Аж үйлдвэрийн IV хувьсгал буюу дижитал эрин эхэлснийг 2006 онд Давосын эдийн засгийн чуулганаар анх зарлаж байжээ. Гэхдээ түүнээс ч өмнө өндөр хөгжилтэй улс орнууд цахимжиж эхэлсэн байдаг. Уг хувьсгалыг салбар бүрт хөгжих ижил боломж олгосноороо онцлогтой хэмээн эдийн засагчид дүгнэдэг бөгөөд харилцаа холбоо, технологийн хөгжлийг хүн төрөлхтний түүхэнд урьд нь байгаагүйгээр урагшлуулсан их дэвшил гэдэг. Өдгөө дэлхий нийтийг сандаргаж буй коронавирусээс шалтгаалан улс орнуудын иргэд хүссэн, хүсээгүй цахимаар ажиллах, суралцах, хэрэглээгээ хангах, харилцах шаардлагатай нүүр тулав. БНСУ, Сингапур, Эстон, Франц, Финланд зэрэг улс цахим засаглал, үйлчилгээ, сургалтын орчныг сайн бүрдүүлснээр хөл хорионы үеийг саадгүй даван туулж байгаа талаараа мэдээлж буй. БНСУ л гэхэд “Манайх цахимжсан улс, бүх нийтээр хөл хорьсон ч иргэд, хувийн хэвшил, төрийн байгууллагынхан ажралгүй давна” гэж мэдэгдэв. Харин Монгол Улс цахим шилжилтэд хэр бэлтгэлтэй байна вэ. Өнөөдөр хэн ч гэрээсээ гарахгүйгээр төрийн үйлчилгээ авч, мөнгө төлж, хоол, хүнс захиалж, суралцаж, нөгөөтээгүүр, хувийн хэвшил, төрийн байгууллага ажлаа цахимаар явуулах боломжтой юу.
Өнгөрсөн хугацаанд иргэний үнэмлэхийг цахимжуулах, албан хаагч, байгууллагуудад цахим гарын үсэг олгох, тэд дотоод сүлжээгээр холбогдох, хур мэдээллийн болон НӨАТ-ын систем үүсгэх, байгууллагууд шилэн данс хөтлөх, ТҮЦ машин ажиллуулах болсон нь эл салбарын хувьд томоохон, үр өгөөжтэй ажил байв. Хувийн хэвшлийн, тэр дундаа банк, санхүүгийн салбарт ч төлбөрийн төрөл бүрийн хэлбэрээр шилжүүлэг хийж, зээл аван, орлого олох боломж бүрдсэн. Өдгөө Улсын бүртгэлийн, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын, Татварын ерөнхий газар, нийслэлийн засаг захиргааны байгууллагуудаас авах лавлагаа, мэдээлэл, үйлчилгээг тус тусад нь сайт үүсгэн, цахимаар үзүүлж байна. Улсын болон хувийн эмнэлгүүдээр үйлчлүүлэх цаг авахдаа лавлах утас, эсвэл цахим хуудсанд нь хандан бүртгүүлж буй.
Гэвч төрийн бүх цахим үйлчилгээ нэг “толгойгүй”, байгууллага бүрт жил бүр программ хангамж, цахим үйлчилгээг сайжруулахаар төсөв тусгаж, үр ашиггүй зарцуулсан, иргэд шинэ хэрэглээнд суралцахгүй, системүүд нь хөгжүүлэлт муутай байгааг мэргэжилтнүүд шүүмжиллээ. Тодруулбал, нэг жилийн хугацаанд төрийн цахим үйлчилгээг сайжруулах зорилгоор 800 орчим тэрбум төгрөгийг байгууллагуудад хуваарилан, зарцуулсан нь ч бий аж. Багшийн цахим журнал, хөнгөлөлттэй эм олгодог систем гацаж, иргэдэд хүндрэл учруулдаг нь үр ашиггүй зарцуулалтын сонгодог жишээ.
