар нь тэвшээр нүүрс тээвэрлэж буй машинууд цуваа дөтөлж харагдав.
“Ковид-19” өвчний тархалтын улмаас манай улс хоёрдугаар сард нүүрсний экспортоо зогсоогоод, сарын дараагаас эхлүүлсэн. Ингэхдээ коксжих нүүрсийг зөвхөн чингэлгээр тээвэрлэх журам мөрдөх болсон юм. Гэтэл нүүрстээвэрлэгч бүх компанид чингэлэг худалдан авах боломж байсангүй. Нүүрсийг зөвхөн чингэлэг бүхий машинаар тээвэрлэнэ гэвэл экспортын хэмжээ нэмэгдэхгүй нь ойлгомжтой. Энэ нөхцөлийг ойлгосон Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 20 орчим хоногийн өмнө Гашуунсухайт боомтод ажиллахдаа нүүрсийг тэвштэй машинаар тээвэрлэхийг зөвшөөрсөн юм. Тэвшээрээ тээвэрлэдэг машинууд 100 тонн нүүрс аччихдаг. Ингэхээр нийт жин 125 тоннд хүрч, хатуу хучилттай замаар явах боломжгүй болно. Их нүүрс ачсан машинууд 40 мянган төгрөг төлөөд, тусгайлан зассан шороон замаар зорчдог юм байна. Нүүрсний салаа замын голоор “Оюутолгой”-н баяжмалыг ачсан цуваа хурдлан айсуй. Шороон замыг усны машин усалж, цуваа араас нь дагана. “Оюутолгой” компани экспорт хийх тусгай гарцтай учраас ямар нэг саатах зүйл байдаггүй. Харин нүүрсний тээвэрчид тэвчээртэй хүлээж, дарааллаа алдахгүйг хичээж байж хил давдаг аж.
Гашуунсухайт боомт руу дөхөж явахад Галбын говьд олон өндөр барилга сүндэрлэж харагддаг. Тэр бол Хятадын Ганц мод суурингийн хөгжлийг илтгэх барилга байгууламж. Манай хилийн боомтын хэдэн “амбаар” алсаас ер үзэгдэхгүй. Дөхөөд очвол хилийн цаадах Ганц модтой харьцуулбал, том хадны дэргэд таван чулуу шидчихсэн юм шиг хэдэн сэндвичээр барьсан байшин бий. Хилийн боомтын хоёр талын тэнгэр газар шиг хөгжлийн ялгааг эндээс харж болно. Нүүрс экспортлогчид “Уг нь бүтээгдэхүүнээ зарж байгаа тал нь илүү хөгжих ёстой биз дээ. Гэтэл авч байгаа тал нь хөгжөөд байдаг нь ямар учир юм бэ” гэж асуудаг. Үнэхээр бүтээгдэхүүнээ зарж буй нь илүү баяжих учиртай сан. Ганц мод суурингийн өндөр барилгуудыг хилийн наанаас, нутгаасаа харж зогсоход ийм асуулт эрхгүй ээрэх аж.
Хилийн цаадах өндөр байшинд амьдран суугаа хятадууд ууртай байгаа. “Ковид-19” өвчин тархангуут манайх нүүрсний экспортоо зогсоосон нь “найдваргүй нийлүүлэгч” гэсэн шошго бидэнд зүүжээ. Аюулт өвчнөөс сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн журам тогтоогоод, нүүрсээ дахин экспортолж эхэлтэл тэднийх боомтынхоо дөрвөн хаалганы хоёрыг л нээж, биднээс хариугаа авч, өөрөөр хэлбэл, экспортын хаалгыг нарийсгасан гэсэн үг. Ийм шалтгааны улмаас манайхан Цагаан хаданд хуримтлагдсан дөрвөн сая тонн нүүрсээ дундалж чадахгүй, зүдэрч сууна.
