Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх Америкийн улсууд хоорондын конвенцыг соёрхон батлах тухай хуулийг УИХ долоо хоногийн өмнө баталлаа. Монгол Улс энэ конвенцыг соёрхон баталсан батламж, жуух бичгээ Америкийн улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт хадгалуулахаар хүргүүлснээс хойш 30 дахь хоногоос хүчин төгөлдөр үйлчилж эхлэх аж. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ талаар “Манай улс Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн 1983 оны, Ялтан шилжүүлэх тухай Берлиний 1978 оны конвенцод нэгдэн орсон. Энэ хүрээнд ОХУ, Польш, Куба, Канад, БНСУ, Казахстан, Вьетнам, БНХАУ болон тус улсын засаг захиргааны онцгой бүс болох Хонконг, Макао зэрэг 10 оронтой ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт гэрээ байгуулсан. Ялтан шилжүүлэх тухай гэрээгүй аливаа улстай эл асуудлыг харилцан адил байх зарчимд үндэслэн дипломат шугамаар дамжуулан тухай бүрт нь тохиролцож шийдвэрлэдэг. Гэхдээ зарим улс гэрээгүй тохиолдолд ялтан шилжүүлэхээс татгалздаг. Тухайлбал, АНУ татгалзсан хариу өгч байсан. Эрүүгийн ял шийтгэлийг нутагт нь эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцод 21 улс нэгдэн орсон. Монгол Улсын иргэд суралцах, бизнес эрхлэх болон аяллын зорилгоор АНУ, Канад, Бразил, Мексик зэрэг улс руу байнга зорчдог. Тэдний зарим нь хэрэгт холбогдох нь бий. Тиймээс уг конвенцод нэгдлээ. Эл конвенц 19 зүйлтэй бөгөөд ялтан шилжүүлэх нөхцөл, тэдний мэдээлэл, хэрхэн шилжүүлэх хүсэлт гаргах, үүнд нь тавигдах шаардлага, татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхэд гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг үндсэн асуудлыг тусгасан байдаг” хэмээн онцоллоо. Америкийн улсуудын байгууллагын ерөнхий ассамблейн 23 дугаар чуулганаар уг конвенцыг 1993 онд баталж, гурван жилийн дараа хэрэгжүүлж эхэлсэн гэдэг.
2010 оноос хойш Ялтан шилжүүлэх гэрээтэй 10 орноос 15 монгол иргэнийг эх оронд нь авчирсан бол БНХАУ, ОХУ, БНСУ-ын зургаан иргэнийг нутагт нь буцаажээ. Өнгөрсөн баасан гарагт нэгдэн орсон уг конвенцын хүрээнд өмнө нь гэрээ байгуулсан улсуудаас гадна нэмж 21 орноос ялтан шилжүүлэх боломж бүрдэж буй. Тодруулбал, Америк, Латин-Америкийн 16 улсаас гадна Энэтхэг, Казахстан, Саудын Араб, Чех, Словакт ял эдэлж буй хүмүүсийг гэрээ байгуулахгүйгээр эх оронд нь авчрах боломжтой болов. Энэхүү конвенцод нэгдэн орсноор Монгол Улс бусад оронтой байгуулсан хоёр талт болон бусад олон талт гэрээ, хэлэлцээрээ өөрчлөхгүй бөгөөд ялтнаа авахын тулд шинээр хууль боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагагүй юм байна.
Өнөөдрийн байдлаар БНСУ, ОХУ, АНУ, БНХАУ, Унгар, Тайланд, Чех, Бельги, Казахстан, Швед, Турк, Польш, Малайз, Сингапурт манай 165 иргэн ял эдэлж буй. Тэдний олонх нь хулгай, хар тамхины хэрэгт ял шийтгүүлсэн гэнэ. Тодруулбал, 30 гаруй хувь нь хулгай хийж, 40 орчим хувь нь хар тамхитай холбоотой хэргээр ял шийтгэл эдэлж буй. Тэднээс хамгийн олон буюу 108 нь урд хөршид хоригдож байгаа юм. Мөн БНСУ-д 18, ОХУ-д дөрвөн иргэн эрх чөлөөгөө хасуулан, шийтгэл хүлээсэн. Тиймээс монголчууд олноор хэрэгт холбогддог дээрх улсуудтай манай Засгийн газар байгуулсан Ялтан шилжүүлэх гэрээг аль болох сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгохыг эрмэлздэг аж. Жишээ нь, Ялтан шилжүүлэх гэрээний төсөлд “Шүүхийн шийдвэр гарсан даруйд иргэнээ нутагт нь шилжүүлж ял эдлүүлнэ” гэх заалт тусгадаг гэсэн. Хоёр талт гэрээ учраас харилцан тохиролцож байгуулах нь мэдээж. Улс орон бүр харилцан адилгүй нөхцөлийг гэрээндээ тусгадаг аж. Тухайлбал, зарим улс гэрээндээ ногдуулсан ялын талыг, эсвэл гуравны нэгийг хоригдол заавал биечлэн эдлэх ёстой гэж заадаг. Нэг хэсэг нь гэм хорын хохирлоо зуун хувь төлсөн бол ялтныг шилжүүлнэ гэдэг аж. Ялын хатуу бодлого баримталдаг орнууд тийм амархан гэрээ байгуулаад байдаггүй гэх. Жишээ нь, хэд хэдэн улсын эрх бүхий албан тушаалтан “Гэмт хэрэг үйлдсэн танай иргэд манай улсын хуулиар 25 жил хоригдох ёстой. Гэтэл нутагтаа оччихвол ялыг нь дүйцүүлээд долоон жил ял эдлэх юм байна” хэмээн татгалзсан тохиолдол бий аж. Гэхдээ Монгол Улс аль болохоор иргэнээ авахыг чухалчилдаг.
