Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой зарим хэргийг шүүх шийдэхгүй удааширсаар байна. Тэдний нэг нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлгийг нь хийхээр товлосон М.Тогосгэрэл, М.Баяраа нарт холбогдох хэрэг. 2018 оны гуравдугаар сард М.Тогосгэрэл нь хилээр мансууруулах бодис оруулж ирэхэд, М.Баяраа нь Говьсүмбэр аймагт тосон авч хамтдаа автомашинаар нийслэл рүү орох замдаа Баянзүрх дүүргийн нутагт баригдсан юм. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан уг хэргийг шуурхай шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 18.5-3 дахь хэсэгт зааснаар “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон бараа болох мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн”, 20.7-2 дахь хэсгийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм байна. Гэвч хэргийн холбогдогч нар янз бүрийн арга, мэх хэрэглэсээр өнөөг хүртэл хэргээ шийдүүлэхгүй байгаа аж. Төрийн албанд ажиллаж байгаад гарсан, холбогдогч М.Баяраа гэх эр “хэрэг үйлдээгүй” хэмээдэг бол М.Тогосгэрэл гэх эмэгтэй нь ч мөн янз бүрийн аргаар удаашруулсан аж. Түүгээр ч зогсохгүй М.Тогосгэрэл нь багагүй хэмжээний мансууруулах ургамал олж авсан үйлдэл дээрээ баригдсан бөгөөд уг хэргийг нь хилээр оруулж ирсэнтэй нь нэгтгэхийн тулд нэг удаа шүүх, прокурорын байгууллагаас нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байжээ. Өдгөө тэдний гэм буруутай, эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсний дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг нь товлоод байна.
Ташрамд дурдахад, ээжийгээ орцондоо зодож буй бичлэг нь олны дургүйцлийг төрүүлсэн, жүжигчин Т.Билэгжаргалд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 13-нд хэлэлцэх байсан ч бас хойшлуулав. НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7-1 дэх хэсгийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”, 11.4-1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. СЭМҮТ-ийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчдийн “Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэсэн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэн таван шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр магадлагаа дахин гаргуулахаар болсон билээ. Гэвч шинжээчдийн дүгнэлт ирээгүй учраас шүүх хурлыг энэ сарын 22 хүртэл хойшлуулсан байна.