Цэцэрлэгийн шилдэг хүүхэд, бага ангиа амжилттай төгссөн шилдэг, сургуулийн, дүүргийн, улсын оны шилдэг сурагч, за, тэгээд бүхий л их, дээд сургуулийн шилдэг оюутан, хороо, сум, аймгийн шилдэг гэр бүл, бүр сүүлдээ Засгийн газрын шилдэг яам. Жил болгон салбар бүрт, шат шатанд шилдгүүд. Шалгаруулах бүрт хэдхэн төрөл, хийцийн хиймэл модон, шилэн голдуу цом, батламж, өргөмжлөл. Нийгмийн салаа, мөчир бүрт ингэж бие биеэ хөөргөдөг болсноос хойш айл, албан байгууллага, яам, тамгын газрууд модон, шилэн шагналаар хахаж, цацах болтлоо “баяжсан”. Юм бүрийг гадаадынхантай харьцууллаа гэж шүүмжилдэг хүмүүс бий. Заримдаа харьцуулахаас аргагүй юм.
Өндөр хөгжилтэй улс орнуудад сурч, хөдөлмөрлөж чадах үгүй, давж гарах, эсэхээ үзэж байгаад ирсэн хүмүүс мэднэ. Тэнд сайн сурсан, ажилласныг гэрчилсэн алгын чинээ цаас л өгдөг. Түүнийг нь сертификат гэнэ. Оюунаа дайчилж, нойроо хасаж ажиллан, мэдэхээ мэдэж, олохоо олж авсныг нь гэрчлэх баримт. Тэр алгын чинээ цаасны үнэ цэнийг мэдэх нь манай өнөөдөр буй эх, адаг нь мэдэгдэхгүй олон шагнал, шалгаруулалтын учрыг олдоггүй. “Яагаад үргэлж ямар нэгэн шалгаруулалт явуулж, хэн нэгийг нь шилдгээр өргөмжилж шагнаж байх ёстой юм бэ. Зүгээр л ажлаа хийгээд байж болдоггүй юм уу. Ядаж хүүхдүүдэд байсхийгээд медаль өгөх юм. Хамгийн сонирхолтой нь тэр медалийнх нь мөнгийг ээж, аав нь төлдөг гэж байна шүү дээ. Энэ чинь нэг ёсондоо хүүхдээ багш нартай нь нийлж хуурч байгаа хэрэг биш үү” гэж асуусан танилдаа хариу хэлэх гэхэд тайлбар төдийлөн олдохгүй байсан удаатай.
...Зорилго, учир холбогдол нь ойлгомжгүй, үзүүлэлт нь зарим талаар тодорхой бус, хүчилсэн, хэн нэгэнд, эсвэл хамт олонд зориулсан мэт шалгаруулалт, шагнал хэмээх шат дараалалтай “Шилдэг” гэдэг тодотгол, өргөмжлөлийг цэцэрлэгийн хүүхдүүдээс авхуулаад төрийн яаманд хүртэл олгож, хуучны хүмүүсийн хэлдгээр эрээн мяраан пайз зүүлгэж зураг, патиарыг нь татаж, зарлаж, нийтэлж, хөөрцөглүүлж байдаг хоцрогдлыг хаана, хаанаа халбал яасан юм бэ. Хойч үедээ өөрсдийнхөө бүдүүлэг, болхи болгоныг өвүүлэхгүйн төлөө одооноос санаа тавибал ямар вэ...
Шалгаруулалт, шагнал, бие биеэ шилдгээр өргөмжилж байж санаа амрах, нөгөө талаас өргөмжлүүлж гэмээнэ баярлах нь монголчуудын, манай улсын ч имиж болсон гэлтэй. Дэлхий даяар аюулт өвчинд шаналж, удирдагч, дарга нар нь өчүүхэн төдий сэрэмж алдахгүйн төлөө хичээж, зарим улсад босоогоороо хонох шахаж буй өдрүүдэд манай Засгийн газар хээв нэг яамдуудаа уралдуулан, шилдгүүдийг нэрлэж, шагнаж урамшуулав даа. Шагнал гардсан сайдууд додьгор, хэвлэлийн алба нь шуурхай. Мэдээ, мэдээллийг тэр даруйд вэб сайтууддаа байршуулж гайхуулав. Нэгэнт шалгаруулалт явуулсан, шагнал энэ тэр нь бэлэн бол гардуулахгүй, магтахгүй гээд ч яах билээ. Гэхдээ энэ удаа лав уг үйл явдал хөндлөнгөөс бол цаг үеэ олоогүйн дээр цаашид халж гээмээр хуучинсаг, хоцрогдсон, зарим талаар арга ядсан харагдсан.