Цахим худалдааны салбар хөгжихөд хүндрэлтэй байгааг бид өмнө нь хөндөж байв. Тухайлбал, нийслэлийн гудамж талбайн нэр, хаяг зөрдөг, худалдаа хийх хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс эл салбар хөгжихгүй байгаа. Дийлэнх нь фэйсбүүк, инстаграмм ашиглан цахим худалдааг итгэлцэлд л тулгуурлан явуулж буй.
Уг нь цахим шилжилт авлига, хүнд суртлыг үгүй хийж, аялал жуулчлал хөгжүүлж, ХАА-н жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бүтээгдэхүүнээ ченжид өгөлгүй, зах зээлд хямд өртөгтэй гаргах боломж олгох, улмаар цаас, албан бичигт зарцуулагддаг үргүй төсвийг хэмнэж, түгжрэлийг бууруулан, түлшний зарцуулалтыг багасгаж, аюулгүй, тайван орчныг бүрдүүлэх зэрэг ихээхэн ач холбогдолтой аж. Өөрөөр хэлбэл, манайх шиг шатахуунаа импортолдог, түгжрэлтэй, төрийнхөн нь хүнд сурталтай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уул уурхайн салбар нь эдийн засгийн хөдөлгөх хүч болдог оронд цахим шилжилт нэвтрүүлэх нь дутуу хөгжлөө дүүргэж, дэлхийгээс хоцрохгүй явах боломж юм. Энгийн жишээ дурдъя. Эх орны үзэсгэлэнт газруудыг “бодитоор” интернэтэд байршуулан, англи хэлээр тайлбарлаж, жуулчдыг татах, хиймэл оюун ухаан ашиглан уул уурхайг хянах, техникүүдийг автомат жолоодлоготой болгосноор эрсдэлгүй, илүү хөрөнгө зарцуулахгүй байх боломжтой.
Хүн амын 80 хувь нь дэд бүтэц, интернэтэд холбогдсон, олонх нь залуучууд зэргээс дүгнэхэд манай улс цахим шилжилт хийх суурьтай аж. Гэвч хүний нөөц дутмаг, эл салбарын мэргэжилтнүүдийн цалин бага учир гадаад руу явчихдаг, иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах болон цахим шилжилттэй холбоотой хууль эрх зүйн орчин бүрдээгүй зэрэг асуудал тулгарч байна. Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн дүнд EMongolia нэгдсэн портал сайт үүсгэн, төрийн 74 төрлийн үйлчилгээг нэвтрүүлжээ. Мөн Цахим бодлогын түр хороо байгуулав. “Дижитал Монгол Улс” хэлэлцүүлэг зохион байгуулж, Бүгд найрамдах Эстон Улсын жишгийг нэвтрүүлэхээр санал солилцож, зөвлөмж боловсруулсан юм байна. Хөл хорилоо гэхэд бидэнд цахимаар “амьдрах” боломж одоогоор бүрдээгүй ч өнгөрсөн жилээс эл талбарт дорвитой ажил санаачилж, хэрэгжүүлж эхэлсэн байна.
Бэлтгэсэн: Б.Уянга
ИНФОГРАФИК
БАЙР СУУРЬ
-Цахим сургалт явуулахад гарч буй бэрхшээл, нөхцөл байдлын талаар дээд боловсролын байгууллагын төлөөллийн байр суурийг сонслоо.
УЛАМЖЛАЛТ СУРГАЛТЫГ ЦАХИМ ТЕХНОЛОГИЙН АРГАТАЙ ХОСЛУУЛЖ ИРСЭН
Н.ЭРДЭНЭХҮҮ (ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн дэд захирал, доктор, дэд профессор):
-Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалж Монгол Улсад 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын бүх шатны сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Энэ нь сургалтын байгууллагуудад томоохон сорилт болсон. Манай сургууль 2000-аад оноос сургалтын цахим технологи нэвтрүүлсэн. Уламжлалт сургалтын арга технологийг цахим сургалтын аргатай хослуулсан буюу хосолсон сургалт (Blended learning)-ын хэлбэрийг голлон ашиглаж ирлээ. Ингэснээр үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог нэвтрүүлж, суралцагсдад тухайн шинжлэх ухааны салбар, чиглэлийн мэдлэг, ур чадвараас гадна хувь хүний болон харилцаа, хандлагыг давхар эзэмшүүлэх, хөгжүүлэхэд тустай.
