Уурхайн техникүүд зорчиход зориулан тусгайлан зассан шороон замаар тоос манарган хурдалж явах зуурт “Тавантолгой” компанийн Эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Алтангэрэл урд зүгт заан “Тэр хэдэн хар толгойг харж байна уу. Тэнд таван хар толгой байгаа. Энэ нутгийг Тавантолгой гэж нэрлэсэн нь ийм учиртай” гэж сонирхууллаа. Говийн уужим хөндийд “ургасан” таван хар толгойгоор нэрлэгдсэн энэ нутгийн газрын хэвлийд Монголын үүц баялаг бий. Монголчууд үүц баялгийнхаа үүдийг 10 жилийн өмнө нээн, өмнөд хөрш рүү коксжих нүүрс их хэмжээгээр экспортолж эхэлсэн. Тэр цагаас хойш Тавантолгой Монголын эдийн засгийн өөр нэгэн “саалийн үнээ” болсон билээ.
Монгол Улс өнгөрсөн онд 36.5 сая тонн нүүрс борлуулж, гурван тэрбум ам.долларын орлого олсон. Энэ нь манай улсын экспортын орлогын 40 хувьтай дүйсэн юм. Үүнээс гадна нүүрсний орлогоос улсын төсөвт 1.2 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлжээ. Эл үзүүлэлт манай улсын төсвийн зарлагын 10 хувьтай тэнцэнэ. Экспортын нүүрсний дийлэнхийг Тавантолгойн ордоос олборлож буй. Тавантолгойд “Энержи ресурс”, “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхай ажиллаж, 10 мянган жолооч нүүрс тээвэрлэн, түүнийг дагасан олон ажлын байр бий болсон. Говийн бүсэд ойролцоогоор 20 гаруй мянган ажлын байр бий болгодог гэж уурхайчид ярьж байна. Ингэхээр Тавантолгой Монголын эдийн засагт хэр жинтэй орд газар болох нь илэрхий ойлгогдоно.
Тавантолгойд хөл хөдөлгөөн татарчээ. “Ковид-19”-ийн халдвар дэлхий даяар хурдтай тархсан хоёрдугаар сард манай улс хилээ хаасан. Эргээд гуравдугаар сард нээсэн ч хилээр нэвтрэх нүүрс тээврийн машины тоо дорвитой нэмэгдэхгүй байгааг уурхайчид дуулгав. Олборлогч болон дамжуулан борлуулагч компаниудын уурхайгаас тээвэрлэсэн дөрвөн сая орчим тонн нүүрс Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайнуудад хуралджээ. “Энержи ресурс”-ийн баяжуулсан 800 мянган тонн нүүрс Цагаан хаданд хуралдсаныг тус компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл дуулгасан. Орон нутгийн “Тавантолгой” компаниас нүүрс худалдан авдаг харилцагчдынх нь 700 мянган тонн бүтээгдэхүүн тэнд хуралдсан гэнэ. Үлдсэн нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс.
“Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж “Нүүрснээс олох орлогыг нэмэгдүүлэхийн тулд хилээр гаргах хэмжээг нь өсгөх хэрэгтэй. Манай худалдан авагч компаниудын нүүрс Цагаан хаданд саатаж, цааш зарагдахгүй байгаа учраас тэд мөнгөгүй болсон. Тиймээс манай борлуулалт олон дахин буураад байна” гэж ярив. Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг түлхүү экспортлох бодлого баримталж байгааг уурхайчид ярьсан. Ингээд “Энержи ресурс”, “Тавантолгой” компанийн нүүрс хилээр их хэмжээгээр гарах боломж хомс болжээ. Р.Сэддорж “Хилээр 100 машин нүүрс гаргалаа гэж бодъё. Үүний 40 нь “Эрдэнэс Тавантолгой”, 30 нь “Энержи ресурс”, мөн 30 нь манай нүүрсийг тээвэрлэж байвал шударга гэж бодож байна” гэсэн юм.