Биднийг Гашуунсухайтад өнгөрсөн бямба гарагт очиход өдөрт 200 гаруй машин нүүрс экспортолж байлаа. Тэгвэл эл боомтоор өдөрт 1000 машин нүүрс гаргадаг байжээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар хятадуудаас нэмж хоёр хаалгаа нээгээч гэж гуйх хэлэлцээ эхлүүлсэн. Аргыг нь олж, хэлэлцээ амжилттай болбол нүүрсний экспорт нэмэгдэж, Цагаан хадны гаалийн хяналтын талбайнуудад хуралдсан нүүрс дундарна. Дамжуулан борлуулагчид Тавантолгойгоос нүүрс худалдан авах нь нэмэгдэж, уурхайнуудын үйл ажиллагаа сэргэнэ. Уурхайчид ажилдаа орж, компаниудын борлуулалтын орлого өсөн, эдийн засагт өгөөжөө “шингээнэ”.
Нүүрс чингэлгээр тээвэрлэж буй хүнд даацын машинууд хатуу хучилттай дардан зам дээр урт цуваа үүсгэн зогсжээ. Цуваа гурав орчим км зайд үргэлжилсэн байв. Тээврийн жолооч нар “Машин бага байна. Нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байх үед 10 гаруй км цуваа үүсдэг байсан” гэж ярилаа. Тэд “Хилийн бүсэд очоод, халдваргүйжүүлэлтийн хувцсаа өмсөн, цааш нэвтэрнэ. Тэгээд машинаасаа буухгүйгээр оройдоо эргэн нутагтаа ирнэ. Ариутгал, халдваргүйжүүлэлтийн зохион байгуулалт маш сайн байгаа” гэв. Тэд шөнө нүүрс ачаад, эрт хил давахаар зэхсэн тээвэрчид.
Хилийн бүсээс хойшлон хоёр талаар нь хог хөглөрөх замаар таван км орчим давхитал хажууд барагцаагаар 100 орчим машин “багшран” зогсож байв. Тэд бол өчигдөр өглөө хил даваад орой буцаж ирсэн тээвэрчид. Ганц мод орж нүүрс буулгаад ирсэн тээвэрчдийг суурьшлын бүс рүү оруулахгүй, замын хажууд хонуулдаг гэнэ. Хөнгөн хэлбэрийн тусгаарлалт хийж байгаа нь тэр аж. Хээр хоносон тээвэрчид саванд шээн, идсэн уусныгаа хогтой хамт замын хоёр талаар хаядаг юм байна. Хогийн сав нь цөөн, жорлон байхгүйгээс аргагүйн эрхэнд ингэдгээ тэд учирласан. Тэдний зогсож буй замын хажуугийн талбай улаан түйрэн. Нунтаг шороон дундуур алхвал намаг туулж буй мэт цөмөрч шилбэ хавиар татах аж. Тээврийн жолооч нар “Салхи гараагүй учраас шороо босохгүй байна. Салхи гарвал нүд нээх аргагүй, нарийн тоос манаран босдог. Уг нь энэ хажууханд “Тайван зогсоол” гэж байгуулсан. Тэнд нэг хоновол 15 мянган төгрөгийн төлбөр төлөх ёстой юм билээ. Тийм үнэтэй зогсоолоор үйлчлүүлмээргүй байна. 5000 төгрөгийн төлбөртэй бол болох л юм” гэж ярилаа.
Тавантолгойгоос Гашуусухайт хүртэлх хатуу хучилттай авто замыг “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг. Тус компани авто зам дээр урт цуваа үүсэхээс сэргийлж, “Тайван зогсоол” байгуулах санаачилга гаргаж, Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хувийн хэвшлийнхэн түүнийг нь гүйцэтгэж буй. Нөгөөх зогсоол нь бетон хучилтгүй аж. Хайрга чулуу дэвсээд, индүүдчихсэн талбайтай гэнэ. “Ачаатай хүнд даацын машинууд хэд эргэлдээд л индүүдсэн талбай нь улаан түйрэн болно. Өндөр төлбөртэй мөртлөө ямар ч хэрэггүй зүйл хийх юм” гэж ундууцах тээврийн жолооч нэг бус таарав. Хажуугаас нэг ёжтой нөхөр “Хогийн сав, жорлонгоо 15 мянган төгрөгөөр үнэлж байгаа юм байлгүй” гээд хүд хүд инээлээ. Манай жолооч нарын жижиг, томоор нь ялган “адууны”, “дааганы”, “унаганы” гэж хоч нэр өгсөн Ганц мод боомтын нүүрс тээврийн машинуудын түр зогсоолын хашаанууд 40 см зузаан бетон хучилттай. Үүнээс гадна хэдэн хоног зогссон ч нэг ч юанийн төлбөр авдаггүй гэсэн. Хятадуудын ийм “халамж”-ийг өөрсдийнхтэйгөө харьцуулсан жолооч нар чамлахаас ч яах билээ. Ийн хөөрөлдөж зогстол хэн нэгэн нь “Татаад эхэллээ” гэж хашхирав. Бөөгнөрөөд байсан хэдэн тээвэрчид үргэсэн шувуу шиг “дэрхийн” машин руугаа тарж гүйлдлээ.