Цахим сургалтын технологийг цаашид илүү үр өгөөжтэй ашиглах хангалттай туршлага, нөөц боломж бидэнд бий. Багш нараа сургахын зэрэгцээ сургалтын материалыг орчин үеийн мэдээлэл, холбооны технологийн ололтод тулгуурлан, суралцагчийн зан төлөвт нийцүүлэн оновчтой байдлаар бэлтгэж байна. Энэ нь оюутнуудыг бие даан суралцах арга барилд сургах, цахим хичээлийг зохион байгуулах удирдлага, менежментийг боловсронгуй болгоход чухал нөлөөтэй.
БАГШ НАРТАА ЦАХИМ ХИЧЭЭЛ БЭЛТГЭХ ЗААВАР, ЗӨВЛӨМЖ ӨГЧ БАЙНА
Н.ОЮУН-ЭРДЭНЭ (МУИС-ийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн эрхлэгч, профессор):
-Дээд боловсролыг цахим хэлбэрээр явуулахад техник технологи, программ хангамж болон оролцогч талууд бэлэн байх шаардлагатай . Наад зах нь оюутнууд төхөөрөмж, программ хангамж ашиглах чадвартай, англи хэлтэй, интернэтэд өндөр хурдаар холбогдох боломжтой газарт байх нь оролцогч талуудын бэлэн байдал болж байгаа юм. Ийм орчин, нөхцөлийг урьдчилан бүрдүүлж ажиллах ёстой . “Ковид-19” өвчин дэлхийд тархаж, дээд боловсролыг цахим хэлбэрээр явуулж эхэлсэнтэй холбоотойгоор манай сургуулийн багш, ажилтан, удирдлагын хооронд үл ойлголцол удаа дараа гарсаар байна. Гэхдээ багш, оюутан хоорондын хичээл, сургалт хэвийн явагдаж байгаа. МУИС-ийн багш нар хичээлээ бэлтгэх, олон зуун оюутантай цахимаар ажиллах, сургалт, судалгааны ажлаа хийх гээд цаг багатай, шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийнхэн оюутан, суралцагчдынхаа дунд цахим бүтээлийн уралдаан зарласан. Зарим оролцогчийн бүтээлийг 35 000 хүн үзсэн байна билээ. Багш нартаа зориулж бидний боловсруулсан цахим хичээл бэлтгэх зөвлөгөөг цахим орчинд 2000 удаа шэйрлэсэн байсан. Цахим сургалт олон хүнд богино хугацаанд хүрч буйгаараа давуу талтай.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Дархан-Уул аймагт нөөц төв байгуулжээ
Монгол Улсад цахим засаглал хөгжүүлэх зорилгоор одоогоос 11 жилийн өмнө байгуулсан Үндэсний дата төвийн үйл ажиллагааг сурвалжиллаа. Тус төвийн Системийн нэгтгэлийн хэлтсийн дарга Ө.Гантулга бидэнд ажлын онцлог болон одоо хийж буй гол үйлчилгээнүүдээ танилцуулсан юм. Төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийг “нууцалж” буй тус төв хүний хөлөөс зайдуу байрлах бөгөөд ажилтнуудаас нь өөр гаднын хүн бараг нэвтэрдэггүй юм билээ. Бид ч мөн тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаатай нь танилцсан.