Өөлөх, гоочлохын дон туссан биш юу юугүй өлгөж авч бичихийг урьтал болгосонгүй. Уншиж танилцлаа, бусадтай санал, бодол солилцлоо. Олонх нь шүүмжилж байна. Өмнөөс жишээ ч хэллээ. “Манайхан эмч, мэргэжилтнүүдийнхээ сайнд вирусийн хөлд нэрвэгдэлгүй өдий хүрлээ. Цаашид яахыг хэлэх аргагүй. Бусад улс ямар байгааг бүгд мэдэж байгаа. Франц улсад байдал хүндрэхэд Эрүүл мэндийн сайд нь яах учраа олохгүй, үндсэндээ ажиллаж чадахгүй байхад Ерөнхийлөгч Э.Макрон нь шуурхай арга хэмжээ авч түүнийг халж, оронд нь анагаахын чиглэлийн мэргэжилтэй, туршлагатай эрийг томилсон. Тэр хүн ажил хүлээж авахдаа царай сайтай, хар үстэй байсан. Гэтэл хоёр сар өнгөрөхөд мань хүний зүс гундаж, үс нь цайжээ. Улс орны удирдагчид, асуудал хариуцсан яамд, сайд нар энэ мэтчилэн ажиллаж, тэмцэж байна. Манайд байдал харьцангуй тайван байгаа нь аз. Нөгөө талаар ядаж энэ удаа өндөржүүлсэн бэлэн байдлын үед яамдуудын ажлыг дүгнэдэг юм гэхэд шилдгээр нэрлэж, зарлаж, баяр хөөр болоод байхын хэрэг байсан уу. Төрийн сайдууд байж амны хаалт зүүсэн ч, гар барьж, хоорондоо “наалдаж” зогсоод авхуулсан зургаа хаа сайгүй цацаад л. Үлгэргүй юм” хэмээн дургүйцлээ илэрхийлж байлаа. Үүнтэй санал нэг байна.
Ямар ажил илүү сайн хийсэн гэж шилдэг яам болгодог юм бол. Энэ удаа шилдгээр шалгарсан гурван яамны нэг нь БОАЖЯ аж. Тэдний албан ёсны вэб сайтад буй мэдээлэлтэй танилцлаа. Батламжид нь “Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн 2019 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр тэргүүлсэн тул батламж олгов” гэжээ. Төрийн яам юм бол улсын хууль тогтоомж, төрийн бодлого хэрэгжүүлэхгүй гээд яах билээ. Өөр юу хийх юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн 2019 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр тэргүүлсэн гэжээ. Жишээ татаж, ганц нэг үзүүлэлтийг задалбал, тус яам өнгөрсөн онд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 17 хувь байсныг 20.1-т хүргэж, шинээр 31 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан аж. Хийх л ёстой ажил нь бус уу. Хариуцлагатай уул уурхай хөгжих эхлэлийг тавьсан гэнэ. Энд алдаа байх шиг байна.