Нэгэнт нүүрсний экспорт нь зогсонги байдалд орсон компаниуд зардлаа хэмнэхийн тулд үйл ажиллагаагаа хумьжээ. “Энержи ресурс” компани уурхайн хөрс хуулалт, олборлолт, баяжуулах үйлдвэрийнхээ үйл ажиллагааг ирэх сарын 1 хүртэл зогсоож, ажилчдадаа 60 хувийн цалинтай амралт олгосон байна. Тодруулбал, уурхайн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон гэсэн үг. Тэгвэл “Тавантолгой” компани хөрс хуулалтаа түр зогсоожээ. “Энержи ресурс”-ийн Ухаа худагийн уурхай дэргэдүүр өнгөрөхөд хөрс хуулалт, ачаа тээврийн машинуудаа өрсөн шагай шиг эгнүүлэн тавьсан нь харагдаж байлаа. Замын хоёр талд уурхайчдын кэмп байсхийгээд тааралдана. Кэмпийн гэрүүдийн ойролцоо хүнд даацын ачааны машин, экскаватор, бульдозер зэрэг уурхайн техник мөн л “өрөөстэй”.
Нэг уурхай үйл ажиллагаа, нөгөөх нь нүүрс хуулалтаа түр зогсоосон. Үүгээр зогсохгүй нүүрсний тээвэрлэлт багассан учраас Тавантолгойд хөл хөдөлгөөн татрахаас ч аргагүй. Уг нь нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байх үед хөрс хуулалтын овоолго руу хүнд даацын тракууд мацаж, ачаагаа дааж ядан уухилах тээврийн машины цуваа зөрөлдөж, энд ч бульдозер, тэнд ч экскаватор ажиллан, үүрээ засан гүйлдэх шоргоолж шиг бужигнан байдаг сан.
“Тавантолгой” компани хөрс хуулалтын найм, тэсэлгээний хоёр туслан гүйцэтгэгч компанитай хамтран ажилладаг гэнэ. Хөрс хуулалт зогссон учраас туслан гүйцэтгэгчид нь ажилгүй болжээ. Дээрх 10 компани нийт 1500 орчим ажилчинтай. "Ковид-19" Өвчин Монголын экспортын гол сувгийг хаагаад зогсохгүй, ажилгүйдлийг нэмэгдүүлснийг энэ жишээ бэлхнээ харуулна. Орон нутгийн "Тавантолгой"-нхон өдөрт 100-гаас доошгүй машин нүүрс ачуулдаг байж. Гэтэл нүүрсний экспортыг зогсоосноос хойш өдөрт дунджаар 10 машин нүүрс ачуулдаг болсон байна. Манай сурвалжлах баг Тавантолгойд ажилласан өнгөрсөн баасан гарагт тэднийх 50 машин нүүрс ачуулсан нь сүүлийн үеийн рекорд нь байлаа.
...“Уурхайн ажил хумигдсанаар борлуулалт хоёр дахин багассан. Гэхдээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, манай сумаас Даланзадгад руу хатуу хучилттай авто зам тавих ажил эхэлсэн. Хоёр том төсөл хэрэгжүүлж байгаа учраас орлого гайгүй байна. Энэ хоёр төслийг хэрэгжүүлээгүй бол их буурах байсан биз” гэж ярилаа...
“Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаа бусдыгаа бодвол хэвийн үргэлжлүүлж буй. Гэхдээ л хумигдсан. Тэдний Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалтын техникүүд зогсоо зайгүй ажиллаж байгаа нь харагдсан. Уг нь тэднийх нүүрсний экспортын гол компани. Гэвч улс орон даяар хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед журам, дүрмийг чандлан сахиж, уурхай дээрээ бидэнтэй уулзан мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жилийн өдийд зургаан сая тонн нүүрс экспортолчихсон байжээ. Тэгвэл өдгөө 1.1 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ он гарснаас хойш 2.6 сая тонн нүүрс олборлосон гэнэ. Тус компанийн олборлолт ч, экспорт ч ийн буурчээ.