Захиргаа, төлөвлөлт, мэдээлэл технологийн хөгжүүлэлт, мэдээллийн аюулгүй байдал, систем нэгтгэлийн зэрэг зургаан хэлтэст 70 орчим хүн ажилладаг аж. Үндсэн төвдөө өргөтгөл хийсэн бол серверийн өрөөний багтаамжийг нэмэгдүүлэх ажил 90 хувьтай явж байгаа гэнэ. Мөн Дархан-Уул аймагт нөөц төв байгуулж буйгаа дуулгав. Нөөц төвийн талаар Ө.Гантулга даргаас асуухад “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Үндэсний дата төвийн нөөц төвийг Дархан-Уул аймагт байгуулах болсон. Тус төвийг ашиглалтад оруулах төслийн гүйцэтгэл 90 орчим хувьтай байна. Энэ төв нь стандартад нийцсэн TIER3 түвшний дата төв болох бөгөөд Үндсэний дата төвийн нөөц байдлаар ажиллана. Мөн дээрх төслийн хүрээнд манай үндсэн төвийн өргөтгөлийн ажлууд дууссан. Энэ дэд бүтцийн томоохон ажлуудыг хийснээр манай төвийн үндсэн дэд бүтцийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах боломж бий болж байгаа юм. Дархан-Уул аймагт байгуулагдаж буй нөөц төв, болон нөөц өрөө ашиглалтад орсноор дэд бүтцийнхээ хүчин чадлыг 2.5 дахин ихэсгэх боломжтой болох юм” гэв.
Төрийн байгууллагууд хууль журмын дагуу мэдээллийн сангаа тус төвд байршуулдаг бол хувийн хэвшлүүд тодорхой төлбөр төлж үйлчилгээ авдаг юм байна. 2009 оноос төрийн байгууллагуудын цахим хуудас, цахим шууданг тус төвд шилжүүлэн байршуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд цахим шилжилттэй холбоотой олон ажлыг гүйцэтгэж иржээ. Тухайлбал, 2015 онд НӨАТ-ын урамшууллын системийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангаж, Татварын ерөнхий газартай хамтарч ажиллажээ. Мөн тэр ондоо ТҮЦ машины ашиглалт, үйлчилгээг хариуцаж ажилласан байна. Иргэд нийслэлийн 77, орон нутагт байрлах 33 ТҮЦ машинаас хэрэгтэй лавлагаа, мэдээллээ авч буй.
Монгол инженерүүдийн ур ухаанаар танилт нэвтрэлтийн нэгдсэн ДАН, төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг тус тус нэвтрүүлжээ. Ингэснээр байгууллагууд хоорондоо мэдээллээ шуурхай дамжуулах боломжтой болсон гэнэ. Онцолж хэлбэл, Монгол Улс бие даасан төрийн мэдээлэл солилцооны системтэй болох, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох үйл ажиллагааг сайжруулах, хялбаршуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ХУР системийг тус төвөөс хөгжүүлэн ажиллаж буй юм. Харин ДАН нэгдсэн систем нь цахим орчинд бүхий л төрлийн үйлчилгээ авахад тухайн иргэнийг таньж баталгаажуулах боломж бүрдүүлж буй. Энэ системийг нэг удаа ашиглан нэвтэрснээр тус системд холбогдсон бүх төрлийн системүүд рүү нэвтрэх эрхтэй болдог аж.
Төрийн үйлчилгээний чухал системүүд тус төвд байршиж буй учраас байгалийн гамшиг, осол гэмтэл, цахилгааны эх үүсвэр тасалдах зэрэг эрсдэлээс сэргийлж, нөөц төв байгуулж буйгаа онцлон ярьсан. Тус төвд ажиллах боловсон хүчнээ бэлтгэсэн бөгөөд одоогийн байдлаар 10 орчим инженер тэнд ажиллаж буй аж. Үндэсний дата төвийн мэргэжилтнүүд “Үндэсний цахим шуудан хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэнэ. Хөтөлбөрийн хүрээнд иргэн бүрийг цахим шуудангийн хаягтай болгох аж. Ингэснээр иргэд ТҮЦ машин болон төрийн бусад үйлчилгээнээс авсан лавлагаа, мэдээллээ өөрийн цахим хаягаараа давхар хянах боломж бүрдэх юм байна.
