Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүнтэй Монгол Улсад гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо хэр бэхэжсэн талаар ярилцлаа. УИХ уг хуульд өнгөрсөн сард нэмэлт, өөрчлөлт оруулж, гэрч хохирогчийг хамгаалах эрх зүйн орчныг улам боловсронгуй болгосон юм.
-Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гол хөшүүрэг юу байв?
-Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх зорилт тусгасан байсан. Нэгдүгээрт, дээрх зорилтын дагуу уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хоёрдугаарт, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг УИХ-аас 2013 онд анх баталж, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Уг хуулийг УИХ-аас 2015 оны Эрүүгийн, 2017 онд баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай уялдуулах, нэр томьёоны хувьд ч жигдрүүлэх хэрэгцээ шаардлага гарсан. Гуравдугаарт, гэрч, хохирогчийг хамгаалах асуудлыг өмнө нь Тахарын алба хариуцдаг байв. 2016 онд уг албыг татан буулгаж, гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүргийг цагдаагийн байгууллага, түүнчлэн Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хариуцуулсан юм. Тиймээс хуулийг хэрэгжүүлэх байгууллагын чиг үүрэг, зарим зохицуулалтыг илүү тодотгох хэрэгцээ гарсан. Мэдээж хуулийг амьдрал дээр хэрэгжүүлж байж, алдаа оноогоо олж хардаг. Энэ жишгээр зургаан жил уг хуулийг хэрэгжүүлж, холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг орууллаа.
-Уг хууль процессын хуультайгаа нийцэхгүй байна гэх шүүмжлэл их байсан. Үүнийгээ зассан болов уу. Өнгөрсөн жилүүдэд хэчнээн гэрч, хохирогчийг хамгаалалтад авч байсан бэ?
-Хууль тогтоомжийн тухай хуулиар аливаа хуулийг баталж, хэрэгжүүлснээс хойш тодорхой хугацааны дараа хэрэгжилтэд нь үнэлгээ, дүн шинжилгээ хийдэг. Үүний дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нийцүүлэхээр “гар хүрсэн” нь энэ юм. Ажлын хэсэг томилж, хэрэгжүүлж буй хуулийн аль хэсэг нь болохгүй байгааг нарийвчлан судалсан. Мөн прокурор болон цагдаагийн байгууллагад хуулийг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байгаа асуудлыг олж харсны үндсэн дээр нэмэлт, өөрчлөлт орууллаа. 2014 онд 34, 2015 онд 85 гэрч хохирогчийг тухайн үеийн Тахарын алба хамгаалалтад авч байсан. Уг алба татан буулгасны дараа цагдаа тагнуулынхан 2016 онд 42, 2017 онд 36, 2018 онд 65, өнгөрсөн онд 134 гэрч, хохирогчийг хамгаалалтад авсан. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар холбогдох байгууллагаас 41 гэрч, хохирогчийг хуульд заасны дагуу хамгаалалтад авсан. Хамгаалах хүний тоо жил ирэх тусам өссөөр л байгаа.
-Хуульд оруулсан гол нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгнө үү?
-Хамгаалалтад авсан гэрч, хохирогчийн мэдээллийн нэгдсэн сан, тоо бүртгэлтэй болох асуудлыг энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр тусгаж өглөө. Аль, алиныг нь зохицуулсан заалт өмнөх хуульд байсангүй. Гэрч, хохирогчийн хамаарал бүхий этгээдийн мэдээллийг нууцлах асуудлыг мөн хуульчиллаа. Хэн нэгэн гэрч, хохирогчийн нөхцөл байдлаас шалтгаалан түүний хамаарал бүхий этгээдийн мэдээллийг нууцлах, шаардлагатай бол өөрсдийг нь хамгаалах асуудал гардаг. Үүнийг тодорхой болгон хуульчилсан.
-Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлдэг гол байгууллагад санхүүгийн бэрхшээл тулгардаг юм билээ. Энэ асуудлыг шийдэж чадсан уу?
-Гэрч, хохирогчийг хамгаалалтад авахаар тухайн хүн ажил, сургуульдаа явж чадахгүй болдог. Тэр хэрээр цалин, орлого нь тасалдана. Хичээлийн хоцрогдолд ордог. Гэрч нь бага насны хүүхэдтэйгээ хамгаалалтад ороход живхнээс авхуулаад хуурай сүү, хоол ундны асуудал зэрэг наад захын ахуйн хэрэгцээ гарах нь мэдээж. Санхүүгийн энэхүү асуудлыг өмнө нь орхигдуулсан учраас гэрч, хохирогчийг хамгаалалтад авч байгаа байгууллагад хүндрэл үүссэн. Сая оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хэрэгжүүлэгч байгууллагын төсөвт зардлыг нэмж тусгахаар хуульчилсан. Одоо хуулиа үндэслээд тухайн байгууллагын төсөвт уг зардлыг нэмж суулгах боломж бүрдсэн.
-Хуульд гэрч, хохирогчийг хамгаалах есөн арга хэмжээ байдаг. Хуульд эл үүргийг хэн хэрэгжүүлэх вэ гэдгийг нарийвчлан тусгасан уу?