Энэ нэр томьёог манай улсад тэртээ 2009 оноос анх хэрэглэж эхэлснийг мэдэх юм. ХБНГУ-ын “Дойче” банканд ажиллаж байгаад эх орондоо ирээд удаагүй байсан Ч.Энхзаяа гэдэг бүсгүй гадаадын мэргэжилтнүүдтэй хамтарч энэ чиглэлийн анхны төслийг хэрэгжүүлж, монгол талын хүмүүсийг сургалтад хамруулах, уул уурхайн компаниудад зөвлөмж хүргүүлэхээс авхуулаад олон ажилд анхдагч болж байсан юм. Тус яаманд энэ түүхийг мэдэх мэргэжилтнүүд ажиллаж байгаа байх. Гагцхүү улс төрийн томилгоогоор гэнэт очсон дарга нар нь дуулаагүй, сонирхоогүй байж болох юм. Харин салбарынхан, иргэний нийгмийн байгууллагынхан, судлаачид бол мэдэж байгаа, мартах ч үгүй. “Шилдэг яам” өргөмжлөл горилж, Засгийн газарт ажлын тайлангаа илгээлгүй л яах вэ, гэхдээ тухайлбал, “Хариуцлагатай уул уурхай хөгжих эхлэлийг тавьсан” гэх мэтчилэн илт худал бичих нь зүйд үл нийцнэ. Ичмээр.
Цааш нь тус яам яагаад шилдэг болсон талаар мэдээлэлдээ хэрхэн бичсэнээс сонирхоё. “Ашигт малтмалын тухай хуульд “Ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авна” гэсэн заалтыг оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн бариад байна” гэжээ. Энэ чинь одоо асуудал хариуцсан төрийн яамны хийх, наад захын ажил бус уу. Үүнийг дурайтал дурдаж тайлагнах хэрэгтэй юү.
Мөн “...аялал жуучлалын салбарт түүхэнд байгаагүй өндөр төсвийг Н.Цэрэнбат сайдын үед батлуулж...” гэжээ. Түүхэнд байгаагүй өндөр төсөв, их мөнгө хаачив, юу хийв. Юу хийх ёстой байсан бэ. Аялах, жуулчлах гэхээр хамгийн түрүүнд дотоодын болон гадаадын жуулчид Монгол орноор тухтай зорчих тухай бодогдоно. Ямар ч хэлийн, аль ч үндэстний физиологийн наад захын хэрэгцээ нь хүнд, хөнгөнөөр бие засах. Монгол орны дөрвөн зүг, найман зовхист хөтлөн дурайх замуудын хаана нь орос, монгол, хятад, европ хүн тухтай суугаад бие засах газар байдаг вэ. Шүршүүрт орж, хөлснөөсөө салж сэрүүцээд цаашлах цэг бий юү. Монголчуудын хүрэхгүй, очихгүй улс орон үгүй. Явсан, очсон газар бүрийнхээ энд хэлээд, үгүйлээд байгаа сэтгэл татам үйлчилгээний талаар хоорондоо ярьдаг. “Манайх ядаж гадаадын хүмүүс хүссэн үедээ бие засах газартай болчихвол ирээдүйд наашаа гэх жуулчид нэмэгдэнэ дээ” гэдэг. Энэ бол асуудлын гол, бүр цөмийг олж харсан, мэдэрсэн жуулчдын яриа. Зөвхөн үүгээр тус яамны ажил сайн, эсвэл муу байгааг хэмжиж болохоор. Гэтэл Монгол Улсын шилдэг гурван яамны нэгээр шалгарсан байдаг. Тэгэхээр бусад яамны ажил эднийхээс хэд дахин доор байсан болохоор шилдэг биш байж таарах вэ.
Зорилго, учир холбогдол нь ойлгомжгүй, үзүүлэлт нь зарим талаар тодорхой бус, хүчилсэн, хэн нэгэнд, эсвэл хамт олонд зориулсан мэт шалгаруулалт, шагнал хэмээх шат дараалалтай “Шилдэг” гэдэг тодотгол, өргөмжлөлийг цэцэрлэгийн хүүхдүүдээс авхуулаад төрийн яаманд хүртэл олгож, хуучны хүмүүсийн хэлдгээр эрээн мяраан пайз зүүлгэж зураг, патиарыг нь татаж, зарлаж, нийтэлж, хөөрцөглүүлж байдаг хоцрогдлыг хаана, хаанаа халбал яасан юм бэ. Хойч үедээ өөрсдийнхөө бүдүүлэг, болхи болгоныг өвүүлэхгүйн төлөө одооноос санаа тавибал ямар вэ.