Бэлтгэсэн: Ч.Болор
ДЭЛХИЙН ЖИШИГ
Зайны үйлчилгээ цаг, хүч хэмнэдэг
Цар тахлаас өмнө дэлхий даяар цахим үйлчилгээ хэдийн нэвтэрчээ. Үүний тод жишээ нь банкны үйлчилгээ. Өдгөө хүн төрөлхтөн ухаалаг утас, интернэт ашиглан банканд биечлэн очихгүйгээр данс нээж, хаах, дотоод төдийгүй гадаад гүйлгээ, хэрэглээний төлбөр хийх, татвараа төлөх, зөвлөгөө, мэдээлэл авах зэрэг янз бүрийн үйлчилгээ авч байна. Халдварт өвчин дэгдсэнтэй холбоотойгоор өдгөө бэлэн мөнгөөр төлбөр, тооцоо хийхээс зайлсхийдэг болжээ. Дэвшилтэт технологийн ачаар төлбөрийн бараг бүх мэдээлэл ухаалаг утсаар дамжин хэрэглэгчид хүрч, аль нэг банканд очиж, дугаарлаж цаг алдахгүйгээр байгаа газраасаа харилцдаг болсон. Тэр чинээгээр цахим аюулгүй байдлыг хангах технологи эрчимтэй хөгжиж байна.
Үүний нэг адил зайны сургалт түгээмэл хэрэглээ болжээ. АНУ-ын Үндэсний технологийн их сургууль анх 1980-аад оны эцсээр ийм сургалт явуулж эхэлсэн бол долоон жилийн дараа Америкийн зайны боловсролын холбоо байгуулагдсан аж. Гэхдээ тэр үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн эл сургалтыг өдгөө дэлхийн аль ч тивд хүссэн хүн бүр ашиглан бүх шатны боловсрол эзэмших боломжтой. Технологи хөгжихийн хэрээр зайны сургалт чанаржиж буй.
Хүн амьдралдаа заавал авдаг бас нэг чухал үйлчилгээ нь эмнэлгийнх. Энэ салбарынхан цахим үйлчилгээгээ теле эмнэлэг гэдэг. Өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар дэлхий даяар ийм эмнэлгийн үйлчилгээний салбарын хүрээ тэлсээр эргэлтийн хөрөнгө нь 17.8 тэрбум доллароор хэмжигдэж, жилд дунджаар 18 хувиар өсөж байна. Цахимаар зөвлөгөө авдаг өвчтөний тоо долоон саяд хүрсэн бөгөөд тэдний олонх нь АНУ, Британи, Австралийн иргэн аж. Хөгжлөөрөө тэргүүлэгч баруун Европын орнуудтай харьцуулахад эмнэлгийн байгууллагын 95 хувь нь төрийн мэдлийнх байдаг. Британи өндөр технологийн арга нэвтрүүлэх замаар эмч нарын ажлын үр өгөөжийг дээшлүүлж, 2022 онд 22 тэрбум доллар хэмнэхээр төлөвлөжээ. Британийн иргэдийн 47 хувь нь эмчтэйгээ зайнаас харилцаж байгаадаа сэтгэл хангалуун байгаа бол 58 хувь нь цахим эмнэлгийн үйлчилгээг чанартай гэж дүгнэсэн байна.
