Улсын баатар, хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 10.00 цагт эхэлнэ. Э.Бат-Үүл, Б.Чулуудай, ТОСК-ын гүйцэтгэх захирал асан А.Гантулга, “Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөр болон Жаргалсайхан, Гэрэлт-Од, Ё.Гэрэлчулуун, Оюунжаргал, Нарантуяа, Ш.Ганхуяг нарын гэм буруутай, эсэхийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх ёстой байсан. Гэвч тус шүүхийн танхим зай багатай тул хэргийг өөр газарт хэлэлцэх болсон гэнэ. Хэргийг нээлттэй хэлэлцэх ч нотлох баримтаар авсан материал 100 хавтас болсон, оролцогч олонтой учраас хүмүүсийг шүүх хуралд оруулах боломжгүй. Танхимын гадна дэлгэц байршуулан мэдээлэл авах боломжоор хангах аж. Тэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1-2-т заасан эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн, 22.12-1-т заасан хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан, 18.6-2-т заасан мөнгө угаасан гэх зүйл ангид зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн билээ.