Азийн хөгжлийн банкны эдийн засагчид Монгол Улсын нүүрснээс олох орлого цар тахлаас хойш тав дахин буурсан гэсэн тооцоо хийсэн юм. Тэдний тооцоо баттайг нүүрсний экспортын гол орд Тавантолгойн өнөөгийн ахуй байдал харуулж байна. Засгийн газар энэ онд 40 гаруй сая тонн нүүрс экспортлох зорилтыг улсын төсөвт тусгаж, түүнийгээ УИХ-аар батлуулсан. Тавантолгойн уурхайг ажиглаж, ажил ид өрнөж байсан өмнөх үетэй харьцуулж явах зуурт Засгийн газрын 40 сая тонн нүүрс экспортлох зорилт яагаад ч биелэхгүй нь гэсэн бодол төрөв. Цар тахлаас шалтгаалж, цаг үеийн нөхцөл хаашаа эргэж, манай улс хэдэн тонн нүүрс экспортолж чадах юм, бүү мэд. Их нүүрс экспортолж чадахгүй бол олох орлогын хэмжээ буурах нь тодорхой. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын сүүлчээр БНХАУ-д айлчилна. Түүний хэлэлцээрийн гол сэдэв өмнөд хөрш рүү хийх нүүрсний экспортыг нэмэгдүүлэх гэсэн. Хэлэлцээр амжилттай болбол нүүрсний экспорт жигдрэх болов уу.
Уулхайн аманд цөөн техник ажиллаж, хөрс хуулалтын тракууд хашаандаа "амарч", нүүрс тээврийн машинууд сул зогсож буй нь.
Нүүрсний экспорт багасаж, уурхайчид ажилгүй сул зогссон нь дэргэдэх айлд нь хамгийн түрүүнд нөлөөлөх нь дамжиггүй. Ажил нь саатаж, олон уурхайчин гэртээ харьснаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд буюу Тавантолгойн ордоос таван км-ийн зайд найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг Ц.Буянхүүд хэрхэн нөлөөлсөн бол. Сумынхаа төвд дэлгүүр нээгээд 10 жил ажиллуулж буй тэрбээр “Уурхайн ажил хумигдсанаар борлуулалт хоёр дахин багассан. Гэхдээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, манай сумаас Даланзадгад руу хатуу хучилттай авто зам тавих ажил эхэлсэн. Хоёр том төсөл хэрэгжүүлж байгаа учраас орлого гайгүй байна. Энэ хоёр төслийг хэрэгжүүлээгүй бол их буурах байсан биз” гэж ярилаа.
Тэгвэл Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч “Манай сумд 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Зарим аж ахуйн нэгж газрын төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүйд хүрч байна. Энэ бол байдал муудсаны илрэл. Ингэснээр сумын төсөв 10-20 хувиар тасарлаа” хэмээв. Цогтцэций сумын удирдлага орон нутгийн төсвөөрөө шинэ цэнгэлдэх хүрээлэн барихаар төлөвлөсөн байжээ. Гэвч төсвийн орлого тасарснаас шалтгаалан, өөрийн хөрөнгөөр барьж, шилжүүлэх нөхцөлтэй тендер зарлахаар болсон гэнэ. “Нүүрсний экспорт сэргэнэ гэж найдаад ийм шийдэлд хүрсэн” хэмээн Засаг дарга О.Бадарч тодотгосон. Нүүрсний эскпортын доголдол дэргэдэх сумынх нь төсөв, тэнд ажиллаж буй дэлгүүрийн орлогыг бууруулахаас эхлээд, эдийн засгийн гинжин хэлхээгээр дамжин монгол хүн бүрийн халаасанд нөлөөлөх нь гарцаагүй. Тавантолгойг тойрсон одоо цагийн төрх ийм байлаа.
Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед манай сурвалжлах баг Тавантолгойн ордод ажиллахдаа заавар, зөвлөмжийг сайтар биелүүлж, “Тавантолгой” компанийн Эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэргэжилтнээр замчлуулан ажилласныг энд дурдъя. Нүүрсний зам дагасан сурвалжилга маань Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, Цагаан хад, Гашуунсухайт боомт хүртэл үргэлжлэх болно.