Мөнөөх олон машин эхнээсээ Цагаан хадны зүг давхин, шороо манарган улаан май тавих нь тэр. Машины хөлөөр улаан түйрэн босох нь Цагаан хад, хилийн боомт орчмын бараан зовлонгийн нэг. Тээвэрчид дараагийн ачаагаа авч, чадвал дахиад өдөртөө багтан хил давчихаад ирэхээр яарсан байж. Тэднийг богинын тээврийнхэн гэж нэрлэдэг. Авто тээврийн үндэсний төвөөс Хятадын талтай хамтран олгодог хил дамнасан тээвэр хийх “С” зөвшөөрлийг эзэмшдэг тэд Цагаан хаднаас Ганц мод хүртэл нүүрс зөөх эрхтэй. Харин Тавантолгойгоос Цагаан хад хүртэл нүүрс зөөдөг жолооч нарыг уртын тээврийнхэн гэнэ.
Говийн шаргал наран доор боссон улаан майтай уралдан Цагаан хаданд ирэхэд хар түйрэн угтлаа. Тэнд гаалийн хяналтын 20 гаруй бүс ажилладаг. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн эзэмшлийн нүүрс буулгах, хадгалах, ачуулах талбай юм. Эндээс ачсан нүүрсэнд гаалийн бүрдүүлэлт хийнэ. Тиймээс гаалийн хяналтын бүс гэж нэрлэдэг. Цагаан хаданд нүүрс дамжуулан борлуулагч болон тээврийн 150 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг аж. Гаалийн хяналтын талбайд хүнд даацын машинуудаас нүүрс буулгана, бас ачна. Талбай бүрээс хар түйрэн босож харагдана. Цагаан хад гэж тэнгэрт боссон хар түйрэнгийн тортогт дарагдаж, халтайж навсайсан гэр, байшингуудтай, энд, тэнд тээврийн тэрэгнүүд эгнэн зогссон, нүүрс ачсан, ачаагүй хүнд даацын машинууд зөрөлдсөн, үнэтэй жийпнүүд сүлжилдэж, хог новшинд дарагдсан эмх замбараагүй суурин.
Тэнд ажиллаж, амьдрагсад өөрсдийгөө “Төрд мартагдсан хүмүүс” гэж хатуухан хэллээ. Байнгын эрчим хүчгүй, эмнэлэггүй, цагдаа сэргийлэхээр шударгаар хамгаалуулж чаддаггүй, амьдрах орчны эрүүл ахуйн наад захын стандартгүй сууринд аж төрж байгаа учраас тэд ингэж хэлдэг гэнэ. Авто тээврийн осолд орсон жолооч нарын олонх нь эмнэлгийн анхны тусламж шуурхай авч чадаагүйн улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Нүүрс тээврийн хүнд даацын машин байнга “цогиж” явдаг юм байна. Мөн тэд хэрээс хэтэрсэн тоос, тортгоор амьсгална. Нүүрсний тээврийн жолоочоор 5-6 жил ажилласан хүн машин “цогиж” явдгийн улмаас нурууны суулт, тортгоор амьсгалсаар уушгины үрэвсэлтэй болдог гэж тэд ярилаа. Тээврийн жолооч н.Энхбат “Бид 3-4 сар машиндаа амьдарч тээвэр хийдэг. Тэгээд хэд хоног гэрийн бараа харна. Энд хүмүүс эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж, арав, таван төгрөг олохоор ирдэг” гэсэн юм. Сайд, дарга очих сургаар орон нутгийн болон хилийн боомтын засаг, захиргааныхан Цагаан хадны хог шороог цэвэрлээд, урт дараалал үүсгэсэн ачааны машинуудыг овоолсон нүүрсний араар нуух, хар түйрэн босгохгүйн тулд ачилт, буулгалтыг зогсоох арга хэмжээ авдаг гэсэн. Тэд “Төр, засаг бидний бодит нөхцөлийг огт мэддэггүй” гэж гомдоллов. Цагаан хад гэж эрүүл мэндийн хар зовлонтой газар юм санж.