Сүүлийн үед ухаалаг утас, цагаар дамжуулан өвчтөнийхөө эрүүл мэндийг эмч нар хянах тогтолцоог нэвтрүүлж эхэлжээ. 2015 оны зунаас хойш хүнд өвчтэй иргэдээ таван жилийн турш тусгай төхөөрөмж ашиглан хяналтдаа байлгах хөтөлбөр хэрэгжиж байгаад өвчтөний асар их цуваанд дарагддаг эмч нар төдийгүй талархаж буй гэнэ. Мөн эмчид боломжтой үедээ үзүүлэх цаг авч, эмнэлэгт хандаж чаддаггүй иргэд, ялангуяа тархины цусан хангамжийн хурц хомсдолтой өвчтөнүүд яаралтай тусламж авахад теле эмнэлгийн үйлчилгээнд ихээхэн найдлага тавьж байна. Тэрчлэн цахим асуумж бөглөх аргаар өвчтөн шаардлагатай жор бичүүлж, улмаар эмийн сангийн хүргэлтийн үйлчилгээ авах ч боломжтой аж. Өвчтөн биеийн зовиур, шаардлагатай эмээ тодорхойлж чадахгүй бол өөр үйлчилгээ санал болгож байна. Цар тахалд нэрвэгдсэн ч Хятадад 5G сүлжээ нэвтрүүлж байгаа нь зайнаас эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, боловсрол эзэмших, ажиллах үйл явцыг эрс түргэсгэсэн гэнэ. Тэрчлэн эл сүлжээ тоон эдийн засгийн хөдөлгөгч хүч болж, хөрөнгө оруулалт тогтворжиж, цар тахлын үед аж үйлдвэрийг шинэчлэхэд тус болж, хэрэглээ эрчимжихэд чухал үүрэг гүйцэтгэж буй аж.
Бэлтгэсэн: З.Гал
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Б.БИЛЭГДЭМБЭРЭЛ: Хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байна
Монгол Улс цахим шилжилтэд хэр бэлэн байгаа, цаашид ямар ажил хийхээр төлөвлөж буй талаар Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэлтэй ярилцлаа.
-Коронавирусийн халдвар тархаж, цахим орчинд ажил хэргээ явуулах шаардлага тулгарлаа. Манай улс цахим шилжилтэд хэр бэлтгэлтэй байна вэ?
-Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн ололт амжилтыг ашиглан үйл ажиллагаа, үйлчилгээгээ цахимд шилжүүлэхийг дижитал шилжилт гэж тайлбарлаж болно. Цахим шилжилтийн суурь нь дэд бүтэц, хүний нөөцийн чадавх байдаг. Манай улс Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан мэдээлэл, харилцаа, холбооны хөгжлийн индексээр Азид 14-т жагсдаг. Дэд бүтэц, эрчим хүчээр хүн амын 80 гаруй хувь нь хангагдсан. 100 хүнд ногдох гар утасны тоо 114-т хүрдэг. Мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр суралцагчдын тоо жилээс жилд өсөж байна. Тухайлбал, 2018 онд 3606 оюутан энэ чиглэлээр суралцаж байсан бол өнгөрсөн онд 5100- д хүрсэн.
Мөн эл салбарт хүний нөөцийн эрэлт байнга өсөж буй. Одоогоор эл салбарт ажиллах хүч, тодруулбал, 1600 хүн (инженер) шаардлагатай. 2018 оны байдлаар программ хангамж, мэдээллийн технологийн салбарт 3056 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэдний 30 хувь нь идэвхтэй ажилладаг. Гэхдээ программ хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр ажиллагсдын цалин бага учир төгсөгчид гадаадыг зорих нь ихэссэн. Нөгөөтээгүүр, иргэдийн ухаалаг утасны хэрэглээ сайжирсан. Судалгаанд оролцогчдын 92 хувь нь ухаалаг утас ашигладаг бөгөөд 44.5 хувь нь цахим сүлжээ хэрэглэдэг байна. Тэдний 33 хувь нь имэйл хаяг ашигладаг гэсэн дүн гарсан.
-Төр, хувийн хэвшлийнхний цахим хэрэглээ, ашиглалт хэр байгаа бол?