Хятадын хорих ангиудын нөхцөл тааруу гэнэ. Тиймээс тэндхийн шүүхээс ял сонссон манай улсын иргэд эх орондоо ялаа эдлэх хүсэлт гаргадаг аж. Наад зах нь тус улсын хорих ангиуд хоол, унд муутайгаас гадна өрөө тасалгааны орчин нөхцөл маш тааруу гэсэн.
Монгол, Хятад улс Ялтан шилжүүлэх гэрээтэй. Тодруулбал, 2011 онд анх Хятад улстай дээрх гэрээг байгуулсан. Тухайн үед Хятадаас 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Монголд ажиллажээ. Гадаадын төлөөлөгчид Өвөрхангайн Хархорин сум дахь гурван аймгийн нэгдсэн хорих ангийн үйл ажиллагаатай танилцсан байна. Ингээд буцахдаа “Танай улсын хорих байгууллагын нөхцөл манайхаас илүү юм. Хэрвээ та бүхэн биднийг ирэхийг мэдээд урьдчилан бэлтгээгүй бол шүү дээ” хэмээсэн гэдэг. НҮБ-ын тусгай илтгэгч буюу эрүүдэн шүүхийн эсрэг ажилладаг төлөөлөгчид ч Монголын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын хорих нөхцөл харьцангуй сайн, Азидаа дээгүүрт ордог гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Хятадад хоригдож буй манай иргэд нутагтаа ял эдлэхийг чухалчилдаг нь ийм учиртай. Мэдээж эх орондоо ял эдэлж, сайн хүмүүжсэн бол шагналын хоног нэмүүлэхээс гадна ар гэрийнхэн нь эргэж тойрох нөхцөл бүрдэнэ. Мөн эх хэлээрээ ярина. Тухайн улсын хэлийг сурахад амаргүй, ялтнууд үг, хэл нэвтэрч чадахгүйгээс ихээхэн хүндрэл учирдаг юм байна.
Хятадын хууль хяналтынхан хар тамхины хэрэгт холбогдсон, бүх насаараа хоригдох ял сонссон, үндсэн ялынхаа гуравны нэгийг эдлээгүй манай иргэдийг өмнө нь эх оронд нь буцаадаггүй байж. Удаа дараа хэлэлцээр хийсний үр дүнд дээрх гурван зүйлчлэлээр ял сонссон хүмүүсийг эрх оронд нь шилжүүлэх боломж бүрдсэн гэнэ. Гэхдээ хоригдох хугацаа нь нэг жилээс дээш бол нутагт нь шилжүүлэхийг зөвшөөрдөг. Гагцхүү цаазаар авах ялтай иргэнийг шилжүүлдэггүй юм байна.
Харин Монголд хоригдож буй хятадууд нутагтаа ял эдлэх хүсэлт гаргах нь тун ховор гэнэ. Монголын хорих ангиуд олон улсад тогтоосон хэмжээний илчлэгтэй халуун хоол, цайг ялтанд өгдөг. Мөн илчлэг сайтай, амт чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнийг ялтны хүнсэнд хэрэглэдэг аж. Өөрөөр хэлбэл, амьд үлдээхийн тулд бус, эрүүл байлгах хэмжээний хүнсээр ялтнуудыг хангадаг юм байна.
Гэрээ байгуулаагүй, конвенцод нэгдээгүй орнуудын хорих газарт байгаа монголчууд эх орондоо ял эдлэх хүсэлт гаргах эрхтэй. Тодруулбал, шүүхийн эцсийн шийдвэр гарсан л бол хэн ч эх орондоо ялаа эдлэх хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд дипломат шугамаар буюу Гадаад харилцааны яамаар дамжуулан тухайн хоригдож буй улсын эрх бүхий байгууллагад хандах учиртай. Дипломат шугамаар Чех, Словак улсаас хоёр хүнийг авчирч байжээ. Гэхдээ цаг хугацаа их ордог, багагүй ажиллагаа шаарддаг аж.
Манай улсын 334 иргэн 16 улсад гэмт хэрэг холбогдон шалгуулж буй. Тэдний 235 Хятадад байхдаа гэмт хэрэгт холбогджээ. Харин сая нэгдэж орсон конвенц хүчин төгөлдөр болсноор 10 монгол хүн эх орондоо ирэх хууль, эрх зүйн боломж бүрдэж байна.
Манай улс эрүү, иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх болон гэмт этгээдийг шилжүүлэн өгөх, ялтан шилжүүлэх тухай олон улсын гэрээг дэлхийн 36 улстай байгуулжээ. Давхардсан тоогоор иргэний хэрэгт эрх зүйн харилцааг зохицуулах 17, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх харилцааг зохицуулсан 19, гэмт этгээд шилжүүлэх харилцааг зохицуулсан долоо, ялтан шилжүүлэх харилцааг зохицуулсан 10 гэрээ байгуулсан аж.
Манай улс энэ мэтээр дэлхийн улсуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулж ирсэн. Ямар улстай байгуулж буйгаас шалтгаалаад нөхцөл нь өөр өөр. Тухайлбал, зарим улстай эрүү, иргэний гэмт хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ, гэмт этгээд шилжүүлэх гэрээ, ялтан шилжүүлэх тухай гэрээг тус тусад нь байгуулсан нь бий. Жишээ нь, Монгол Улс, БНСУ-тай дээрх гэрээг нэгбүрчлэн байгуулсан байдаг. Харин социалист лагерьт хамаарагдаж байсан улсуудтай нэг гэрээ байгуулж, дээрх дурдсан асуудлыг шийдэж иржээ.