Нүүрсний тээвэр хийдэг 10 мянган жолоочийн 3000-ыг эгнээндээ нэгтгэсэн “Тээвэрчдийн зөвлөл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Н.Ялагдашгүй “Бид нүүрс тээвэрлэж, улсынхаа хилээр өдөрт найман сая ам.доллар оруулж ирдэг жолооч нар. Гэтэл эрүүл мэнд, амь насанд аюултай ийм орчинд ажиллуулж байгаад харамсдаг” гэв. Тиймээс эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавин ажиллаж байгаа жолооч нарынхаа орлогыг нэмэхээр “80+ хөдөлгөөн”-ийг санаачилжээ. Энэ бол нэг тонн нүүрсийг 80 юаниас дээш хөлсөөр тээвэрлэхийг уриалсан хөдөлгөөн аж. Одоогоор уртын тээврийн жолооч нар нэг тонн нүүрсийг 60 юаниар тээвэрлэж байгаа гэнэ. Уг нь компаниуд нэг тонн нүүрсийг 120 юаниар тээвэрлүүлэхээр анхдагч гэрээ хийдгийг жолооч нар олж мэджээ. Гэтэл анхны гэрээг 2-3 компани руу дамжуулах замаар дундаас нь ашиг унагаснаар тал нь л жолооч нарын халаасанд ордог аж. Тэд улстөрчид, төрийн албан хаагчдын оролцоотой авлигажсан энэ бүтцийг задлахыг хүсдэгээ тэд хэлэв. Даанч жилийн 20-25 сая төгрөгийн орлоготой тэд мөнгө олохын тулд эрх мэдэлтний өмнө бөхөлзөхөөс аргагүйд хүрдэг гэсэн.
Хил дамнасан тээвэр хийх “С” зөвшөөрлийг улирал бүр сунгуулах журамтай. Зөвшөөрлөө сунгуулахын тулд Авто тээврийн үндэсний төвийн хэн нэгэн ажилтанд 1-1.5 сая төгрөгийн авлига өгөхөөс нааш авч чаддаггүй аж. Авлига өгөхгүй гэж хэгжүүрхвэл бүтэн улирал хил дамнасан тээвэр хийх боломжгүй болно. Цагдаа нар нь хүртэл жолооч нарыг сүрхий торгодог гэнэ. Шоглож хэлснээр машиных нь оврын хэмжээгээр торгодог гэсэн. Хамгийн бага торгууль нь 150 мянган төгрөг. Гэхдээ төрийн биш, “цагдаа ах”-ын хувийн дансанд орно. Цагаан хаданд нүүрс тээвэрлэх, ачих, буулгах, хадгалах гээд бүхий л үйл хөдөлгөөн өртөгтэй, түүнийг дагасан авлигатай гэнэ лээ. Авлига Цагаан хадны өөр нэг хар зовлон.
Манайх хятадуудад 30 мянган хонио өгнө. Урд хөршийнхөн Ганц мод боомт шалган нэвтрүүлэх хоёр хаалгаа нээж таарна. Ингэхээр нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх нь дамжиггүй. Уурхайнууд хэвийн ажиллаж эхэлнэ. Цар тахал ч намжина. Харин Цагаан хадны орчин бахь байдгаараа үлдэнэ. Тэндээс жолоо эргүүлэхэд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг ирэх жил ашиглалтад оруулсны дараа нүүрсний тээвэр, экспортын дүр төрх хэрхэн өөрчлөгдөх бол гэсэн дэггүй бодол төрлөө. Өөр өнгөөр будаж, дүр төрхийг өөрчлөх нь гарцаагүй биз.