-Банк санхүү, төрийн болон хувийн байгууллагуудын үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарыг хамгийн түрүүнд цахимжуулах шаардлагатай. Төрийн байгууллага цахимжихад цаг хугацаа нэлээд ордог. 2012 оноос ТҮЦ машин ажиллуулж, өдгөө 27 төрлийн үйлчилгээг түүгээр үзүүлж буй бөгөөд жилд гурван сая иргэн ашигладаг гэсэн тоо гарсан. Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын, Татварын ерөнхий газар, нийслэлийн захиргааны үйлчилгээний нэлээд хэсэг нь цахимд шилжсэн. 2019 оноос “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
Одоогоор төрийн мэдээллийн ХУР системд төрийн 30, хувийн 70 байгууллага холбогдож байна. Үүний тод жишээ нь банканд зээл авахаар очиход танаас лавлагаа шаардахгүй, зөвшөөрлийн дагуу ХУР системээс мэдээллийг тань харж болно. Нэг иргэн зээлийн материал бүрдүүлэхэд 7000 төгрөг зарцуулахаар тооцъё. 400 мянган хүн зээл авахаар бол гурав орчим тэрбум төгрөгийг иргэдийн халааснаас хэмнэсэн гэсэн үг. Гэхдээ байгууллагууд тус тусдаа цахимд шилжсэн. Төрийн үйлчилгээг цахимаар үзүүлдэг нэгдсэн цонх байх шаардлагатай. Тиймээс төрийн мэдээлэл солилцооны EMongolia системийг ажиллуулж, 74 төрлийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдлээ. Цахим гарын үсгийг 38 мянга орчим аж ахуйн нэгж, иргэн хэрэглэж байна. Иргэний үнэмлэхний мэдээлэл солилцдог систем зогсоо зайгүй ажиллаж буй. Энэ хэмжээгээр хүмүүс тухайн байгууллагыг зорьж очихгүй гэсэн үг.
-Энэ чиглэлд хууль, эрх зүйн орчин хэр бүрдсэн бол?
-Төрийн цахим харилцааны тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болсон. Үүнд иргэдийн мэдээллийг төрийн, хувийн байгууллагууд солилцож ашиглах боломж бүрдүүлж, мэдээллийн давхардлыг арилгах, суурь системүүд үүсгэх талаар тусгаж өгсөн. Мөн Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль батлах шаардлагатай. Учир нь иргэдийн мэдээлэл төрийн гэлтгүй, хувийн хэвшлийнхэнд цугларч буй. Тэгэхээр энэ талаарх харилцааг зохицуулж өгөх хэрэгтэй. Уг хуулийн төслийг боловсруулсан. Мөн Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль боловсруулсан, үзэл баримтлал нь батлагдсан. Ер нь эхлээд байгууллага өөрөө цахимжих ёстой, дараа нь бусадтай мэдээллээ солилцож, эцэст нь иргэдэд цахимаар үйлчилгээ үзүүлдэг болно. Өдгөө мэдээллийн системгүй төрийн байгууллага байхгүй.
Гэхдээ иргэдийн мэдээллийг цуглуулавч эдийн засгийн эргэлтэд оруулж гэмээнэ дижитал шилжилт бүрэн утгаараа хэрэгжинэ. Түүнчлэн бид НҮБ-ын цахим худалдааны конвенцид нэгдэн орох тухай асуудлыг бид УИХ-д тавьсан. Ингэснээр манай улс хил дамнасан худалдаа хийхэд хүлээн зөвшөөрөх боломж бүрдэнэ. Манайд төр болон бизнесийн байгууллага хоорондын уялдаа холбоо сул, мөн багш нарыг сургах, их, дээд сургуулиудын хөтөлбөрийг сайжруулах, тоног төхөөрөмж нэмэгдүүлэх, энэ чиглэлийн оюутнуудад тэтгэлэг олгох шаардлага тулгарч буй. Аймаг бүрт төрийн үйлчилгээний цэг байгуулж, оператор мэдээлэл хүлээж аван, шаардлагатай материалыг иргэнд хүргүүлэх боломж бүрдүүлж байна. Архивын тухай шинэчилсэн хуулиар цахим архив үүсгэх заалт оруулсан нь цахимаар ажил хэрэг явахад ихээхэн түлхэц болох юм.
Бэлтгэсэн: Б.Уянга