Гэм буруутай, эсэхийг нь тогтоох шүүх хурал өмнөх өдөр нь хойшилсон, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл өчигдөр твиттер хуудсандаа “Шоронд хоригдож байгаа М.Энхсайханд ном оруулахгүй “тамлаж” байна. Түүн шиг сэхээтнийг хүссэн номоо унших эрхгүй болгоно гэдэг бол жинхэнэ “тамлал”. Тэр шоронгоос айхгүй, харин ном унших, бичих эрхгүй болохоосоо “айна”. Ингэхийг нь залхаагчид мэдчихэж” хэмээн бичсэн нь зарим хүний анхаарлыг татаад буй. Ялтны эрхийг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэхээр зөрчсөн үү гэдгийг ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа.
Тэрбээр “Хоригдогч М.Энхсайхан нь 409 дүгээр хаалттай хорих ангийн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохыг хүлээх хэсэгт 2020 оны тавдугаар сарын 7-ноос эхлэн хоригдож байна. Өнөөдрийн байдлаар М.Энхсайханы биеийн байдал хэвийн, ямар нэг гомдол, санал, хүсэлт гаргаагүй, хууль журамд заасны дагуу өмгөөлөгчтэйгөө уулзаж байна. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 16.2.7-д “хоригдсон этгээд ном, сонин, сэтгүүл ашиглана” гэж заасны дагуу аллага, хүчирхийлэл, садар, самуун сурталчилснаас бусад төрлийн ном, сонин, сэтгүүл унших түүний эрх нь нээлттэй. М.Энхсайхан өнөөдрийн байдлаар дөрвөн ном илгээмжээр авсан. Түүнд ном, хэвлэл, хууль журмаар зөвшөөрөгдсөн бусад эд зүйл оруулахыг хориглоогүй” гэлээ.