Ховд аймаг дахь зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.Бямбадорж харуулын даргадаа зодуулж, гэмтэн Улаанбаатарт ирж эмчлүүлж байна. Зарим цахим мэдээллийн хэрэгслээр өчигдөр энэ тухай мэдээлж, ар гэрийнхнээс нь нууцалсан хэмээсэн юм. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Тавдугаар сарын 4-нд Ховд аймагт оршин суух иргэн Э цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, байлдагчийн биед гэмтэл учирсан талаар өргөдөл өгсөн. Үүний дагуу Ховд аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж байна. Уг хэрэг явдал дөрөвдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө болсон. Тус аймаг дахь зэвсэгт хүчний ангийн харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байсан байлдагчийг дэд түрүүч нь “Харуулын цэгийн сонор сэрэмж алдлаа” хэмээн биед нь гэмтэл учруулсан асуудал гарчээ. Харуулын байраа орхин явснаас болж тэдний дунд маргаан үүсэж, бага дарга нь байлдагчийнхаа эрх чөлөөнд халдсан байна. Цагдаагийн байгууллагад ирсэн өргөдлийн дагуу тавдугаар сарын 9-нд Эрүүгийн хуулийн 28.3.1-т заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харилцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэх үндэслэлээр Б-г яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлсэн байна” гэсэн юм.
Харин зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах офицер, ахлах дэслэгч Д.Болормаа “Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.Бямбадорж нь Ховд аймгийн Жаргалант сумаас 2019 оны II дугаар ээлжийн цэрэг татлагаар ирж тус ангид ирж алба хааж байгаа. Энэ оны дөрөвдүгээр сарын 28-29-нд ангийн харуулд томилогдсон. Байлдагч Б.Бямбадорж нь 00.00-02.00 цагийн хооронд харуулын цэгт цагийн манаачийн үүрэг гүйцэтгэх үедээ “Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм”-ийг зөрчин харуулын цэгээ дур мэдэн орхиж явсан. Ангийн харуулын манаа халагч, дэд түрүүч Р.Баднаанямбуу цагийн манаачийг халалцахаар зарим алба хаагчийн хамт харуулын цэгт очиход байлдагч Б.Бямбадорж байгаагүй юм байна. Тэрбээр ангийн тавиулан (автогарааш) байрлах нураасан барилга дотор унтаж байжээ. Улмаар манаа халагч, дэд түрүүч Р.Баднаанямбуу түүнийг “Харуулын цэгээ орхин унтлаа” хэмээн харилцааны зөрчил үүссэн. Өдгөө тухайн хугацаат цэргийн алба хаагч Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Бие нь сайн, энэ сарын 15-нд эмнэлгээс гарна. Уг асуудлыг Ховд аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж байна. Холбогдох албан тушаалтануудад хариуцлага тооцох болно. Цаашид “Цэргийн нийтлэг дүрэм”, “Цэргийн албыг зохион байгуулах заавар” болон холбогдох дүрэм, журмыг мөрдөж, аюулгүйн арга хэмжээг сахиж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт дарга нарт үүрэг болгосон” гэв.
Бэлтгэсэн: Г.Равжаа