-Гэрч, хохирогчтой холбоотой уг асуудлыг маш нарийн тусгаж өгсөн. Энэ нь бас нэг давуу тал болох байх. Дээрээс нь сэтгэл зүйн үйлчилгээг аюулгүй байдлын арга хэмжээтэй хамтатгаж хэрэгжүүлэхээр болсон. Ингэвэл илүү үр дүнтэй болно. Жишээ нь, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бүсгүйг биечилсэн хам -гаалалтад авч нэг газарт тусгаарлана. Ингэхдээ тухайн гэрч, хохирогчид ямар нэг асуудал үүссэн бол сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлнэ. Хүчирхийлэлд өртөж, сэтгэл санааны хувьд хүнд нөхцөлд байгаа тэр хүнийг эргээд хэвийн байдалд ороход нь тусална гэсэн үг. Ингэж байж хохирогчийг богино хугацаанд нийгэмшүүлэх юм. Энэ бол гадаадын орнуудад хэрэгжүүлж, амжилттай үр дүн үзүүлсэн туршлага юм. Манайд ч Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхэд ийм үйлчилгээ хэрэгтэй нь ажиглагдсан. Гардан хэрэгжүүлж буй газруудаас бас санал ирүүлсэн.
-Гэрч, хохирогчийг хамгаалахад цагдаагийн байгууллагаас гадна өөр бусад салбарынхан үүрэг хүлээх үү?
-Тэднийг хамгаалах нь зөвхөн цагдаагийн байгууллагын хийдэг ажил биш. Төрийн болон төрийн бус маш олон байгууллагын хамтын оролцоо чухал. Өөрөөр хэлбэл, бүх салбарын ажлын уялдаа холбоо сайн байж эерэг үр нөлөө үзүүлнэ. Тиймээс гэрч, хохирогчийг хамгаалахад оролцдог бүх байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах үүрэгтэй орон тооны бус зөвлөл байгуулахаар болсон. Уг зөвлөлд ХЗДХЯ, ХНХЯ, ЭМЯ, ГХЯ, Сангийн яамныхнаас гадна шүүх, прокурор, мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг тагнуул, цагдаа, Авлигатай тэмцэх газрынхан гээд олон байгууллагын төлөөлөл оруулна. Тэгж байж эдгээр байгууллага хамтран ажиллаж, чиг үүрэг нь давхардалгүй, хийх ажлууд нь хоорондоо уялдана. Улмаар гэрч, хохирогчийг хамгаалах ажлаа бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
-Тэднийг хамгаалах ямар арга хэлбэрүүдийг ашигладаг вэ?
-Олон арга хэмжээ авдаг. Хамгийн түгээмэл хэрэглэдэг хамгаалалтын хэлбэр нь сануулах арга хэмжээ юм. Тухайн хамаарал бүхий этгээдэд “Та ингэж болохгүй. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл, ийм хариуцлагатай, хор хөнөөлтэй” гэдгийг анхааруулдаг. Тоон мэдээллээс харахад дараагийн хэрэглэдэг гол арга хэлбэр нь биечилсэн хамгаалалтад авах асуудал юм. Тухайн хүнийг хичээл, сургууль, ажилдаа явахад нь дагалддаг хамгаалалт. Гуравт, тусгаарлах буюу аюулгүй газарт түр байлгадаг. Мөн хуульд байдаг ч зарим аргыг хэрэглээгүй. 2014 оны нэгдүгээр сараас хойш тухайн аргыг хэрэглэх шаардлага бодитоор гараагүй гэсэн үг. Есөн арга хэлбэрээс гурвыг нь амьдрал дээр туршаагүй. Зургааг нь ямар нэг байдлаар туршсан. Эдгээр зургаан аргыг хэрэглэх хэрэгцээ огцом биш ч жил ирэх тусам аажмаар өссөөр байна.
-Ямар аргыг нь туршаагүй вэ. Нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хассан уу?
-Гэрч, эсвэл хохирогчийг танигдуулахгүй байх зорилгоор царай төрхийг нь мэс заслын аргаар өөрчлөх хэлбэр юм. Мөн нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг нь хангах аргыг хэрэглээгүй. Гадаад улс руу юм уу, өөр засаг захиргааны нэгж рүү гэрч, хохирогчийг нүүлгэсэн удаагүй гэсэн үг. Үүнтэй уялдаатайгаар баримт бичиг дээрх нэрийг солих аргыг хэрэглэх шаардлага гараагүй. Бодит шаардлага гарвал хуулийн ийм боломж хэрэглэнэ. Үүнийг хэрэгжүүлэх боломж хууль сахиулах байгууллагад бий. Хэзээ нэгэн цагт ийм шаардлага гарч магадгүй тул уг заалтыг хасалгүй хэвээр үлдээсэн. Эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргахад эрх зүйн орчин бэлэн байгаа. Хүмүүс, хууль сахиулагчид энэ хуулийн талаар илүү ойлголттой, яаж хэрэглэхээ мэддэг болоход манай яам анхаарч ажиллана. Тэр хэрээр гэрч, хохирогч аюулгүй болох биз ээ. Энэ хуулийн эцсийн зорилт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх юм. Ингэж чадвал гэмт хэргийг таслан зогсоож, илрүүлж, гэм буруутай этгээдэд шүүхээс ял оноож, хариуцлага хүлээлгэж чадна.